Европ, Хятадын эрэлт өсөх сургаар зэс “хүчирхэгжих” замдаа оровЗэсийн үнэ өнгөрсөн долдугаар сарын эхнээс авахуулан эрчимтэйгээр унаж нэг тонн нь 7000 ам.долларт ч хүрэхгүй болчихоод байсан бол наймдугаар сарын сүүлээр харьцангуй өсч эхлээд байна. Үүнд Хятад, Европ, АНУ-ын эдийн засгийн байдал харьцангуй сэргэх хандлагатай болж байна гэсэн мэдээлэл цацагдсан нь голлон нөлөөлсөн юм. Тодруулбал, Хятадын аж үйлдвэрлэлийг тодорхойлогч гол үзүүлэлтүүдийн нэг болох PMI-ийн наймдугаар сарын дүн сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч, 50.1 гарчээ. Мөн АНУ-ынх ч энэ наймдугаар сард өсөлттэй гарч, сүүлийн таван сарын хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт буюу 53.9-д хүрчээ. Мөн Евро бүсийн PMI үзүүлэлт ч нааштай гарч, сүүлийн 26 сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт буюу 51.7-д хүрчээ.
Зэсийн гол эрэлтийг бүрдүүлдэг Хятадын зэсийн импорт сүүлийн гурван сарын турш дараалан өсч, өнгөрсөн долдугаар сарын байдлаар 8.1 хувиар нэмэгдэж, 292 мянган тоннд хүрсэн нь сүүлийн 14 сарын хугацаан дахь импортын хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Лондоны металын биржийн агуулах дахь зэсийн нөөц ч наймдугаар сарын дундуур нэлээд буурч, зургадугаар сард 680 мянган тонн байснаасаа 564 мянган тонн болж багасчээ.
Мөн дэлхийд зэсийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Чилийн зэсийн хамгийн том төрийн өмчийн компани болох Codelco нэлээд том зорилттойгоор ажиллаж байна. Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, хэдийгээр зах зээл тааруухан байгаа ч ойрын таван жилийн хугацаанд зэсийн уурхайгаа өргөжүүлэхээр 27 тэрбум ам.долларын санхүүжилтийг олон улсын зах зээлээс босгохоор төлөвлөж буй ажээ. Мөн жилийн 4.5 хувийн хүүтэй 750 сая долларын бондын санхүүжилтийг хэдийнэ босгоод буй ажээ. Энэхүү төлөвлөгөөнөөс нь үзэхэд тус компани зэсийн зах зээлийн ирээдүйд ихээхэн итгэлтэй байгаа нь харагдаж байна. Нөгөөтэйгүүр, ийнхүү бонд босгоход тус улсын Засгийн газар ирэх онд тус компанид хийх байсан 4.2 тэрбум долларын санхүүжилтийг 1 тэрбум доллар болгож бууруулсан явдал нь ихээхэн нөлөөлжээ. Үүнээс гадна Чилийн компанийн зээлжих зэрэглэлийг Standard & Poors хоёр шатлалаар ахиулж, AА болгожээ.
BNP Paribas-ийн шинжээч Стефен Бриггс зах зээлийн төлөв байдал сайн тал руугаа эргэж байна, Гэхдээ энэ нь зөвхөн Хятад биш, үүнд бас Европын төлөв байдал ч нөлөөлж байна гэжээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд харьцангуй удаашралтай байгаа Хятадын эдийн засгийн өсөлт тогтворжих хандлагатай болж буйг олон улсын шинжээчид тэмдэглэж байна. Энэ нь бараг уналтад ороод байсан эрдсийн зах зээл, тэр дундаа зэсийн зах зээлийг тогтворжуулах хөшүүрэг болж байна. Гэхдээ наймдугаар сарын үзүүлэлтийг шинжээчид гайхамшиг бус харин эдийн засгийн уналт ирэхгүйн нэгэн баталгаа болж байна хэмээн тайлбарлаж байна.
