Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Геологич хүн археологи, сансар, биологи, шашин гээд бүх чиглэлийн өргөн мэдлэгтэй болдог

Ярилцсан Э. Оджаргал

Геологийн ажил мэргэжлийн онцлог, геологичийн гэрэл зургийн хальснаа буулгасан зарим түүхээс сонирхон Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.  

Ямар учир шалтгаанаар геологийн мэргэжлийг сонгосон түүхээс тань ярилцлагаа эхэлье?
Бага наснаасаа элдэв янзын чулуу сонирхон цуглуулдаг хүүхэд байлаа. Есдүгээр ангид байхдаа геологич болохоор шийдсэн юм. Сургууль төгсөөд 17 жил хээрийн геологичоор ажиллахдаа эхний таван жил тайгад, удаах таван жилд нь говьд, үлдсэн жилүүдэд нь ууланд ажилласан. Анх тайгад нэг муу бөглүү газар очсон  нь “Их Алтанд” гэдэг газар байж, уурхай болоод одоо ашиглаад дууссан даа.  

Таныг геологич болж байх үед Монголын геологийн салбарын хөгжил ямар байсан нь сонин?  
Социализмын үед хангамж, техник, холбоо гэж үгүй, хүний аюулгүй байдлыг төдийлөн тоодоггүй,  одоогийнхоос огт өөр байсан. Гол зүйл төлөвлөгөө,  заавал биелүүлэх ёстой зүйл нь тэр л байлаа.

Геологич гэдэг асар тэвчээр хатуужил шаардсан хөдөлмөр гэж ойлгогддог?
Залуу байхад зориг хатуужил гэж сүртэйгээр боддоггүй байж. Өвөл ч хамаагүй цасан дээр майхнаа бариад л ажлаа хийгээд явдаг байлаа. Төлөвлөгөө биелүүлэхийн тулд инженерүүд бүгдээрээ хөлдүү цас нүдээд бүтэн сараар явна. Говьд бол бүр их хатуужил шаардана. Төөрчих юм бол хэцүү дээ. Хангай шиг хаанаас ч гэсэн ус олдоод байхгүй.
Геологич хүн ажлаасаа хамааран өдөрт 8-18 км газар явган алхана. Ингэхдээ судлан шинжилж буй чулуунуудаа үүрээд явдаг. Говьд бол ингэж явахад харьцангуй амар. Хангайд уул, өвс мод ихтэй болохоор үүрч яваа ачаагаа аль болох багасгаж хөнгөлөхөөс аргагүй.
Тиймээс зориг, тэвчээр, хатуужил, зорьсон зүйлээсээ буцахгүй зүтгэх тийм л тууштай шинж чанар геологичид аяндаа төлөвшдөг. Голдуу ганцаараа явган явдаг учир аюулгүй байдлаа хангах гэж ухаан шаардана. Гярхай, ажигч байх хэрэгтэй. Энэ бүхэн мэргэжлийн маань онцлог.
Гэхдээ сайхан зүйл их. Голын усаар ундаалж, жимс сонгино уулнаас түүнэ, ан амьтан агнаж, загас барьж хооллоно гээд амьдрал байгаль руугаа илүү ойр байдаг. Цэвэр экологийн хүнсээр хооллож явдаг.

