Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Бодлогын баримт бичиг чиглэлүүдээ зөв тодорхойлсон, гэхдээ...



Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Бид энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулах нөр их ажлын явцад  Ерөнхийлөгчөөс санаачилсан  Ашигт малтмалын тухай хуулийн төслийг  нэг ч удаа сөхөж хараагүй. Хууль харж  Бодлого гаргах нь зарчмын хувьд буруу юм” хэмээн тайлбарласан.

Уул уурхайн яамнаас төслөө УИХ-д өргөн бариад байгаа билээ. Наадмын өмнөхөн Эдийн засгийн байнгын хороогоор уг төслийг хэлэлцүүлэх явцад нэлээд санал шүүмж өрнөсөн ба  М.Энх-Амгалан гишүүн  төрийн оролцоо их байгааг, гишүүн Я.Содбаатар хүрэх үр дүн тодорхой бус, өмнөх төслийг бодвол тоо баримт дутуу дулимаг тусгагдсан хэмээн шүүмжилжээ.
Гэхдээ нэгэнт боловсруулсан Бодлогын төслийг  сайжруулах нь юу юунаас чухал тул УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд байгуулагдсан Ажлын хэсэгт  уул уурхайн салбарын төрийн бус таван байгууллага нэмэгдэн орж ажиллаж, чиглэл чиглэлээрээ саналууд аваад эхэлсэн байна.  Ирсэн санал бүрийг Байнгын хорооны гишүүд мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар нарийвчлан  шүүж,  төсөлд тусгах ба илүү боловсронгуй болсон Бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцэн батлах учиртай.

Нэгэн зүйлийг онцлон хэлэхэд энэхүү Бодлогын төслийг  шинээр гарч  байгаа томоохон баримт бичиг хэмээн тайлбарлаж буй  нь буруу юм.   Геологи, эрдэс баялгийн салбарт 2000-2012 онд баримтлах баримт бичиг нэгэнт бий. Үндсэн бүтцийн хувьд одоогийнхтой төстэй  төдийгүй Геологи, Олборлох, Боловсруулах салбарт баримтлах чиг баримжааг тодорхой тусгасан, үр дүнтэй баримт  бичиг байсаар ирсэн билээ.

Түүнээс гадна Д.Зоригт сайдын үед боловсруулсан эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын төслийг  уриа лоозон, тунхгийн шинж чанар давамгайлсан, утга агуулга хэт бүрхэг, салбарын асуудлыг бүрэн хамарч чадаагүй хэмээн шүүмжилдэг хэдий  ч үнэндээ тухайн үед олигтойхон  баг гарган ажиллуулаад, дэмжээд өгчихсөн бол часхийсэн зүйл гарч ирэх  байлаа хэмээн салбарын мэргэжилтнүүд хэлдэг нь оргүй зүйл биш. Тиймдээ ч  Уул уурхайн яам  дээр  Б.Батхүү даргаар ахлуулсан Суурь судалгааны буюу бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсэг  өмнөх бодлогын баримт бичгийн төслийг сайтар судлан төгөлдөржүүлжээ.

Өнгөрсөн хавар Иргэний танхимд болсон хэлэлцүүлэг дээр Төрийн тэргүүн олон нийтэд ил болгосон Ашигт малтмалын хуулийн төслөө эргүүлэн татаж, эхлээд Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо гаргах чиглэлийг салбарынханд өгснийг эргэн саная. Энэ нь Ерөнхийлөгчийн зүгээс салбарын хөгжлийн бодлогыг яаралтай батлах санаачилга гаргаснаараа үнэхээр анхны дорвитой алхам юм.

“Ашигт малтмалын хуулийг хэчнээн удаа боловсруулан хэрэгжүүллээ ч эрдэс баялгийн салбарыг зохицуулсан, холыг харсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, төрийн цогц зөв бодлогогүй бол буруу  тийшээ явчихна” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  үзэж, ийм шийдвэр гаргасныг салбарынхан талархан хүлээж авсан. Ингээд өмнөх сайдын үед  боловсруулсан Бодлогын баримт бичгийн төсөл дээр ажилласан мэргэжлийн хүмүүс мөн бүрэлдэхүүнээрээ шинэ төслийг боловсруулах  судалгааны их аянд морджээ.

