Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Эдийн засаг яах вэ?

Сайжирна. Эдийн засгийг сэргээхийн тулд авахаар зэхэж буй арга хэмжээнүүдийн зах зухаас Танд дуулгая. Юуны түрүүнд Засгийн газар дахин зээлийн аянд мордох гэж байна. Энэ удаа Япон улсаас их хэмжээний иений зээл авах аж. Долларын ханшийг тогтворжуулах шинэ арга зам нь энэхүү зээл. Манай улсын экспортын хэмжээ импортоосоо давах хүртэл “тогтвортой зээлдэгч”-тэй байх бодлогыг Эдийн засгийн хөгжлийн яам хамгийн найдвартай гарц хэмээн харсан бололтой. “2015 он гэхэд манай улсын экспорт импортоосоо давна” гэж Эдийн засгийн хөгжлийн Сайд Н. Батбаяр хэлсэн юм. “Япон улс Монголд урт хугацаанд хамгийн таатай нөхцөлөөр хангалттай зээлийн шугам нээхэд бэлэн” хэмээн Сайд өгүүлэв.



Өнөөдөр Н. Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах тухай бус, харин эдийн засгийг сэргээх шинэ гарц, өөр арга барилын тухай хамтдаа мэтгэлцэх цаг юм. Н. Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах ёстой цаг нь түүний шадар хүн Дэнзэнгийн хулхи тендерийг Ардын нам илчилсэн өдөр байв. Ерөнхий сайд хуурай дүүгээ огцруулсны дараа Засгийн газрын нэр хүнд хэсэгтээ тогтворжиж. Одоо эдийн засгийн хямралтай зэрэгцүүлэн Танхимыг огцруулах давлагаа дахин дэгдээх бололтой. Улстөрийн ийм хэмжээний давлагаа босгох шалтгаан байхгүй гэж хэлье. Учир нь энэ Засгийн газарт эдийн засгийг өөр өнцгөөр харах эрүүл толгой, цоо шинэ алхам хийх гурвал байдаг. Н. Батбаяр, О. Чулуунбат, Н. Золжаргал нарын гурвалд юуны түрүүнд итгэж байна. Н. Алтанхуягт бус, харин Танхимын эдийн засгийн бодлогыг зангидаж байгаа дээрх хүмүүст итгэдэг.



Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монголбанк нэг арга барилаар, сонгодог онолдоо тулгуурлан ажиллаж иржээ. Тэгвэл өдгөөгийн Төвбанк эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулах шинэ бодлого томъёолоод даруй жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Цөөнгүй Дэд хөтөлбөр гаргаж, их хэмжээний санхүүжилтийг эдийн засагт оруулсан. Үр дүнг тайлагнах нь тэдний ажил. Төмөр замын ачаа эргэлтийн ялимгүй ч гэсэн ахиц хурд, нефть бүтээгдэхүүний нөөцийн дүн зэргийг бодит байдал дээр хараагүй, үзээгүй гэж мэлзээд яахав. Илүү үр дүн гаргахын тулд юу хийх вэ гэдгийг харин ярилцаж мэтгэлцдэг цаг биз ээ.



Чингис бондын санхүүжилтээр бодит эдийн засагт цус сэлбэлт хийсээр ирсний гол гавьяа О. Чулуунбат Дэд сайдад ногдох биз. Засгийн газрын өрийн хэмжээ түүхэнд байгаагүй өссөнийг монголчууд мэднэ. Нэмж их хэмжээний иений зээл авахаар Засгийн томчууд мордох гэж байна. Гэхдээ өрнөөс айхаас илүүтэй, тэд бидэнд яагаад зээлдүүлж буйг бас олж харахад илүүдэхгүй. Монгол улсад боломж байгааг зээлийн гарцууд харуулдаг. Тухайлбал, Япон улс зөвхөн Монголд төдийгүй эрчим хүчний шинэ эх үүсвэр болж чадах дэлхийн олон оронд иений зээл олгож, эрчмийн өлсгөлөнгөөсөө гарахыг чармайж байна. Япон улсын Ерөнхий сайд хамгийн сүүлд Арабын орнууд дахь дэд бүтцийн том төслүүдэд тус улсын тэргүүлэх компаниудыг оролцуулах тохиролцоонд хүрсэн. Яг ижил бодлогыг Монголтой харилцах харилцаандаа томъёолов. Ийм боломжийг яагаад ашиглаж болохгүй гэж. Урт хугацаатай, бага бага хүүтэй уг зээлийг валютын ханшийг тогтвортой барьж чадах нөөцтэй болох хүртлээ буюу экспорт нь импортоосоо давах болтол хугацаанд Японоос авч яагаад болохгүй гэж.



