Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОУСК 25 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ

Дэлхийн банкны группын гишүүн Олон улсын санхүүгийн корпорацийн 2013 оны санхүүгийн жилд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 25 тэрбум орчим ам.долларт хүрч, хувийн салбарт ажил эрхлэлтийг нэмэгдүүлэн, дэлхийн хэмжээний хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэн ажиллаж байна хэмээн тус корпораци өчигдөр мэдээлэв. Нийт хөрөнгө оруулалтынх нь багагүй хэсгийг Зүүн Ази болон Номхон Далайн бүс нутагт оруулсан хөрөнгө оруулалт эзэлж байгаа бөгөөд шинээр үүсч байгаа зах зээлүүдэд бизнесийг дэмжин ажиллаж байна хэмээн цахим хуудастаа мэдээлжээ. Тус бүс нутагт хийсэн өр болон өмчийн хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 83 төсөлд 3.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх жилийнхээс 15 орчим хувиар өсчээ.

ОУСК-ийн Зүүн Ази болон Номхон далайг хариуцсан дарга Сержио Пимента хэлэхдээ “Зүүн Ази Номхон далайн орнуудад эдийн засгийн өсөлт хэдийгээр одоогоор удаашралтай байгаа боловч энэ бүс нутаг нь дэлхийн бизнесийн үйл ажиллагааны гол эх үүсвэр хэвээрээ байж дэлхийн одоогийн санхүүгийн хямралыг даван туулахад голлох үүрэгтэй хэвээрээ байх болно” гэжээ.

Зүүн Ази болон Номхон Далайн бүс нутагт ОУСК-ийн хөрөнгө оруулалт, зөвлөгөө үзүүлэх төслүүд өргөжин тэлэхээр байгаа бөгөөд 9.3 сая хүн, 360 мянган гаруй жижиг болон дунд бизнес санхүүжилт авах боломжоор хангагдах, 1.4 сая хүний дэд бүтцээр хангагдах боломжийг сайжруулах, 800 мянган хүн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээгээр хангагдах, 76 мянган тариаланчдыг дэмжих болон хүлэмжийн хийг жилдээ 3.2 сая метр тонноор бууруулахад хөрөнгө оруулалт хийн ажиллаж байгаа аж. Тус корпораци БНХАУ-ын компани, банкуудыг гадаад улсуудад тогтвортой хөрөнгө оруулахад туслах чиглэлээр 2013 оны санхүүгийн жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.

С.Болд