Юутай ч тэд Бодлогын чиглэлүүдээ зөв тодорхойлжээ гэсэн эхний үнэлгээг салбарынхан өглөө.  Мэдээж засч сайжруулах зүйл  их байгаа. Өнөөдөр Монголын  уул уурхайн  салбар бүтцийнхээ хувьд огт өөр болсон. Уул уурхайн яам  геологи хайгуул, олборлолтоо,  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам боловсруулалтаа  хариуцаж байна.

Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийг хариуцсан Яам нь хайхраасай

Уул уурхайн яам өөрийн  хариуцсан геологи, хайгуул, олборлолтын чиглэлүүдээ  Бодлогын төсөлд дориухан тусгажээ. Энэ тал руугаа мэргэжлийнхнийг түлхүү хамруулж  ажиллуулсан нь төслөөс бэлхнээ харагдана. Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Бодлогын төсөл дээр сайн ажиллаагүй, анхаарал маш бага тавьсан нь ажиглагдав.

“Боловсруулах үйлдвэрлэлийн хүрээнд” гэсэн бүлгийг аваад үзэхэд  ердөө дөрөвхөн зүйлийн бүрхэг зүйл заалт тусгагджээ. “Энэ хэсэг дээр бид Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас  саналууд хүлээж байгаа” хэмээн Б.Батхүү  хэллээ.
Уг нь  Монгол улсын  хөгжлийн үндсэн   чиг баримжаа нь боловсруулах үйлдвэрлэл байж, энэ талын тоон  үзүүлэлтүүд тодорхой тусгагдах учиртай.  Өөрөөр хэлбэл, боловсруулах, баяжуулах үйлдвэрийн хэтийн төлөв, одоогийн байдалд дүн шинжилгээ хийгээд, чухам юу нь болж, юу нь болохгүй байгааг тодруулж, хөрш орнуудад хэчнээн хэмжээний  түүхий эд нийлүүлэх, цаашлаад боловсруулсан бүтээгдэхүүнийг зах зээлийн шаардлагаас хамаарч хэрхэн ямар замаар нийлүүлэх зэргийг тодорхой тусгасан байх ёстой сон. Төрийн бодлого уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл дээр хэрхэн гарч ирэх нь  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хариуцлагын асуудал болж таарч байна.

Нөгөөтэйгүүр уг Бодлогын баримт бичигт хатуу эрдэс баялаг буюу нүүрс, түүнтэй холбогдох геологи, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны зохицуулалт  нэлээд тусчээ.  Харин уран,  газрын тос, устай  холбоотой зохицуулалтууд  огт байхгүй. Эдгээрийг төсөлд заавал  тусгаж оруул хэмээн Эдийн засгийн байнгын хорооны анхны хэлэлцүүлэг дээр цөөнгүй гишүүн байр сууриа илэрхийлсэн ч тус тусдаа өөр өөрийн зохицуулдаг хуультай, хариуцсан Агентлагуудтай учир Бодлогын баримт бичигт оруулах боломжгүй хэмээн Ажлын хэсэгт багтсан мэргэжлийн зарим хүмүүс  тайлбарлажээ.
Дашрамд,  Уул уурхайн болон  Хууль зүйн сайд хамтарсан тушаал гарган, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын  баримт бичгийн төслийн хүрээг тодорхой зааж өгсөн юм. Тиймээс Бодлогыг үзэл баримтлалынх нь  хүрээнд  боловсруулахаас биш, хаа  хамаагүй  зүйлүүдийг холиод оруулж болохгүй гэсэн  тайлбарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд мэргэжлийн хүмүүс мөн л өгчээ.

Түүнчлэн энэхүү Бодлогын баримт бичгээс анзаарагдсан нэг зүйл нь  гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг  хөндсөн заалт  багатай, гадаад дотоодын гэж ялгахгүйгээр татвар, хууль эрх зүйн орчинд ч адил тэгш  зарчимтай гэсэн заалтууд нэлээд байна.

Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний компаниудаа дэмжихэд түлхүү анхаарч, гадаадын хөрөнгө оруулагчдад илүү   хяналт, тодорхой хязгаарлалт тавих асуудлыг тусгасан байсан билээ.  

