Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 41 хувиар буурав

Монгол банкнаас өнгөрсөн долоо хоногт энэ оны эхний хагас жилийн төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлийг гаргажээ. 2013 оны эхний хоёр улиралд нэг тэрбум 463,8 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) Монгол улсад орсон байна. Энэ нь өнгөрсөн оны хагас жилийнхээс даруй нэг тэрбум 40 сая доллараар бага буюу 41,2 хувиар буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн оны эхний хагас жилд хоёр тэрбум 497,7 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байсан бол 2011 оны эхний хагас жилд хоёр тэрбум 444 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголд орж байжээ.



2013 оны эхний зургаан сарын байдлаар хамгийн бага хөрөнгө оруулалт орсон сар нь дөрөв, зургадугаар сар аж. Дөрөвдүгээр сард 135 сая, зургадугаар сард 192 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байна.



Мөн Төв банкнаас долдугаар сарын төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийн мэдээг гаргасан байна. Уг мэдээгээр долдугаар сард 172 сая долларын ГШХО орсон хэмээн бүртгэгджээ. Өнгөрсөн оны долдугаар сард 496 сая долларын ГШХО Монголд орж байсантай харьцуулахад энэ оны долдугаар сарын үзүүлэлт 66 хувиар буурсан байна.




С.Болд-Эрдэнэ