Нөгөөтэйгүүр, эдийн засгийн байдал нь харьцангуй тогтворжиж буйтай холбоотойгоор АНУ-ын Холбооны нөөц өсөлтийг эрчимжүүлэх арга хэмжээгээ сулруулж магадгүй гэсэн сургаар зэсийн үнийн өсөлт бага зэрэг саарч байна гэсэн дүгнэлт ч хөрөнгө оруулагчдын дунд түгж буй юм. Хэрэв Холбооны нөөц эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэх ажиллагаагаа султгавал зэсийн үнэд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй юм. Мөн ирэх жилүүдэд зэсийн үйлдвэрлэл эрчимтэйгээр нэмэгдвэл нийлүүлэлтийн илүүдэл зах зээлд үүсэх нь тодорхой. Энэ нь зэсийн үнэ буурах бас нэгэн хүчин зүйл болох юм. “Ройтерс”-ийн судалгаагаар энэ жил зах зээлд зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ 153 мянган тонноор давахаар байгаа нь өнгөрсөн 2012 онд уг үзүүлэлт 98.5 мянган тонн байсантай харьцуулахад нэлээд өссөн үзүүлэлт болж байна. Түүнчлэн ирэх онд уг үзүүлэлт бүр өндөр буюу 368500 тоннд хүрэхээр байна.
Macquarie-ийн судалгаанд дурдсанаар энэ жил зэсийн компаниудын үйлдвэрлэл 4 хувийн өсөлттэй байгаа нь сүүлийн арван жилийн дунджаас хоёр дахин өндөр байгааг тэмдэглэжээ. Тухайлбал, Glencore-Xstrata-гийн зэсийн үйлдвэрлэл энэ оны эхний хагасын байдлаар 20 хувиар өсөөд буй ажээ.
Ийн эерэг, сөрөг шалтгаан байгаа ч наймдугаар сарын дундуур Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7300 ам.доллараас давсан явдал том итгэл найдвар авчирч буй юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр үндсэндээ 16 хувиар уналтад ороод байсан зэсийн үнэ маш өндөр буюу наймдугаар сарын 15-ны мягмар гаригийн байдлаар 7354 ам.доллар тонн болсон нь ихээхэн амжилт юм. Энэ нь зэсийн үнэ наймдугаар сарын эхний хоёр долоо хоногийн хугацаанд үндсэндээ 9 хувиар өссөн гэсэн үг. Үүнд Хятад, Европын холбооны зэсийн эрэлт нэмэгдэнэ гэсэн өөдрөг таамаглал голлон нөлөөлжээ.
Европын холбооны албан ёсны статистикийн агентлагийн мэдээлж буйгаар оны эхний хагасын байдлаар Европын холбооны эдийн засгийн өсөлт 0.3 хувьтай гарчээ. Энэхүү өсөлт нь хүлээгдэж байсан үр дүн давж биелснийг харуулж буй ажээ. Эдийн засагчдын тооцоолж байснаар бол энэ хугацаанд тус бүс нутгийн эдийн засаг 0.2 хувиар өснө гэсэн таамаг гаргаад байсан байна. Энэхүү мэдээлэл Европын эдийн засаг нэг жил хагасын дараа өсөлт нь эргэн сэргэж эхэлснийг гэрчиллээ хэмээн олон улсын хэвлэлүүдээр онцолж байна. Энэ нь зэс төдийгүй бусад эрдсийн үнэ ханшид ч сайнаар нөлөөлж эхлээд байна.
HSBC энэ жилийн байдлаар зэсийн үнэ дунджаар нэг тонн нь 7500 ам.доллар байна гэж тооцоолж байгаа бол ирэх жил бага зэрэг өсөлт гарч, 8000 ам.долларт хүрнэ гэж харж байна. Харин Goldman Sachs-ын тооцоолж буйгаар энэ жил зэсийн үнэ 7000 ам.доллар, харин ирэх жил 6600 ам.доллартай байна гэсэн нэлээд гутранги дүгнэлтийг хийгээд байна. Citi банкны тооцоолж буйгаар энэ жил зэсийн дундаж үнэ 7200 ам.доллар байх бол ирэх онд 6500 ам.доллар байхаар байна. Гэхдээ эдгээр нь зургаа, долдугаар сард гаргаж байсан үнийн таамаглал юм. Хэрэв зах зээлийн байдал энэ эрчээрээ сайжирвал үнийн таамаглалуудаа судалгааны байгууллагууд эерэгээр өөрчлөх нь тодорхой юм.