Геологийн  салбарыг түлхүү анхаарчээ

Төрөөс баримтлах бодлогын үндсэн гурван хэсэг байгаагийн нэг нь Геологи, хайгуулын салбар. Ерөнхийд нь авч үзвэл, геологийн салбарын чиглэлд өмнөхөөсөө онцлог гэж хэлж болохуйц хэд хэдэн дэвшил гарчээ. Тухайлбал, геологийн судалгааны ажилд улсын төсвөөс зарцуулах хөрөнгийг жил бүр нэмэгдүүлэх замаар геологийн зүй тогтол, ашигт малтмалын тархац, байршлын зүй тогтлоо судална гэсэн үг.

Түүнчлэн геологийн ажлуудыг ямар стандарт, шаардлагуудыг хангаж гүйцэтгэх юм, геологи хайгуулын ажлын судалгаанаас үүсч байгаа мэдээллийг хэрхэн баяжуулж хөгжүүлэх вэ, энэ бүхнийг хэн хийж гүйцэтгэхийг ч тодорхой тусгаж өгчээ.
Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт “1:50.000-ны геологийн зураглалын  /реоганал судалгаа/ ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр  гүйцэтгэж, үүнийгээ жил бүр тасралтгүй нэмэгдүүлнэ.   

Монгол улсын хэмжээний реоганал судалгааг газрын гадаргуугийн түвшинд хийхээс илүүтэй гүн рүү бас чиглүүлье гэсэн зарчим бодлогын төсөлд  суусан.  Иймээс 1:200.000-ны геофизикийн ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр  бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд хийнэ. Үүн дээрээ үндэслэн, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гүний тогтцыг судлан тогтоож,  ашигт малтмал, геологийн нарийн судалгаануудыг  зэрэгцүүлж  хийнэ. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгээд байгаа геологийн  зураглалын ажлыг хэн гүйцэтгэх вэ гэдэг дээр нэлээд анхаарсан.

Ийм учраас үндэсний хэмжээнд геологийн зураглалын ажлуудыг хийх, газрын хэвлийн нэгдсэн Мэдээллийн сан бий болгох, хөтөлдөг, баяжуулдаг, түүн дээрээ боловсруулалт хийдэг, үүний үндсэн дээр үнэлэлт дүгнэлт өгч, төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, ард иргэдийг мэдээллээр хангах түвшний үндэсний Геологийн албыг байгуулах асуудал мөн орсон” хэмээн  ярилаа.

Тэрбээр мөн “Тусгай зөвшөөрлийг анхнаасаа олгохдоо   уул уурхайн салбар хөгжиж болох чиглэл  рүү олгоно. Төрөөс тодорхой газрыг зааж өгөөд тэр талбайд  хайгуулаа хийж болно, тэндээсээ юм олбол үйл ажиллагаа үргэлжлүүлэн  явуулж  ашигт малтмалаа олборлох боломжтой” гэлээ.

Нөгөө талаас тусгай зөвшөөрлийг дэд бүтэц харьцангуй сул хөгжсөн, хүн амын  суурьшил багатай, тухайлбал баруун, зүүн бүс, баруун өмнөд, зүүн өмнөд гэсэн чиглэл рүү геологи хайгуулын ажлуудыг  төлөвлөж,  тусгай зөвшөөрөл олгох бодлогын чиглэлүүдийг баримталж  буй ажээ.

Бодлогын төсөлд суусан зарчмын нэг том өөрчлөлт нь геологи,  хайгуулын ажил уул уурхайн олборлолтоос даруй 10-20 жилийн өмнө  түрүүлэн хөгжиж, үүний араас олборлолт, боловсруулалтын ажил явах ёстой гэдэг бодлогын том  концепци.
Гэхдээ уг Бодлогын баримт бичигт геологи, хайгуулын ажилтай холбоотой олон чухал зүйлүүд  тусгагдаагүй хэмээн салбарынхан шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал Геологи, эрдэс баялгийн салбарт 2000-2012 хүртэл баримтлах баримт бичигт 1:50.000 масштабын зураглал 2012 он гэхэд Монгол улсын нутаг дэвсгэрийн 30 хувийг хамарсан байна, үүнтэй холбоотойгоор улсын төсвөөс зарцуулах хөрөнгө оруулалт 4-6 тэрбумд хүрнэ хэмээн товч тодорхой заасан байж.
Гэтэл Бодлогын шинэ баримт бичигт 1:50.000-ны геологийн зураглалын ажлын хэмжээг Монгол улсын нутаг дэвсгэрийн 40 хувьд хүргэнэ гэсэн ч үүнд яг хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь тодорхойгүй үлджээ.

