Хямралын таван жилийн босгонд ирлээ. Тэмдэглэлт ой биш. Гэхдээ сургамжийн таван жил ард хоцорчээ. Lehman Brothers дампуурлаа зарласан 2008 оны аравдугаар сарын шуугиант өдрөөс хойш дэлхийн эдийн засгууд гинжин хямралд өртсөн билээ.
Харин өнөөдрийг өмнөхтэй харьцуулахад өөр хандлагууд гарна. Америкт ажилгүйдэл 2006 оноос хойшх хамгийн хамгийн бага түвшинд буюу эерэг хандлагатай байна. Доллар чангарч, дэлхийн том эдийн засаг тогтвортой үзүүлэлттэй болжээ.
Бөмбөрцгийн баруунтаа дэлхийн эдийн засгийн хямрал эхэлж ахуйд 2008 оны намар Монголд Эвслийн Засаг бүрдэж, танхим дөнгөж цэгцэрч байлаа. Эдийн засаг зэсийн экспортоос бараг бүтэн хамаарч байв. 2008 оны арванхоёрдугаар сард зэсийн үнэ 3000 ам. доллар болтлоо унах үест манай улсын төсөв ёроолоо шавхаж эхэлсэн юм. С. Баярын Засгийн газар хямрал энүүгээр тэрүүгээр хол өнгөрнө хэмээн эхлээд ихэмсэг байж билээ. Төдөлгүй төсөв хүндэрч, Анод банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудлаа хэмээх шуугиан тархав. Анодын захирал Ерөнхий сайд С. Баярт хандан захидал илгээж, Засгийн газрын тус банкинд төлөх ёстой мөнгийг нэхсэн юм. Бараг маргааш нь захирлыг баривчилсныг санаж байна. Долдугаар сарын 1-ний эрдүү түрэмгий зан Засгийн тэргүүний имиж болсон өдрүүд байлаа. Долдугаар сарын 1-ний жагсаалд оролцсон иргэдийг шүүх хурал “бөөндөж” байх үест улс орны эдийн засгийн үзүүлэлт муудаж ирсэн намрын зэврүүн өдрүүд байжээ.
Засгийн газрын хамгийн эхний арга хэмжээ нь хадгаламжийг даатгах ажил байв. Анод банкны асуудлаас эхлэн банкны систем нийтдээ доргиж мэдэх аюулаас ингэж сэргийлсэн юм. Төдөлгүй “Айвенхоу Майнз” компанитай Монголын Засгийн газар Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээрт орсон. Зэсийн үнэ унаж, эдийн засаг илэрхий муудсан 2008 оны арванхоёрдугаар сард талууд хэлэлцээрийн ширээний ард анх суув. Хүндрэлийн далимаар “Айвенхоу” ч илүү хатуу нөхцөлийг Монголын талд шинээр тавьж эхэлсэн санагддаг. Өнөөдрийн Рио Тинтогийн араншинтай агаар нэг юм ч гэж бодогддог. Доллар чангарсаар байлаа. Он гаргаад, 2009 оны нэгдүгээр сард доллар 1700 төгрөгтэй тэнцсэн нь тэр өдрүүдийн рекорд. Төдөлгүй гуравдугаар сард төсвийн байгууллагынхны цалинг тавих мөнгөгүй болж, улсын сан хоосорсон.
Яг таван жилийн өмнөх нөхцөл байдалд өнөөдрийн үйл явдлуудтай төстэй зүйл олон. Ялгаа ч мэдээж бий. Манай улсын эдийн засаг өнөөдөр нүүрснээс голлон хамаарч байна. Хоёр тулгууртай болсон гэх үү дээ. Нүүрсний үнийн уналттай холбоотой төсөв энэ оны нэгдүгээр улирлаас хүндэрч эхэлснийг урьдчилж шуугисан хүн цөөнгүй. Таван жилийн өмнөхтэй харьцуулахад нийгэм зах зээлийг, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хандлагыг илүү ойлгодог, арай эрүүл болсных. Эдийн засагт нүүрсний экспорт артерийн судас болно гэдгийг олон хүн урьдчилж харж байсан болов уу. Харин нүүрсний экспорт хийх гол нөхцөл болсон төмөр замын үр ашигтай тээврийн трассыг өнгөрсөн таван жилд байгуулж чадсангүй. Энэ бол эдийн засагт учруулсан хохирол юм. Нарийн царигийн төмөр зам тавиулахгүй гэж таван жил зөрсөн Х. Баттулга сайд өөрөө үүнийг эдийн засгийн хохирол гэж үздэг эсэхийг бүү мэд. Ц. Нямдоржтой одоо ч шүүхдэлцсээр явааг нь харвал “өөрийн бодол өөртөө зөв” хэвээр юм биз.
Засгийн газрын хувьд таван жилийн өмнөх шиг хүндрэл нүүрлэсний дараа бус, бүр өнгөрсөн жилийн өдийгөөс хөрөнгө босгох алхмаа хийсэн. Чингис бонд болон одоо Япон улсаас авахаар эрх нээж буй зээл, бонд нь эдийн засгийн хүндрэлийг давах төдийгүй цаашид экспортоо нэмэгдүүлэх гол найдлага юм. Яг таван жилийн өмнө О. Чулуунбат гишүүн байхдаа мөн л ийм гарц хэлж байсан санагдана. Хямралыг давахын тулд Хятадаас зээл авах боломжийн талаар тэрбээр ярьж байсан. Дэлхий тэр чигээрээ Хятадаас мөнгө зээлж эхэлсэн үе. Хуримтлал зөвхөн Азийн орнуудад, тэр дундаа өмнөд хөршид байв.
Өдгөөгийн Чингис болон Самурай бонд ч мөн л О. Чулуунбатын “авторский” ажил болов уу. Эдийн засгийг тогтворжуулах, экспортын олон гарц бий болгоход хэрэгтэй чухал алхам. Самурай бонд гэхээсээ илүүтэй Япон улсаас авах урт хугацаат, бага хүүтэй зээлийн санхүүжилт манай улсын эдийн засгийг эргэн тогтворжуулахад гол үүрэг гүйцэтгэх биз ээ. Хөрөнгө босгож буй Сайдуудыг муулах бус, харин тэр зээлийг зарцуулж буй шат дамжлагын талаар хянаж хэлэлцэж, үр өгөөж шаардах нь чухал юм.
Таван жилийн өмнө монголчууд хямарч бачимдахдаа тусламж гуйдаг ганц “авдартай” байжээ. Тэр нь Олон улсын валютын сан. 2009 оны дөрөвдүгээр сард тэд мөнгө өгч, Stand By хөтөлбөрөө эхлүүлсэн билээ. Харин түүнээс жил хагасын дараа гэхэд Сангийн сайд С. Баярцогт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууссаныг зарлав. Үүгээр Валютын сангийн Монголд тулгадаг хязгаарлалт үгүй болох, Засгийн газрын баталгаатай өдгөөгийн бондыг олон улсын захад зарах гарц нээгдсэн. Тиймээс таван жилийн өмнөх хямралын үеийн монголчууд ба өнөөгийн Монголын боломж хоёр том ялгаатай.
Л. Болормаа