Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Уул уурхайн яам мэдээлэл хийв

Уул уурхайн яамнаас “Ил тод уул уурхай” ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв, Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ нар оролцов.

Уул уурхайн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 129 ажлын хэсэг ажилласнаас 52 ажлын хэсэг үүрэгт ажлаа дуусгаж, 77 ажлын хэсэг ажлаа үргэлжлүүлж байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар хуулийн гурван төслийг хэлэлцэж байгаа нь Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх, Түгээмэл тархацтай ашигт малтмал болон “урт нэртэй” хэмээгдэх Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиуд юм. Хэвлэлийн хурлын мэдээллээс багцлан хүргэж байна.
                                                                                                                  

Монгол улс жилд 38 тонн алт олборлох боломжтой

Статистик мэдээллээр Монгол улс 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд 5,9 кг алт олборлож, олборлолтын хэмжээ дөрөв дахин буурсан байна. Алт олборлогч аж ахуй нэгжүүдийн хувьд татварын дарамт нэмэгдэж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс буурснаас улсын валютын нөөц багасаад буй. Иймд Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг Уул уурхайн яамнаас боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байгаа юм. Хуулийн төсөлд олборлосон алтаа Монголбанк, арилжааны банкуудад худалдсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ таван хувь байсныг 2,5 хувь болгох, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг хүчингүй болгохоор тусгажээ. Оюутолгойн хувьд гэрээнд зааснаар суурь роялтигийн таван хувиа төлнө. Харин өсөн нэмэгдэх таван хувь роялти нь хөрөнгө оруулалтын гэрээнд 0 байхаар тусгасан. Ингэснээр Оюутолгойн алтыг оруулаад Монгол улс жилд 38 орчим тонн алт олборлох боломж бүрдэх гэнэ. Монголбанкны гадаад валютын нөөц жилд 1.7-2.0 тэрбум ам.доллар болох аж. 

Шатахууны үнэ нэмэгдэхгүй

Ам.долларын ханш өсч байгаатай холбогдуулан газрын тосны импортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, хангамж хэр байгаа талаар Сайд мэдээлсэн юм. Сүүлийн үед валютын ханш харьцангуй тогтворжиж байгаа учир шатахууны үнийг нэмэх үндэслэлгүй гэж үзжээ. 2013 оны есдүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний ердийн хэрэглээний 37 хоногийн нөөц байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 30, Аи-92 автобензин 41, дизелийн түлш 30, ТС-1 42 хоногийн нөөцтэй байна. Үүнээс гадна улсын нөөц бас бий. 

“Chalco”-гийн өрийг энэ онд багтаан төлж дуусгана

“Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлийн Тавантолгой нүүрсний орд газрын Цанхийн зүүн уурхайгаас 4,5 сая тонн, Цанхийн баруун уурхайгаас гурван сая тонн, нийт 7,5 сая тонн нүүрс 2013 онд багтаан олборлох зорилттой ажиллаж байна. Энэ нь өнгөрсөн оны олборлон экспортолсон нүүрсний хэмжээнээс гурав дахин их юм. Цанхийн баруун хэсгийн гурван сая тонн нүүрсний экспортын орлого 120-150 сая ам.доллараар нэмэгдэх бол Цанхийн зүүн хэсгийн 4,5 сая тонн нүүрсийг Хятадын “Чалко” компанид нүүрс нийлүүлэх гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 170 сая ам.долларын өрөнд нийлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр тус компанийн өрийг энэ онд багтаан дуусгавар болгох гэнэ.

Шууд хөрөнгө оруулалт 43 хувиар буурчээ

Монгол улсад оны эхний хагас жилийн байдлаар нийт 961 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс 43 хувиар буурсан үзүүлэлтюм. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тогтворгүй байдал хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлжээ. “Урт нэртэй хууль” болоод Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол бий болгосон билээ. Мөн экспортоос орж ирэх орлогыг /Эрдэнэт-200 сая ам.доллар, Оюутолгой-250 сая ам.доллар, Тавантолгой -350 сая ам.доллар/ урьдчилан авсан зэрэг нь шууд хөрөнгө оруулалт буурахад нөлөөлжээ.