Ер нь манайх шиг өргөн уудам нутагтай улсад гадны хөрөнгө оруулагчид болон хувийн компаниуд барагтай бол анхан шатны геологийн эрэл,  зураглалын ажлыг хийхгүй. Зөвхөн нарийвчилсан эрэл хайгуул хийдэг олон улсын туршлага бэлхнээ байна. Өндөр хөгжсөн орнуудад  геологийн нарийвчилсан зураглалын ажлуудыг зөвхөн төсвийн санхүүжилтээр  хийдэг. Тиймээс Бодлогын төсөлд энэ ажилд   төсвийн санхүүжилт хэдий хэр  байх нь тодорхой бус. Өмнө нь боловсруулан  Бодлогын баримт бичгийн төсөлд энэ бүхнийг бүс нутгаар нь заасан төдийгүй  геологийн зураглалын ажлуудыг хийхдээ баруун бүсийн тийм аймаг, сумдыг хамруулна, зүүн болон говийн бүсийн тэр газрыг оруулна хэмээн  тодорхой заасан байсан.

Тиймээс салбарын мэргэжилтнүүд  Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа геологийн зураглалын ажлын түвшин өнөөдөр ямар байгаа, цаашид хаана   хийх ёстой, ирээдүйд ашигт малтмалын илэрцүүд хаанаас гарах боломжтой, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд энэ бүхнийгээ дагаж хэрхэн хийгдэх   зэргийг цогцоор  тусгасан байх ёстой хэмээн үзэж байгаа юм.

Тэдний хэлж буйгаар энэ бүхэн Засгийн газруудын Мөрийн хөтөлбөрт төсөв санхүү­жилттэйгээ тодорхой суугаад явах учиртай ажээ.

Стратегийн ордуудыг нэмж бүртгэх үү

Бодлогын баримт бичигт “Стратегийн ач холбогдол бүхий орд” гэсэн маргаантай томьёолол дахин орж иржээ. Тухайлбал,   
Цацраг идэвхит элементүүд (U, Th), газрын ховор элемент, гүний ус болон олон улс, бүс нутгийн зах зээлд өрсөлдөх чадвартай, их хэмжээний нөөцтэй алт, нүүрс, төмөр, зэсийн зарим ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулж тэдгээрийн хайгуул, олборлолт, боловсруулалтын ажлыг төрийн оролцоотой хийж гүйцэтгэх” гэсэн 3.3.2 дугаар зүйлд Стратегийн ач холбогдол бүхий орд гэх томьёолол тодоос тод дурдагджээ.

Бодлогын баримт бичиг, Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал нь “Стратегийн ач холбогдол бүхий орд” хэмээх томьёоллын тухайд нэгдсэн ойлголтоор зангидагдсан, хоорондоо нягт уялдаатай байх ёстой.

Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж,  салбарынхны дунд олон ч удаа нээлттэй хэлэлцсэн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Стратегийн ач холбогдолтой орд” гэсэн нэр томьёог хуулиас нэг мөр хасах үзэл санаа суусан.

Гэтэл одоо мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд Стратегийн ордуудыг  тодорхой шалгуураар нэмж бүртгэх зүйл заалт бий бөгөөд үүнийг Уул уурхайн яам чандлан баримталсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, Стратегийн ордод шинээр 30 орд нэмэх санал боловсруулан УИХ-аар шийдвэрлүүлэхэд бэлэн болсноо хэдхэн сарын өмнө зарласан билээ. Үүнээс үүдэн Монголд хөрөнгө оруулахаа азнаж, үргэж холдсон гадаадын хөрөнгө оруулагч ч цөөнгүй бий.

Өнгөрсөн жилүүдэд 39 ордыг Стратегийн ангилалд оруулахаар яригдаж байсан ч тооцоо судалгаа, үндэслэл муу гэсэн шалтгаанаар хойшлуулж байсан. Тэгвэл эдүгээ 39 биш, 30 ордыг нэмснээр Монгол улс Стратегийн 45 ордтой болох цаг ойртож байна.

Үүнтэй холбоотойгоор улсын төсвийн хөрөнгөөр эхний эрэл, хайгуул нь хийгдсэн Бөөрөлжүүт, Хөшөөтийн нүүрсний орд болон газрын ховор элементийн ордуудыг Стратегийн ордод хамруулахад бэлэн гэдгээ  Уул уурхайн яам мэдэгдээд байгаа.

