Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний
эх үүсвэртэй болох асуудал дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа билээ. Тиймдээ
ч сэргээгдэх эрчим хүчний нөөц, хэрэглээг нэмэгдүүлэх, хөгжүүлэх бодлогыг улс
орнууд баримталж эхлээд буй. Монгол улсын хувьд эрчим хүчний эх үүсвэрийн арвин
нөөцтэй. Тэр дундаа нар, салхи, ус, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эрчим
хүчний нөөц бололцоо ихээхэн бий. Байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засгийг хөгжүүлэх
зорилтын хүрээнд Шинэчлэлийн Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчийг эдийн
засгийн тэргүүлэгч салбарын нэг болгон хөгжүүлэхээр зорьж байна.
Энэ оны
нэгдүгээр сард Эрчим хүчний сайд Д.Сономпил Олон улсын сэргээгдэх эрчим хүчний
агентлагийн /ОУСЭХА/ III ассамблейд
оролцох үеэрээ Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын судалгаан дээр тус
агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар “Сэргээгдэх эрчим
хүчний бэлэн байдал” хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар
болжээ. Өнөөдөр эхэлж байгаа уг арга хэмжээг нээн IRENA-гийн газрын дарга
хатагтай Гаури Сингх, Энэтхэгийн Сэргээгдэх эрчим хүчний сайдын үүргийн дагуу
зочилж буй Газрын дарга болоод Ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эрчим хүчний яамны
Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Товуудорж нар илтгэл тавьсан
юм.
Монголд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд нэн түрүүнд бодит
нөөцийг тогтоох хэрэгтэйг мэргэжилтнүүд илтгэлдээ онцолж байв. Манай улсын одоогийн
нөөцийг судлан нэмэгдүүлэхэд Япон улсын зүгээс тусламж дэмжлэг үзүүлэх санал
тавьсан тухай Ногоон хөгжлийн сайд илтгэлдээ дурдсан юм. Мөн сэргээгдэх эрчим
хүчийг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх боломжийн
талаар тэрээр өгүүлэв. Гадаадын мэргэжилтнүүд Монгол улстай адил далайд гарцгүй
орон сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэн экспортлох туршлагаас хуваалцаж байлаа.
Монгол улс сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлснээр цаашлаад Зүүн хойд
Азийн бүс нутагт нийлүүлэх боломжтойг гадна дотны мэргэжилтнүүд онцолсон юм.
Манай улсын эрчим хүчний өнөөгийн хомсдолыг багасгах, хэрэглээний үнийг буруулах нэг томоохон боломж бол үнэгүй, тогтмол нөөц бүхий сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх, энэ салбарыг хөгжүүлэх явдал юм. “Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” хэлэлцүүлгийн эхний өдөр салбар гурван хуралдааныг зохион байгуулав. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээгээр Монгол улсад тус салбарыг хөгжүүлэх нөхцөл, нөөц боломж, бэрхшээлийн талаар гадны төлөөлөгчид манай мэргэжлийн байгууллагуудтай санал солилцон, хэлэлцэхээр төлөвлөжээ.
Э.Од