2035 он гэхэд нүүрсний хэрэглээ 70 хувьд хүрнэ гэсэн таамаглалыг Олон улсын эрчим хүчний агентлагаас /ОУЭХА/ дэвшүүлжээ. Дэлхийн нүүрсний зах зээлд ОХУ өөрийн байр суурийг тэлж бэхжүүлэх шинэ төслүүдээ бэлтгэж байгааг агентлагийн зүгээс онцолж байна. Тус улс 2012 оны дүнгээр дэлхийн нүүрсний зах зээлийн 12 хувийг хангаж, 130 сая тонн нүүрс нийлүүлжээ.
Олон улсын санхүүгийн тогтворгүй байдлаас үл хамааран сүүлийн жилүүдэд нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн байдлаар 20 хувиар өсч 3,5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ оны эхний найман сарын байдлаар Оросын нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12,4 хувиар өсчээ. Коксжих нүүрсний экспортын хувьд 73,8 хувиарч өсч, 14,4 сая тонн болсон байна.
Тус улс одоогоор Европын нүүрсний зах зээлийн 30 хувь, Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын 5 хувийг хангаж байна. Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад экспортоо нэмэгдүүлэхэд учирч буй гол бэрхшээл нь зам тээврийн өнөөгийн хүчин чадал хангалтгүйд байгаа юм.БКС санхүүгийн группын шинжээчийн албаны тэргүүн Кирилл Чуйко “Орост нүүрсний салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүд олон бий. Эдгээр төслийн ихэнх нь эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй Азийн орнууд руу экспорт хийхэд чиглэж байгаа. Харин Ази руу зөвхөн төмөр замаар тээвэрлэн нийлүүлдэг. Төмөр замын өнөөгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор “Төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх” хөтөлбөр гарсан байгаа. БАМ болон Транссибирийн төмөр замуудыг шинэчилснээр Азийн нүүрсний зах зээлийн “үүд” нээгдэх юм” хэмээжээ.
ОХУ-ын Засгийн газраас төмөр замын шинэчлэлд 2018 он хүртэл 17,5 тэрбум ам.доллар, үүнээс 5 тэрбум ам.долларыг төсвийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нүүрсний экспортын тээвэрлэлтийн тарифыг уян хатан болгох асуудлыг судлахыг холбогдох байгууллагуудад үүрэгдээд буй.
Э.Од