Өнгөрсөн жилүүдэд Стратегийн ордын анхны жагсаалтад багтсан 15 ордоос   Оюутолгой, Цагаансуварга, том Тавантолгой гэсэн гурван орд дээрээ    анхаарлаа хандуулж ирсэн байдаг.  Энэ гурван ордыг эдийн засгийн зөв чиг шугамаар нь ашиглачихад  Монгол улсад “хангалттай”  гэж үздэг хүмүүс ч бий.  Гэсэн хэдий ч бодит байдал дээр энэ гурван ордоо төр засаг бодлогын хувьд ч, хамтарсан үйлдвэрийн хувьд ч нэг мөр, тодорхой шийдвэрлэж чадалгүй одоог хүртэл будилаантсаар байгаа нь “Стратегийн“ гэх тодотголтой ордоос татгалзах, эргэлзэх уур амьсгалыг хөрөнгө оруулагчдын дунд бий болгоод байгаа билээ.

Ерөөс орд газруудад төрийн оролцоог бий болгосноор  үр ашиггүй, байнгын  алдагдалтай, өр авлагын сүлжээ үүсгэдэг  нь Эрдэнэт, Монголросцветмэт, Багануурын жишээнээс  харагддаг.  Энэ сургамжийг бодолцон Ашигт малтмалын тухай хуулийн шинэ төсөлд “Стратегийн орд”-ыг хасч, одоо байгаа 15 ордын асуудлыг шийдэх явцдаа уг “онцгой” ангиллаас нь мөн гаргах байдлаар явъя гэсэн санаа туссан.

Гэтэл Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төсөлд “Стратегийн ач холбогдол бүхий ордууд” гэсэн өнөө л маргаантай томьёолол дахин орж ирсэнд гайхах хүн олон. Магадгүй бодлогын энэ зөрүүтэй байр суурь дахин ужиг үл ойлголцолд геологи, уул уурхайн салбарыг хүргэх вий гэсэн болгоомжлол байна.

Хэрэв Стратегийн ордуудыг нэмж бүртгэе гэж байгаа бол Монгол улсын эдийн засаг, бүс нутгийн хөгжил,   төсвийн орлого, экспорт зэрэгт үнэмлэхүй нөлөө үзүүлэхүйц байдлаар нь ангилан, харин шалгаруулалтад тэнцээгүйг нь хасах уян хатан заалт оруулж өгөх хэрэгтэй хэмээн уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Барууны өндөр хөгжсөн орнуудад “Стратегийн орд газар” гэсэн нэр томьёо байдаггүй. ОХУ-д   “Стратегийн ач холбогдолтой түүхий эд” гэсэн ойлголт бий. Хятадад стратегийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор дэмжиж байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасан үед дотоодынхоо үйлдвэрлэлийг тасралтгүй хангахын тулд  зэсийг 100-300 мянган тонноор нь нөөцөлж байх жишээтэй.

Аливаа орд нь ихэнхдээ геологийн нөөцтэй. Үйлдвэрлэлийн батлагдсан нөөц талаас нь авч үзэхэд  тэрхүү нөөц нь багасдаг “бичигдээгүй хуультай”. Гэтэл олон улсад ч нэг мөр болоогүй  нэр томьёог зөвхөн Монгол улс ганцаараа авч хэрэглэн, төрийнхөө бодлогод тусгах нь зохимжгүй юм. Тиймээс Бодлогын баримт бичгийн төслийг эцэслэн батлахаас өмнө төр засаг,  мэргэжлийн  холбоод байр сууриа нэгтгэн “Стратегийн орд газар” гэсэн томьёлолтой байх эсэхээ нэг мөр шийдэх цаг иржээ.

Тоон нарийвчилсан үзүүлэлт  үгүйлэгдэв

Дээр дурьдсанчлан Төрийн бодлогын суурь баримт бичгийн төсөлд Олборлох, Боловсруулах салбарын асуудлууд тун ч бүрхэг, тодорхойгүй, хязгаарлагдмал хүрээнд тусгагдсаныг  олборлолт, боловсруулалтын чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүсийн оролцоо бага байсантай холбохоос аргагүй юм. 