Хээрийн геологичоор ажиллаж байх үед сонирхолтой, хөгжилтэй явдал их тохиолдоно биз?
Говьд нэг удаа хамт ажилладаг геологич ах нар маань намайг ажлаа дуусахаар долоо хоногийн дараа ирж авахаар явсан юм. Ажлаа ч сайн гүйцэтгэлээ. Долоо хоног өнгөртөл нөгөө хэд маань ирдэггүй. Дахиад долоо хоноход хоол хүнсгүй болж, ус ч дууслаа. Атга гоймонтой л үлдсэн байсан, түүнийгээ чанаад идчихлээ. Тэгээд л намайг мартчихлаа гэж ойлгоод 50 км зайтай байдаг геологийн анги руу явахаар шийдэв. Майхандаа бүх юмаа хаячихаад, ганц алхаа бариад гарлаа. Тэр зүгт л бий дээ гэсэн таамгаар чиглээд алхлаа. Говьд дөрвөн сар ажилласан би гэдэг хүн нүд шүд нь гялазсан тас хар царайтай, бөөстөхөөс сэргийлээд үсээ хусуулчихсан, явган алхсаар байгаад гутал цоороод хөлний ороолт  цухуйчихсан, өмд урагдаад энд тэндээ хүү татагдсан хачин аймаар зүс царайтай юм өнөөх геологийн анги дээр орж ирж байгаа юм. Сайн идэж ууж аваад л, хоол хүнс базаагаад маргааш нь буцаад хүргүүлэв. Майхандаа нууц материал үлдээчихсэн. Тухайн үед нууц материалын хэргээр шоронд ордог элдэв зүйлийн тухай дуулчихсан болохоор санаа зовоод бушуухан буцаж ирж байгаа минь тэр. Очоод гурав хонож байтал манай хэд намайг авахаар ирж билээ. Тэвчээр хатуужил суулгасан явдлууд олоон.  

Геологич хүний онцлогийг Та хэрхэн тодорхойлох вэ?
Геологичид их романтик, өвөрмөц улсууд. Бусадтай ижилхэн байх сонирхолгүй. Ихэнх геологчид хувцаслалт, хобби, яриа, сонирхол, үзэл бодол зэрэг ямар нэг зүйлээрээ этгээд ялгардаг, хоорондоо огт адилгүй.  Ганц Монголд ч биш, дэлхийд түгээмэл ийм араншин харагддаг юм. Энэ нь ажлаа хийж ганцаараа их явна, байнга бодож ажиглаж явдагтай нь холбоотой болов уу. Мөн геологич хүн археологи, сансар, биологи, шашин гээд шинжлэх ухааны бүхий чиглэлийн өргөн мэдлэгтэй байдаг даа.        

Ер нь геологич хүн баялаг орд илрүүлснийхээ шагнал урамшууллыг хэрхэн хүртдэг нь сонин?
Социализмын үед бага зэрэг урамшуулал өгдөг байсаан. Одоо энэ талаар яриад бүтэл муутай л байна. Өнөөдөр геологичдийн дунд тэр талын гомдол мэдээж байдаг л юм. Энэ талаар хуульд заалт оруулах гэсэн боловч бүтээгүй. Барууны орнуудын жишгээс харж байхад тухайн ордыг анх илрүүлсэн геологичид компанийн тодорхой хувь хэмжээний хувьцааг өгдөг юм билээ. Манайд одоогоор ийм туршлага байхгүй учир Геологийн холбоод нийлээд жил бүр “Раунд ап” хэмээх хурал зохион явуулахдаа тухайн ордыг нээсэн хамт олонд дурсгалын зүйл гардуулдаг. Үүнээс гадна геологичдоо дэмжих үүднээс Геологийн чиглэлийн дөрвөн холбоо хамтраад “Алдарт геологич” шагналын эзнийг дөрвөн жилд нэг удаа шалгаруулдаг болсон. Уг шагналыг дагалдуулан олгодог 10 сая төгрөгийг компани, хувь хүмүүсээс цуглуулан бүрдүүлдэг юм. Анхны шагналыг академич Төмөртогоо авсан.  
Эрдэнэт, Дархан Бор-Өндөр, Багануур гээд манай улсын нэртэй уурхайд бүгд геологичдийн “гараар” гарч ирсэн юм шүү дээ. Шинийг нээн илрүүлж байгаа нь геологиуд, харин үр шим, ашиг орлогыг нь уурхайнхан авдаг. Орд нээсэн шагнал урамшууллын тухайд төр, засгаас дэмжиж хуульд оруулах боломж бас төдийлөн байдаггүй. Тиймээс уурхай ажиллуулж ашиг орлогыг нь хүртэж буй компаниудад хандан уриалахад хамаг хүнд ажлыг хийж байгаа геологичдоо харж үзэх хэрэгтэй шүү.

