Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Билл Макхэл: Сэтгэл хангалуун харилцагч буцаж ирдэг

“Kanawha Scales&System” нь АНУ-ын компани  бөгөөд  уул уурхайн тоног төхөөрөмж, технологийн чиглэлээр ажилла­даг. Энэхүү компани нь олон улсын хэмжээнд эрдэс баялгийн бүтээгдэхүүн  болон барилгын нурмаг материалыг автомашин болон вагонд хялбар автоматжсан төхөөрөмжөөр ачих, мөн ачих үедээ өндөр нарийвчлалтай жинлэдэг системийг үйлдвэр­лэж, худалдаалдаг дэлхийд танигдсан компани юм. Мөн нүүрс баяжуулах үйлдвэрт ашигладаг зарим гол тоног төхөөрөмж болох нүүрс бутлуур, шигшүүрийг өндөр технологиор хийдэг юм. Нүүрсийг нойтон аргаар баяжуулах үед үйлдвэрт хэрэглэгддэг усны хэрэглээг багасгах технологийг боловсруулан олон үйлдвэрт нэвтрүүлэн ажиллаж байна.


Компанийн үндсэн зорилго бол уул уурхайн компаниудад өндөр үр ашигтай баяжуулалтын тоног төхөөрөмж нийлүүлэх, үйл ажиллагааны зардлыг бууруулж үр дүнтэй болгох, хөрөнгө оруулалтыг ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай байлгах бизнесийн  саналыг харилцагчид өгөх явдал юм. “Kanawha Scales&System” компани нь  Монголын QMC компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Монгол улсад дээрх зорилтуудаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Тус компанийн дэд Ерөнхийлөгч Билл Макхэлтэй ярилцлаа.


“Kanawha Scales&System” компанийн үүсэл хөгжлөөс яриагаа эхэлье.


Манай компани 1951 онд АНУ-ын Баруун Виржини мужийн Чарлистон хотноо байгуулагдсан түүхтэй. Өдгөө АНУ-д нийт 14 салбар оффис, 300 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа  явуулж байна. Компанийн хувьд химийн аж үйлдвэрийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж, улмаар уул уурхайн салбарт бизнесээ өргөжүүлэн ажиллах болсон юм. АНУ-д үйл ажиллагаа явуулахаас гадна олон улсад, түүний дотор БНХАУ, Австрали, Энэтхэг, Латин Америкийн орнуудад өөрийн салбараа байгуулан үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр  үйл ажиллагаа явуулж байна. Бидний дараагийн сонирхож байгаа зах зээл бол Монгол улс юм.


Монголын зах зээлийг сонирхох болсон учир шалтгаан юу байсан бэ?

 
Би хоёр жилийн өмнө Монгол оронд анх хөл тавьж байлаа. Тухайн үед Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан бизнес уулзалтын шугамаар ирсэн юм. Уул уурхай тэр дундаа нүүрсний салбар хурдацтай хөгжиж байгаа Монгол улс нь бидний бизнесээ өргөжүүлэх бас нэгэн шинэ зах зээл байна гэж үзсэн. Үүний дагуу бид сүүлийн  6 сарын хугацаанд Монголд идэвхтэй ажиллаж байна. Манай компанийн бизнесийн үндсэн үйл ажиллагаа нь нурмаг материалыг автомашин болон вагонд өндөр нарийвчлалтай жинлэн, богино хугацаанд ачих систем байдаг.  Өөрсдийн үйл ажиллагааг  Монгол улсад  нэвтрүүлж, өргөжүүлэх зорилгоор Монголын QMC   компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байгаа.


Монгол улсын уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед дэлхийн олон орны техник тоног төхөөрөмж, тэдгээрийг дагасан үйлчилгээ нэвтэрч байгаа билээ. Танай компанийн тоног төхөөрөмж,  ямар онцлог, давуу талтай бо­лон дэлхийд хэрхэн танигдсан чанартай вэ?


Нүүрс, төмрийн хүдэр, фосфат зэрэг эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг ачих системийг санал болгохоос гадна нүүрс баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, өндөр давтамжийн шигшүүр, хэт бага ширхэглэлтэй нүүрсийг үр ашигтай баяжуулах технологи болон нүүрс баяжуулалтын чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлээр манай компани үйл ажиллагаа явуулдаг.


Нүүрс баяжуулалтын аж үйлдвэрийн салбарт санал болгож буй бутлах тоног төхөөрөмж нь хэт нунтаглахаас сэргийлсэн өндөр технологитой. Ингэж буталснаар тоос үүсэхээс сэргийлэхээс гадна баяжуулах үйлдвэрийн нөхцөлд усыг хэмнэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлдэг. Ус  хэмнэх чиглэлээр боловсруулсан технологи шингэсэн бүтээгдэхүүнүүд маань нүүрс баяжуулах үйлдвэрийн усны зарцуулалтыг 50 хувь хүртэл бууруулах боломжтойгоор онцлог юм.