Мэдээж  Бодлогын гол өөрчлөлтийг  байгаль орчин дахь сөрөг нөлөөллийг хэрхэн багасгах вэ, уул уурхай хөгжиж байгаа орон нутгийг яаж дэмжих вэ гэх зэрэг суурь асуудлууд бүрдүүлж байгаа ч   яг тодорхой тоон үзүүлэлт бүхий чиг баримжаа алга.

Тухайлбал, нүүрсний салбарыг авч үзье. Монгол улсад өнөөдөр хайгуул хийсний үр дүнд ашиглалтын лиценз авсан аж ахуйн нэгжүүдийн нүүрс олборлох хүчин чадал 60 сая тоннд хүрэхээр байгаа.  Гэтэл одоогоор зөвхөн 30 сая тонныг  олборлож, 25 сая тонныг  экспортолдог.

Тиймээс Бодлогын баримт бичигт 2013 онд Монгол улсын нүүрсний олборлолт, экспорт ийм түвшинд байна, 2016 онд үйлдвэрлэлээ энэ  түвшинд хүргэнэ гэх байдлаар ерөнхий тоон үзүүлэлтээр тусгаж өгөх хэрэгтэй хэмээн Экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж Ажлын хэсгийнхэнд  саналаа илэрхийлжээ.

Нүүрсээ бид дандаа түүхийгээр нь гаргаад байх юм уу, эсвэл угааж баяжуулснаар нь экспортлох уу. Угааж баяжуулсан болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ татварын хөнгөлөлт болон Засгийн газрын бусад анхаарлаар хэрхэн дэмжих вэ зэргээр тоон үзүүлэлтээр, хөрөнгө оруулалтаар нь тооцож гарган Бодлогодоо тусгаж байж дараагийн алхмуудаа илүү тодорхой болгоно гэж  зарим шинжээч үзэж байна.

Өнөөдрийн байдлаар “Энержи Ресурс”, “Монголын Алт”, “Тавантолгой” зэрэг  уурхай говийн бүсийн нүүрсний олборлолт, нөөц, хүчин чадлын хувьд хангалттай. Энэ бүхэнтэй уялдуулан хэчнээн километр төмөр зам, авто зам тавьж, эдгээрт хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэйг Бодлогын баримт бичиг тусгаж байж цаашаа дэд хөтөлбөрүүдэд тодорхой нарийвчлан хэрэгжинэ.

Боловсруулах үйлдвэрлэлийн тухайд ч Оюутолгой, Цагаансуварга, Эрдэнэт гэх зэргээр үйлдвэрийн нэрийг тодорхой зааж оруулъя. Энэхүү Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлсний үр дүнд Эрдэнэт 550 мянган тонн зэсийн баяжмал, Оюутолгой эхний ээлжиндээ 600 мянган тонн, Цагаансуварга 300 мянган тонны хүчин чадалтай ажиллана, цаашдаа төчнөөн мянган тонн хүрч ажиллана гэх зэргээр үндсэн чиглэл өгөх учиртай. 

Бодлого хэрэгжсэнээр Оюутолгой, Цагаансуваргын орд  бүрэн хүчин чадлаараа ажиллаж,  үүн дээрээ Эрдэнэт үйлдвэрээ оруулбал Монголын зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2016 онд, 2020 онд, 2024 онд ийм ийм байна хэмээн ерөнхий тоогоор тусгах ба төрийн өмчит “Эрдэнэс Монгол”, түүний охин компаниуд энэ бүхнийг үйлдвэрлэлийн болон экспортын тоо хэмжээ, орлого талаас нь тодорхой болгох хэрэгтэй гэж  салбарын мэргэжилтнүүд саналаа илэрхийлж байна.

Мөн бондын мөнгөөр босч ирэх Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор  төрийн бодлогоос гадуур явахгүй нь ойлгомжтой.

Тэрнээс биш “Томоохон уурхай, боловсруулалтын, дэд бүтцийн төслүүд хэрэгжиж, улсын төсөвт орох орлого нь нэмэгдэж, үүнээс ”Баялгийн сан” байгуулж, сангийн хөрөнгийг бусад салбарууд руу зохистой хэмжээгээр оруулж, тухайн салбар   хөгжсөнөөр Монгол улс дан ганц эрдсийн салбарын хамаарлаас ангижирч, Монгол улсын эдийн засаг тогтворжиж, хамгаалалттай болно” гэх зэрэг хэт том, ерөнхий агуулга санаа бүхий заалтууд  нь Бодлогын хүчийг сулруулж, хий хоосон уриа тунхаг болж байна.

