Үндэсний статистикийн хорооноос эхний найман сарын статистик мэдээллийг гаргажээ. Уг мэдээгээр гадаад худалдааны тэнцэл 1,5 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Эхний найман сард гадаад худалдааны нийт эргэлт 6,9 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,6 хувиар буурсан байна. Үүний 2,7 тэрбум долларыг экспорт, 4,2 тэрбум долларыг импорт эзэлжээ.
Харин ганцхан наймдугаар сарын мэдээллийг харвал экспорт 6 хувиар өсч, импорт 6,9 хувиар буурсан байна.
Нийт экспортын 46,6 хувийг нүүрс бүрдүүлж байна. Эхний найман сард 9,5 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21,8 хувиар буурчээ. Үнийн дүн нь 693 сая доллар болж, өнгөрсөн оны 1,2 тэрбум долларын үзүүлэлттэй харьцуулахад 45 хувиар багассан юм.
Гэхдээ зөвхөн наймдугаар сард 1,3 сая тонн нүүрс экспортолж 97,5 сая долларын орлого олсон нь өмнөх долдугаар сард 0,7 сая тонн нүүрс экспортолж, 53 сая долларын орлоготой харьцуулахад өссөн дүнтэй байна.
Бусад эрдэс баялгийн бүтээгдэхүүний хувьд зэсийн баяжмалын экспортод бараг өөрчлөлт гараагүй байна. Өнгөрсөн оны эхний найман сартай харьцуулахад зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 14 мянган тонноор, үнийн дүн нь таван сая доллараар нэмэгджээ.
Төмрийн хүдрийн тухайд өнгөрсөн оны эхний найман сард 4,3 сая тонныг экспортолж байсан бол энэ онд 18 мянган тонноор л нэмэгдсэн байна. Харин үнийн дүн нь 356 сая доллартай харьцуулахад 24 хувиар өсч 442 сая доллар болжээ.
Газрын тосны экспорт гурван сая баррельд хүрч, 42 хувиар
нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд 2,1 сая баррелийг экспортолж байв. Үнийн дүн нь ч
44 орчим хувиар нэмэгдэж 297 сая долларт хүрчээ.
С.Болд-Эрдэнэ