Эдийн засгийн шинэ бодлогод итгэж байгаа дараагийн шалтгаан нь үндэсний хөрөнгө оруулагчдаа Засаг хүлээн зөвшөөрч эхэлсэн явдал. Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийн төсөлд зөвхөн гадаадын шууд хөрөнгө оруулалтад хаалгаа нээх төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдадаа боломж олгох заалт цөөнгүй тусгажээ. Тухайлбал,



-Татварын тогтворжилт



-Хэдийгээр хуулийн төсөлд “дэмжлэг” гэсэн томъёолол одоогоор ороогүй боловч алслагдсан аймаг суманд, тодорхой чиглэлийн хөрөнгө оруулалт хийвэл Төрөөс дэмжлэг үзүүлэх заалт шинээр тусгаж болзошгүй.



Нийслэл хотод хөрөнгө оруулбал татвар тогтворжуулах босго нь харьцангуй өндөр, харин алслагдсан аймагт бага босго тогтоовол хүн амын төвлөрөл багасч,  эдийн засаг жигд хөгжих суурь бүрдэнэ хэмээн төслийг санаачлагч Д. Зоригт гишүүн  үзэж байна. Татварын тогтворжуулалтын хувьд зөвхөн дөрвөн төрлийн татвараас гадна мөн усны, агаарын бохирдлын зэрэг хураамжуудын хэмжээг хэт өндөр тогтоохгүй, тогтвортой төлөвлөх бололцоо олгохыг  хөрөнгө оруулагчид хүсч байна. Төлбөр хураамжийн хэмжээ нь үндсэн татвараас өндөр байж болохгүй гэсэн хуулийн ерөнхий зарчмаа бариасай гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад бий юм. Түүнчлэн, одоо цикл нь дуусаагүй, ид үргэлжилж буй уул уурхайн томоохон төслүүдэд татвар тогтворжуулах хуулийн зарчим мөн үйлчлээсэй гэсэн хүлээлт үндэсний хөрөнгө оруулагчдад бий. УИХ-ын Гишүүдийн гуравны хоёрын саналаар батлагдах учиртай уг хуульд үндэсний хөрөнгө оруулалтаа хөл дээр нь зогсоох дээрх чухал санаанууд дэмжигдээсэй.



Эдийн засгийн бодлогын шинэ хандага эерэг үр дүн авчирна гэж итгэх өөр нэг үндэслэл байна. Энэ нь эрх зүйн цогц зохицуулалтыг Намырн чуулганаар хэлэлцэх гэж байгаа явдал. Тухайлбал Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадна Хөрөнгө оруулалтын Сангийн тухай хууль болон Эдийн засгийн хөгжлийн багц хуулийн төсөл юм. Жишээ нь, Тендерийн хууль өөрчлөгдөнө хэмээн Н. Батбаяр сайд өгүүлэв. Одоогийнх шиг хямд үнэ хэлсэн нь тендерт ялдаг бус, чанар, хугацааг гол шалгуур болгон тендер шалгаруулдаг зарчим шинээр томъёологдох нь. Мөн Концессийн тухай, Хөгжлийн банкны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орох аж. Концессоор гүйцэтгүүлэх шаардлагатай том бүтээн байгуулалтуудыг Засгийн газар мөд нээлттэй зарлана. Ардын намын Засгийн газар 2009 онд том төсөл хөтөлбөрийн жагсаалт зарласан удаатай.  Монгол улсад хэрэгжүүлэх 400 гаруй том төслийн нэр тэнд багтсан байв.



Засгийн газрын бодлогын дээрх эерэг хандлагаас харахад эдийн засаг зөв замдаа аажмаар орох нь. Ойн сан, голын эх бүрдэх савд ашигт малтмалын хайгуул олборлолт хийхийг хориглосон хуулийн заалтыг  өөрчилнө гэдгээ мөн Засгийн газар мэдэгдэж байна. Хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй, хийсвэр зургаан заалттай уг хуулийг хэрэгжүүлэх механизмыг илүү тодорхой болгох шийдвэр мөд гарах аж.