Ер нь Бодлогын баримт бичигт олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг уул уурхайн объектуудаар нь тодорхой заагаад өгчих хэрэгтэй гэсэн санааг  хэлэх хүмүүс ч байна.

Тухайлбал, өмнөх бодлогын баримт бичгийн төсөлд “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн томоохон цогцолборыг Дархан-Сэлэнгийн бүсэд байгуулах”, Коксжих нүүрсний боловсруулах үйлдвэр говийн бүсэд байгуулах замаар кокс-химийн том үйлдвэрийг Сайншанд хотод байгуулах, “Фосфорит баяжуулах, ашиглах үйлдвэрийн цогцолборыг Бүрэнхаан-Эрдэнэтийн чиглэлээр байгуулах”, “Өнгөт метал боловсруулах, хайлуулах үйлдвэрийг Чойбалсан хотод байгуулах”, “Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг Эрдэнэт хотод байгуулах” зэрэг томоохон бүтээн байгуулалтыг тодорхой дурдсан.

Тэгвэл  Бодлогын шинэ баримт бичигт ийм бүтээн байгуулалтууд нэгээхэн ч тусгагдаагүй нь салбарынхны  шүүмжлэлийг дагуулж байна.

Ядахнаа л Цагаансуваргын ордыг  төдөн онд ашиглаж  дуусна, төрийн бодлогоор ингэж дэмжинэ гээд тодорхой болгоод өгчих хэрэгтэй. Монголын  томоохон хувийн компани “Монголын Алт”  сайн ТЭЗҮ боловсруулсан ч Засгийн газрын дэмжлэг муутай явааг  мэргэжлийн хүмүүс анзаарч, ийнхүү саналаа илэрхийлж байх жишээтэй.

Цагаансуваргын зэсийн үйлдвэрлэл нь Монголын экспортын  нэг томоохон эх үүсвэр. Гаднаас их хэмжээний бондын зээл  авч байхын оронд үндэсний үйлдвэрүүдээ ашиглалтад оруулж, дэмжих нь юу юунаас чухал юм.

Байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн бодлого ийм байна

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн бас нэгэн чухал хэсэг бол Байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн хүрээнд баримтлах бодлого. Тэдгээрийн нэг нь 3.5.2-д заасан “1.5 хувиас дээш хүхрийн агуулгатай нүүрсний ордыг шинээр нээхийг хязгаарлаж, 3 хувиас дээш хүхрийн агуулгатай  нүүрсний ордыг шинээр нээхийг хориглох” гэсэн заалт юм.  

Энэ нь хайгуул хийж, хөрөнгө зарсан орд газруудад олборлох, боловсруулах үйлдвэрлэл явуулахдаа хий зардал гаргах хэрэггүй гэсэн хориглолт юм. Иймэрхүү заалтуудыг уран болон занар дээр яах вэ гэдгээ маш нарийн  тусгах ёстой гэдэг дээр салбарынхны цөөнгүй хэсэг нь байр сууриа илэрхийлж байгаа.

Ялангуяа занарын хайгуул, олборлолтын асуудал хүчтэй яригдаж байгаа өнөө үед Бодлогын баримт бичгээрээ маш тодорхой болгож өгөх хэрэгтэй. Занар ашиглалтын талаар  УИХ-аар  хэлэлцэх үед  “АНУ-д ихээхэн тэргүүлж байгаа ашигт малтмал.Тус улсын түлшний балансын дийлэнх хувийг занараас гарган авч байна. Технологи талдаа ч ихээхэн хөгжсөн” хэмээн яригдаж байсан. Тэгвэл судлаачид АНУ-д занарын олборлолт түлшний балансын ердөө 3-4 хувийг л эзэлдэг, байгаль орчинд  хор хөнөөлтэй” гэсэн өөр мэдээллийг өгдөг. Гэтэл нүүрсний ашиглалт  АНУ-д 62 хувь, Хятадад 90 хувь  байгаа. Олон улсын туршлагыг харахад нэг хэсэгтээ  нүүрсээ ашиглах төлөвтэй байна. Байгаль орчинд хөнөөлтэй, технологи нь тийм ч тодорхой бус занарыг Бодлогоороо шийдье. АНУ-д занарын асуудлыг 30 илүү жил судалж бодлогоо зангидсан байхад Монголд түүнийг шууд дуурайх маягтай шийдвэрлэх нь яавч алсын хараатай бодлого биш ээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны эхний хэлэлцүүлэг дээр эрхэм гишүүд Бодлогын баримт бичгийн төсөлд хүрэх үр дүн, арга замууд хэтэрхий тодорхой бус байна гэж шүүмжилсний хариуд Ажлын хэсгийн зарим гишүүн “Ихэнх нь Дэд хөтөлбөрөөр ил тод болж хэрэгжинэ” гэсэн бүрхэг хариулт өгсөн юм.