Геологич хүн шинийг эрэлхийлж, байгаль дэлхийтэй ойр ажилладаг болоод ч тэр үү гэрэл зураг их авдаг шүү дээ. Та уул хаданд “тэнэж” явахдаа бас нэлээд зураг авсан байх юм?
Ажлын шаардлагаар геологичид бүгд л зураг авдаг даа. Доктор Ж.Бямбаа, Г.Ухнаа гээд ахмад геологичид байгалийн өвөрмөц геологийн тогтцын маш олон зураг мэргэжлийн түвшинд буулгасан байдаг. Байгаль өөрөө гайхамшигтай “зураач” юм. Геологич хүн бусдын яваагүй хүрээгүй газрыг судалдаг учир байгалийн сонин содон, өвөрмөц тогтоцтой дүрс их харж, түүнийгээ фото зургийн хальснаа буулгадаг.  

Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооны тэргүүн
Б.Бат-Эрдэнийн гэрэл зургууд:




1981 он. Би Хүдэрийн ангийн ахлах геологиор ажиллаж байлаа. Тухайн үед бид Хүдэр голын сав газраар алтны шороон ордын хайгуул хийж байсан юм. Урьд нь огт судлаагүй учир бид төсөл бичээд, судлах үүрэг аваад явсан нь тэр. Оросын нэг мэргэжилтэн, манай техник геологич, малчин өвгөн бид дөрвүүлээ хүний хөл огт хүрээгүй балар тайгад хоёр морьтой явлаа. Цэвдэг ихтэй, ан гөрөөгүй газар тааралдаж, түүгээр явсаар 10 хоногийн дараа хоол хүнс дуусчихлаа. Хоол хүнс юу ч үгүй болохоор буцах уу, үргэлжлүүлэх үү гээд л ярилцав.




Орос мэргэжилтэн настай хүн байсан болохоор борцтой монгол хоол идэж чадахгүй, малчин өвгөн ногоо идэхгүй. Тэгж явсаар ан хийж хоолтой золгож, ямар ч байсан ажлаа дуусгасан юм. Огт хүн хүрээгүй газарт цоо шинэ зүйл нээсэн хүмүүс их баяртай явна. Би хамгийн залуу нь, нэг том хутгатай. Түүгээрээ мод цавчин зам гаргана. Техникч геологич Мягмар гэж хүн одоо тэтгэвэртээ гарсан, хөдөө амьдарч байгаа. Орос мэргэжилтэн нутаг буцсанаас хойш дахин холбоо бариагүй дээ.



2005 он. Ажлаа дуусгаад харих замд, нар жаргах үед авахуулсан юм. Гэр орноосоо хэдэн сараар хол явчихсан хүмүүс чинь ажлаа дуусгаад л өдөр, шөнө хамаагүй гэрийн зүг яаран яаран хүлгийн жолоо зална шүү дээ.







The Mongolian Mining Journal сэтгүүлийн 5 жилийн ойн нэрэмжит гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. Манай уралдаан нь геологи, уул уурхайн салбарын ажилчин, албан хаагчдын дунд зарлаж байгаагаараа онцлог юм.
Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн үе шат болгонд гар бие оролцож яваа хөдөлмөрч хамт олны сэтгэлийн толь болсон түүхэнд агшнуудыг MMJ тэмдэглэн үлдээхийг зорьж байна.

Ажил, амьдралынхаа дурсгалт мөчийг, геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн онцлогийг, нутгийн зон олныг, нийгмийн хамгааллын ажлуудынхаа талаар “Уурхайн хүн” Та гэрэл зургаар өгүүлээрэй. Уул, геологийн хөдөлмөрийн талбарт авсан алтан агшин тань Монголын уул уурхайн түүхийн нэгээхэн хэсэг болон үлдэнэ.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр “Би уурхайчин” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, 2013 оны арваннэгдүгээр сард олон нийтэд дэлгэн сонирхуулна.