Алтны арван хувийн татварыг 2.5 болгож, Сангаа зузаагтах шийдвэрийг Монголбанк зарлав. Улмаар Оюутолгойн баяжмалаас гарч буй алтыг Монголдоо авч үлдэхээр Засгийн газар тус компанитай нэг шийдэлд хүрч болзошгүй аж. Ингэж чадвал манай улсын алтны нөөц ирээдүйд 200 тоннд хүрэх боломж бий хэмээн Эдийн засгийн хөгжлийн Сайд ярьж байна. Н. Батбаярыг баалах хүн олон бий. Алтан дээр 68 хувийн татвар тавьж энэ салбарыг дампууруулах санаачлагыг Н. Батбаяр гаргаагүй хэдий ч гайг нь тэр үүрсээр ирсэн. Олны хилс үгэнд дарагдалгүй, гарц гаргасаар яваад нь түүнд талархъя. Монголын төр алтны үйлдвэрлэлийг дампууруулсан хоёр том шийдвэрээ ийнхүү эргэн харах гэж байна. Мянганбаяр гэж муу бизнесмэн байгаагүй, харин Монголын төр муухай менежмент хийснийг олон нийт ойлгохтойгоо болжээ. Цаашид төрийн алдаатай шийдвэрийн эсрэг Паушок шиг зөвхөн гадныхан Олон улсын арбитрын шүүхэд гомдол гаргадаг бус, дотоодын Арбитрын шүүхэд Монголын компаниуд зарга үүсгэх эрх зүйн шинэ орчин удахгүй бүрдэнэ. Х. Тэмүүжиний эрх зүйн шинэтгэлийн төслүүдийн хүрээнд ийм боломж бий болно. Зөвхөн Шүүхэд хандах бус, Эвлэрүүлэн зуучлах, Арбитрт хандах шинэ механизм бүрдүүлнэ гэсэн үг.



Эдийн засагт амьсгаа өгч мэдэх дараагийн алхам нь Оюутолгой, Тавантолгой ордын ашиглалтын асуудлыг Засгийн газар ба Ерөнхийлөгчийн зүгээс ойрын үед “нэг талд” нь гаргах шийдвэрээ зарлах бололтой. Оюутолгой ордын хувьд Рио Тинто компани зэсийн баяжмал худалдан авагч талтайгаа үнийн тохиролцоонд хараахан хүрээгүй, үнэ ханшийн таатай үеийг харзнаж буй хүлээлтээ дагуулан Монголын Засгийн газарт “айлгаж” байгаа тал бий. Давхар нүүдэл гэх үү дээ. Хүлээлт аль ч талд ашиггүй тул тохиролцоонд төдөлгүй хүрэх нь дамжиггүй. Харин Тавантолгой ордын ашиглалтын тухайд Ерөнхий сайдын ОХУ ба БНХАУ-д ойрын үед хийх айлчлалууд мэдээж түлхэц өгнө.  Хятадын хил дээр овоорсон нүүрсний нөөц ч ойрын хоёр сард дуусах юм. Ингэснээр манай улсын нүүрсний экспорт аажмаар сэргэнэ.



Мөн Ашигт малтмалын хуулийн шинэ төслийг энэ Намрын чуулганаар хэлэлцэх үү, үгүй бол одоогийн хуулийг ямар хугацаанд үргэлжлүүлэн мөрдөх вэ гэдгийг Ерөнхийлөгч ойрын үед тодорхой болгох нь. Энэ нь хайгуулын лиценз олголтыг зогсоосон хоригийг дахин сунгахгүй байх шийдвэртэй давхцаж болзошгүй юм.



УИХ-ын Ээлжит бус болон Намрын чуулганы эхэнд олон чухал шийдвэр гарах нь дамжиггүй болжээ. Айл өрх, аж ахуйн нэгж болгон мөнгөний гачаалд орсон өдөр эдийн засаг сэргэнэ хэмээн бичих хэцүү. Уналаа, сүйрлээ хэмээн ам нийлэн зэрэгцэж хашгирах хялбар. Алдаагаа засах гэж төр чармайж эхэлснийг итгэлийн гэрэл хэмээн харж байна. Засгийн газар “Чингис бондоо” дуусаад, “Самурай зээл” авахаар мордох нь.  Засгийн газрыг ингэж баалах амархан.  Гэхдээ энэ Засагт итгэж байна. Гарц гаргаж яваа Сайд нарт нь итгэдэг. Харин олж ирснийг нь үрж байгаа Сайд нарыг хянах ёстой. Сөрөг хүчин, хэвлэлийнхний гол үүрэг энэ. Ардчилсан намын Засгийг унагаж мэдэх гол асуудал нь долларын ханш, эдийн засгийн бууралт биш, Чингис бондын зарцуулалтын тайлан юм.







Л. Болормаа

 

 
  • Зочин (180.235.181.129)
    ТАНАЙ САЙТ СЭТГЭГДЭЛ УСТГАХАА БОЛИМООР ЮМ
    2013 оны 09 сарын 02 | Хариулах