Гэхдээ Бодлогын үндсэн баримт бичигт бүрхэг тусгагдсан асуудлууд Дэд хөтөлбөр  дээрээ илүү тодорхой гарч ирнэ гэдэгт эргэлзээ төрмөөр.

Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт “Олборлох, боловсруулах үйлдвэрүүдийн асуудал  цааш  олон дэд хөтөлбөрөөр салах байх. Геологийн чиглэлээр маш цөөхөн хөтөлбөр бий. Мэдээж   геологи, хайгуул, нөөцтэй холбогдсон ажлууд Боловсруулах, Олборлох үйлдвэрийн Дэд хөтөлбөрүүдтэй уялдаж явна” хэмээн ярьсан юм.

Юутай ч төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд “Улсын геологийн зураглал” ,”Нүүрс”, “Төмөр”, ”Хайлуур жонш”, “Газрын ховор элемент”, “Зэс”, “Барилгын ашигт малтмал”, Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин” зэрэг Дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь тодорхой юм.

Дэд хөтөлбөрүүд гарвал Боловсруулах болон Олборлох үйлдвэрээ дагаад экспортын хэмжээ, үйлдвэрлэл, хайгуулын ажлын түвшин гэх зэргээр нарийн тооцоолон гарч ирнэ. Гэхдээ дээр дурьдсанчлан Бодлогын баримт бичигтээ аль аль бүсэд, ямар ордуудыг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлж, ямар хөрөнгө оруулалтаар дэмжихээ тодорхой  гаргаж ирэхгүй бол Дэд хөтөлбөр  гэдэг нь  төсвийн  ямар нэгэн санхүүжилтгүй хэдхэн тоо л болно.
  
Өмнө нь эрдэс баялгийн салбарт ийм хөтөлбөрүүд байж л байсан. Гэвч хэрэгждэггүйн гол шалтгаан нь хэрэгжүүлэх механизмыг гаргаж өгөөгүй  ба Засгийн газрын дэмжлэг, гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийнхний оролцоо, зээл тусламж зэргийг нарийн хуваарилаагүйтэй холбоотой юм.

Энэхүү Бодлогын баримт бичигт чамбай шинэлэг санаа ч цөөнгүй бий. Тухайлбал Эрдсийн худалдааны нэг цонхны бодлого буюу Эрдэс баялгийн бирж байгуулах асуудал, уул уурхайн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг цэгцтэй, системтэй бэлтгэх зэргийг дурьдаж болно.

Өнөөдөр олон уурхай, тэр дундаа төрийн өмчит компаниудын удирдлагад голдуу мэргэжлийн бус хүмүүсийг томилон ажиллуулж байгаа.  Мэргэжлийн бус хүмүүс томоохон уурхайн үйлдвэрлэлийг хариуцаж  явна гэдэг аюул. Тийм ч учраас Бодлогын баримт бичигт туссан эрдэс баялгийн салбарын удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн хүрээнд хийгдэх зохицуулалтууд “нүдээ олсон”-д  салбарын мэргэжилтнүүд ам сайтай байна. 

Бодлогын баримт бичгийг  УИХ-ын  2013 оны Намрын чуулганаар баталснаар  цаашдаа салбарын үйл ажиллагааг зохицуулах гол хуулиуд хэлэлцэгдэнэ. Саяхан Газрын тосны тухай хууль УИХ-д өргөн баригдсан. Удахгүй Ашигт малтмалын тухай хуулийн төслийг өргөн барихаар зэхэж байна. Эдгээр төсөл дээр хоорондоо үл уялдах цөөнгүй зүйл заалт  буй бөгөөд  заримаас  нь дээр өгүүлэв.

Г. Идэрхангай