Оролцогчдын бүтээлийг дараах журмын дагуу хүлээн авч, байр эзлүүлнэ.

Тавигдах шаардлага:
-уралдаанд оролцогч нь тухайлсан бүтээлүүд болон гэрэл зургийн цуврал сурвалжлага хэлбэрээр материалаа ирүүлэх боломжтой
-оролцогч нь ирүүлсэн гэрэл зургаа зохиогчийн эрхээр хамгаалах буюу шаардлагатай үед түүнийгээ батлах чадвартай байх
-оролцогчийн овог нэр, ажлын газар, албан тушаалын тухай товч мэдээллийг хавсаргах
-гэрэл зургийн эх файл нь jpeg форматтай, нягтаршил нь 1200x800 рixels-ээс доошгүй байх ба флаш диск дээр хуулж авчрах
-гэрэл зурагт нэр өгч, зургийн файлыг хаана, хэзээ, хэн буулгасан тухай мэдээллийг хавсаргах

Анхаарах зүйлс:
-дурдсан шаардлагуудыг хангаагүй, эсвэл мэдээлэл дутуу бол хүлээн авахгүй
-ирүүлсэн бүтээлийн файлыг буцаан олгохгүй ба гэрэл зураг нь уралдаан зохион байгуулагч талын өмч болно

Уралдааны шагнал:
Олон нийтэд бүтээлийг дэлгэн үзүүлэх үеэр шалгаруулалтыг зохион байгуулж, шагнал гардуулна.
I байр - НЭГ:  Гэрэл зургийн мэргэжлийн аппарат, дагалдах хэрэгслэлээр урамшуулж, шалгарсан бүтээлийг The Mongolian Mining Journal-ийн хавтсанд хэвлэнэ.
II байр - ХОЁР:  гэрэл зургийн хагас мэргэжлийн аппарат
III байр - ГУРАВ: гэрэл зургийн сонирхогчдын аппаратаар тус тус урамшуулна.

Бүтээлийг мэргэжлийн гэрэл зурагчид оролцсон баг шүүн шалгаруулж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
“Би уурхайчин” гэрэл зургийн сонирхогчдын уралдаанд байгууллага, хамт олноо идэвхтэй оролцуулсан уурхай, компанийн удирдлагуудаас ярилцлага авч, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр үйл ажиллагааг нь сурталчилна.
Хугацаа:

Гэрэл зураг хүлээн авах эцсийн хугацаа 2013 оны арваннэгдүгээр сарын -ныг дуустал доорх хаягаар хүлээн авна.

Холбоо барих:

77220200, 77220900, 77222300, 77222400,
99992019, 88080317
ider@mongolianminingjournal.com
info@mongolianminingjournal.com
15160 Улаанбаатар, Төв Шуудан 1513
The Mongolian Mining Journal


Зохион байгуулагчид:
Уул уурхайн яам
The Mongolian Mining Journal
“Гамма” гэрэл зургийн агентлаг

Уралдаанд ирсэн бүтээлүүдээс:


Зургийн тайлбар:
2, Ажил хийж байхад саад болохгүй шүү.
/Уулын баяжуулах үйлдвэрийн АТБ-ын белазын гарааш/
Гэрэл зургийг: Уулын баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн Автотээврийн газрын Белазын жолооч Маналсүрэнгийн Эрдэнэхүү




3, Тэсэлгээ хийхэд бэлэн боллоо.  
2012.9.16. Оюу толгой уурхайн 5 дугаар
босоо ам.
Зураг дээр: “Максам эксплозивс” компани Далд уурхайн инженер Нацагдоржийн Мөнхбаяр
Гэрэл зургийг : “Максам эксплозивс” компанийн Далд уурхайн менежер Марк Сваннепоел