Коксжих нүүрсний зах зээл он гармагц сэргэх “найдвар” харагдаж байнаКоксжих нүүрсний худалдан авагч талын (Хятад) боомтын эрэгт хүргэх нөхцөлтэй буюу CFR үнэ наймдугаар сарын 20-ны байдлаар Австралийн боомтууд дээр 144-156 ам.доллар/тоннын хооронд хэлбэлзэж байв. Харин эрэг дээрээс хөлөг онгоцонд ачих хүртэлх буюу FOB үнэ 130 ам.доллартай байв. Энэ бол коксжих нүүрсний үнэ өнгөрсөн зургаа, долдугаар сарынхаас тонн тутамдаа 10 орчим ам.доллараар өссөн үзүүлэлт болж байна. Түүнчлэн Японы ган үйлдвэрлэгчид болон Австралийн экспортлогчдын хоорондын гэрээт үнэ өнгөрсөн улиралд 175 ам.доллар/тонн байсан нь энэ улиралд 145 ам.доллар/тонн байхаар тохироод байгаа юм.
Коксжих нүүрсний зах зээл сулхан байгаа нь Хятад, Японы эрэлт багассантай ихээхэн холбоотой юм. Тухайлбал, Японы гангийн компаниудын үйлдвэрлэл энэ оны эхний хагасын байдлаар бараг өсөөгүй бөгөөд харин тэдгээрийн нүүрсний агуулах дахь нөөцийн хэмжээ 8 хувиар өсчээ. Хятадын хувьд хэдийгээр коксжих нүүрсний импорт нь оны эхний хагасын байдлаар 7 хувиар өссөн боловч энэ нь үйлдвэрлэл өссөн шалтгаанаас бус харин дотоодын олборлолт буурснаас үүдэлтэй ажээ. Тус улсын коксжих нүүрсний олборлолт оны эхний хагасын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 4 хувиар буурчээ.
Эдгээр шалтгаанаас үүдэн коксжих нүүрсний үнийн өсөлтөд зах зээл судалгааны байгууллагууд итгэлгүй байгаа ч ирэх онд өсөлт гарч магадгүй, үгүй гэхэд энэ оныхоос илүү үнэлгээнд хүрнэ гэж таамаглаж байна. Нөгөөтэйгүүр ес, аравдугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд коксжих нүүрсний үнэ харьцангуй өсөх таамаг ч байна. Учир нь Хятадын ган үйлдвэрлэгчид энэ үеэр агуулахын нөөц бүрдүүлэлт хийх ажээ.
Коксжих нүүрсний үнэ энэ онд 156 ам.доллар/тонн, ирэх онд ялимгүй өсч 160 ам.доллар/тонн байна гэсэн таамгийг JP Morgan-ий зах зээлийн шинжээчид өнгөрсөн зургадугаар сард бууруулан гаргасан урьдчилсан таамаглалдаа тусгажээ.
Macquarie банкны хувьд коксжих нүүрсний энэ оны хоёрдугаар хагасын үнийг 13.4 хувиар бууруулж, 145 ам.доллар/тонн болгожээ. Харин HSBC энэ онд коксжих нүүрс нэг тонн нь 158 ам.доллар, ирэх онд 163 ам.доллар тонн байна гэж таамаглаж байна.
Хамгийн гутранги төсөөллийг ABN, AMRO зэрэг байгууллага дэвшүүлээд байгаа юм. Тэдгээрийн үзэж буйгаар энэ онд коксжих нүүрсний FOB үнэ 144 ам.доллар/тонн байх бөгөөд ирэх онд үргэлжлэн буурч 135 ам.доллар/тонн байна гэжээ.
Харин хамгийн өөдрөг таамаглал дэвшүүлээд буй CIMB Group болон Wilson HTM-ийн шинжээчдийнхээр бол энэ онд коксжих нүүрсний үнэ 181 ам.доллар/тонн, ирэх 2014 онд 213 ам.доллар/тонн байх төлөвтэй буйг илтгэжээ.
Зах зээл судалгааны байгууллагуудын урьдчилсан таамгийг дундажлан авсан дүнг танилцуулдаг Metal Expert Consulting-ын тайланд дурдсанаар энэ онд коксжих нүүрс 165 ам.доллар/тонн, ирэх онд 176 ам.доллар/тонн байх төлөвтэй байна.