Бага ширхэглэлтэй нүүрс буюу 0,25-2 мм хүртэлх ширхэглэлтэй нүүрсэн бүтээгдэхүүнд ашиглагддаг бусад баяжуулах тоног төхөөрөмжтэй манай компанийн санал болгож буй TBS төхөрөөмжийг харьцуулахад ашигт ажиллагаа, нүүрс авалт, гарц их өндөр байдаг.


Нүүрс баяжуулах үйлдвэрийн нүүрснээс урьдчилсан дээж, сорьц авч, түүнийгээ зураг төслийн шатанд ашиглаж  харилцагчийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг нь илүү оновчтой болгох нөхцөл бололцоогоор хангахыг зорьдог.


Автомашин, вагонд бүтээгдэхүүн ачих автоматжсан систем нь уул уурхайн болон барилгын нурмаг материалыг  тээврийн хэрэгсэлд  даацын  хэтрэлт, дутагдалгүйгээр нарийвчлалтай, өндөр хурдаар ачдагаараа онцлогтой.  Даац хэтрүүлэн ачснаар нэг тэнхлэг дээр ногдох зөвшөөрөгдсөн стандартаас хэтрэх бөгөөд ингэснээр төмөр зам  болон авто замд эвдрэл үүсгэх, тээврийн хэрэгсэл болон замын засвар үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх зэргээр  сөргөөр нөлөөлдөг.  Даацад нь хүргэхгүй ачилт хийгдсэнээр  эдийн засгийн үр ашиггүй байдлыг үүсгэнэ.


Манай компанийн бүтээгдэхүүнүүд БНХАУ-ын нүүрс баяжуулалтын салбарт маш өргөн ашиглагдаж байгаа.


Аливаа техник, тоног төхөөрөмжийн борлуулалтын дараах засвар үйлчилгээ маш чухал байдаг. Танай компани өөрсдийн тоног төхөөрөмжийн ямар засвар үйчилгээг харилцагчдадаа санал болгох вэ?


Бид харилцагчдадаа гэрээт ажил үйлчилгээний хүрээнд тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, төлөвлөгөөт засвар үйлчилгээг хэрхэн хийх чиглэлээр дагалдах сургалт, гарын авлага зэрэг шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэн ажилладаг. Өндөр техникийн зөвлөх мэргэжилтнүүд маань Индонези, Австрали, АНУ зэрэг оронд олон жил ажилласан туршлагатай.


Харилцагчдаа санал болгох тоног төхөөрөмжийн найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллахын тулд QMC компанийн мэргэжилтнүүдээ сургаж, дадлагажуулах, мөн Монгол улсад хамгийн ойр  байршуулах цэг болох БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрлах оффис дахь мэргэжилтнүүдээрээ дамжуулан ажил үйлчилгээгээ шуурхай хүргэхийг хичээж ажиллах төлөвлөгөөтэй байна.


Тухайлбал, нурмаг бүтээгдэхүүнийг автомашин болон вагонд ачилт хийх систем нь бүрэн автоматжсан  байгаа. Энэ системийн найдвартай үйл ажиллагааг хангах чиглэлээр сонгогдон ажиллаж байгаа QMC компанийн хувьд техникийн тодорхой ур чадвартай мэргэжилтнүүдийг бүрдүүлсэн байгаа. Тиймээс цаашид санал болгох тоног төхөөрөмж, төслийн тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлд тал талдаа анхаарч ажиллана.


Цаашид Монголын зах зээлд хэрхэн ажиллахаар төлөвлөж буй талаараа сонирхуулахгүй юу?


Манай бизнесийн стратеги бол компанийн үйл ажиллагааг Монголын зах зээл, уул уурхайн салбар дахь харилцагчдад таниулах, бүтээгдэхүүн ажил үйлчилгээнийхээ үндсэн чиглэлийн дагуу баяжуулах үйлдвэрийн үндсэн технологиос авахуулаад эцсийн бүтээгдэхүүнийг ачих тээвэрлэх хүртэлх бүх үе шатанд өөрийн техник, тоног төхөөрөмж, технологи, зөвлөх үйлчилгээгээ  санал болгох юм.  Тухайлбал уурхайд тасралтгүй ажиллаж байдаг тоног төхөөрөмжүүд болох конвейр, үйлдвэрийн тэжээлийн систем, бүтээгдэхүүн холих, бутлах, ачих системүүд нь  хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжид нөлөөлдөг маш чухал хэсгүүд нь байдаг.


 Харилцагчдын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, тэдгээрийн техникийн шаардлагаас хамааран өөрсдийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүд, дэлхийн улс орнууд дахь салбар компаниудтайгаа хамтран харилцагчдадаа төрөл бүрийн техникийн шийдлийг гаргаж ажиллахыг зорих болно.


“Сэтгэл хангалуун харилцагч буцаж ирнэ” гэсэн зарчмаар бид ажилладаг. Цаашид хамтран ажиллаж буй QMC компаниараа дамжуулан харилцагчдад тулгарч байгаа хүндрэлүүдийг шийдэхэд өөрсдийн ажил үйлчилгээг чиглүүлэн хичээн ажиллана.





Ярилцсан Э.Оджаргал