Коксжих нүүрсний зах зээлийн хувьд сэргэлтийн үе хараахан ирээгүй байгаа ч ирэх он гармагц нөхцөл байдал илүү эерэг болж өрнөнө гэсэн хүлээлт зах зээл шинжээчдийн дунд давамгайлж байна.
Төмрийн хүдрийн зах зээл Хятадын нөлөөгөөр сайжирч эхлэвЭнэ сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар дэлхийн зах зээлд нэг тонн төмрийн хүдрийн үнэ 139 ам.долларт хүрсэн нь сүүлийн таван сарын хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд бараг хүрсэн явдал байв. Ийнхүү үнэ өссөн нь Хятадын гангийн үйлдвэрүүд хэрэглээний оргил үе буюу намрын ид бүтээн байгуулалтыг угтаж нөөц бэлтгэсэнтэй холбоотой ажээ. Түүнчлэн Хятадын гангийн үйлдвэрлэл наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар 2.14 сая тонн/өдөр байсан нь өмнөх арав хоногийн байдалтай харьцуулахад бараг 3 хувийн өндөр үзүүлэлт байсан юм. Энэ тухай Хятадын ган, төмрийн холбоо мэдээлжээ. Гэхдээ наймдугаар сарын 24-ний байдлаар Хятадын гангийн үйлдвэрүүд зах зээл сэргэх эсэхийг ажиглах тал нь давамгайлж буйтай холбоотойгоор төмрийн хүдрийн нөөц бүрдүүлэлтээ удаашруулж, улмаар түүхий эдийн үнэ ялимгүй буурах хандлагатай болж байна гэсэн мэдээлэл цацагдаад байна.
Гэхдээ төмрийн хүдрийн үнэ зургадугаар сарын үеэр 113-120 ам.доллар/тонн болж буураад байсантайгаа харьцуулахад нэлээд өсч, уг түүхий эдийн зах зээл сайжраад буй юм.
Урт хугацаандаа төмрийн хүдрийн үнэ ямар байх тухайд олон улсын зах зээлийн судалгааны байгууллагууд янз бүрийн байр суурьтай байна. Platts-ын хувьд энэ жил төмрийн хүдрийн үнэ 110-120 ам.доллар/тоннд хэлбэлзэнэ гэж үзэж байна.
Харин Credit Suisse нэлээд сөрөг таамаглал дэвшүүлсэн бөгөөд төмрийн хүдрийн үнэ нэг тонн нь энэ онд 114 ам.доллар, ирэх онд 98 ам.доллар болж буурна гэж үзжээ. Эсрэгээр илүү өөдрөг таамаглалыг ч дэвшүүлэх байгууллагууд байгаа юм. Тухайлбал, HIS Global Insight-ийн таамаглалаар энэ онд төмрийн хүдрийн үнэ 142 ам.доллар/тонн, ирэх онд 148 ам.доллар/тонн болж нэмэгдэх төлөвтэй байна.
Энэ сарын эхээр Хятадын гангийн үйлдвэрүүд агуулах дахь нөөцөө эрчимтэй нэмэгдүүлж эхэлсний нөлөөгөөр төмрийн хүдрийн үнэ өссөнийг дахин тэмдэглэе. Үүнээс гадна Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах бус харин тогтворжиж эхлэх тал руугаа хандаж магадгүй гэсэн өөдрөг таамаглал шинжээчдийн горьдлогыг ч нэмэгдүүлээд байна. Тухайлбал, “Ройтерс”-ийн судалгааны баг оны хоёрдугаар хагаст төмрийн хүдрийн үнэ тонн тутам нь 120 ам.доллар байна гэж үзэж байсан бол одоо 125-130 ам.доллар, түүнээс ч илүү үнэлгээтэй байна гэж харж байна. Мөн Standard Chartered-ын хувьд оны гуравдугаар улиралд төмрийн хүдрийн үнэ 112 ам.доллар байна гэж таамагласан байсныг 130 ам.доллар, энэ оны ерөнхий таамгаа 128 ам.доллар байсныг 133 ам.доллар болгон өөрчилжээ.
Б.Төгсбилэгт