Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн Лондон хотноо хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийсэн билээ. Хэлэлцээрийн талаар Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ”-ын Дэд захирал Г.Тэмүүлэн нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн бага хурал дээр “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуугийн сэтгүүлчдэд өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хөрөнгө оруулагч талд танилцуулах, улмаар асуудлыг зөв, зохистой байдлаар шийдвэрлэх санал боловсруулах зорилгоор Монголын талын төлөөлөгчид ИБУИНВУ-ын Лондон хотноо 2013 оны есдүгээр сарын 23-27-ны хооронд ажиллалаа. Хурал амжилттай болж өндөрлөсөн. Монголын талаас 22 асуудал, хөрөнгө оруулагчаас найман асуудлыг энэ удаагийн уулзалтаар шийдвэрлэхээр оруулж ирсэн. Үүнээс бид 15 асуудал дээр зарчмын хувьд тохиролцож, нэгдсэн ойлголтод хүрсэн. Үлдсэн 15 асуудлыг ач холбогдол, цаг хугацааны хувьд хэр тулгамдаж байгаагаар нь хоёр шалгуураар ангилсан. Ойрын хугацаанд энэ 15 асуудлаар шийдэлд хүрнэ.
“Оюутолгой” төсөл Монголын эдийн засагт маш их хувь нэмэр оруулах чухал төсөл. Бүтээн байгуулалтын ажил хурдацтай өрнөж байгааг цаашид сааруулахгүйгээр энэ эрчээр нь үргэлжлүүлэхээ манай тал илэрхийлсэн.
Хурлаар шийдсэн асуудлаас товч танилцуулбал, Оюутолгойн бүлэг ордод хамаарах зарим лиценз гуравдагч этгээдийн нэр дээр байгаа. Энэ талаар гуравдагч этгээд “Энтрээ Гоулд” компани болон “Рио Тинто” компанитай зөвшилцөж, тодорхой ойлголтод хүрсэн. Энэхүү лицензийг “Оюутолгой” ХХК руу шилжүүлж авахаар болсон. Ингэснээр төсөл хэрэгжих хугацаанд Монголын талын хүртэх өгөөж, ногдол ашиг 1,4 тэрбум ам.доллараар нэмэгдэх бодит боломжийг бүрдүүллээ.
Шийдвэрлээгүй үлдсэн асуудлуудыг гурван том бүлэгт хувааж, гурван ажлын хэсэг байгуулахаар болсон. Нэгдүгээрт төслийн нэгдүгээр үе шат хугацааны хувьд хурдан дууссан ч зардал хэтэрсэн. Зардлын хэтрэлтийг хянаж судлахаар Засгийн газар болон “Рио Тинто” компаниас тус тусдаа аудитын баг гарч ажилласан. Хоёр талын ажлын хэсэг зардал юунаас болж хэтэрснийг анхан шатны баримт дээр тулгуурлан шалгасан. Энэ хоёр ажлын хэсэг аравдугаар сарын долооноос эхлээд хоорондоо баримтаа нэг бүрчлэн тулгаад зөвшилцөөд явна.
Хоёр дахь хамтарсан ажлын хэсэг нь геологийн нөөцийн тодотголоо хийнэ. Нөөцөө тодотгосонтой холбогдуулаад ТЭЗҮ-ээ шинэчилнэ. Төслөөс хүртэх эдийн засгийн үр ашгийг анх тохиролцож, гэрээгээр баталгаажсан харьцаагаар хадгалах тал дээр санал нийлсэн.
Гурав дахь ажлын хэсэг нь далд уурхай бүтээн байгуулалалттай холбоотой хоёр дахь санхүүжилтийг шийдвэрлэх тал дээр ямар ямар банкнаас ямар нөхцөлөөр зээл авах вэ гэдгийг зөвшилцөж, тохирох ажлын хэсэг байх болно. Хоёр дахь санхүүжилт дээр хуулийн болон техникийн шинж чанартай жижиг маргаанууд бий. Ерөнхий зарчмын хувьд тохироонд хүрсэн.
Энэ гурван ажлын хэсэг ирэх долоо хоногт эрчимтэй ажиллана. Үүний дараа хөрөнгө оруулагчийн зүгээс өндөр түвшний төлөөлөгчид ирж, зарим ойлголцлын зөрүүгээ арилгаад баталгаажуулж, төсөл маань цаашаа явна.
Бид Лондонд бид “Рио Тинто”-гоос гадна “Туркойз Хилл”-ын бусад жижиг хувьцаа эзэмшигчидтэй уулзсан. Канадын тэтгэврийн сан, Сингапурын “Темасек” хөрөнгө оруулалтын сан гээд жижиг хувьцаа эзэмшигчид байдаг. Эдгээр хөрөнгө оруулагчидтай уулзахад нэг зүйл ажиглагдсан нь Монголын талаарх мэдээлэл хомс, Засгийн газрын байр суурийн талаар нэлээд ташаа ойлголттой байсан. Тэдэнд бид зөв мэдээлэл өгч, байр сууриа тайлбарласан. Ингэсний үр дүнд Монголын Засгийн газрын байр суурийг зөвөөр ойлгож, манай байр суурийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж нэг зүйлийг хэлэхэд, Лондон бол дэлхийн банк санхүүгийн төв. Ихэнх хөрөнгө оруулагчид тэнд төвлөрдөг. Монголын талаарх мэдээллийг ихэвчлэн цахим хуудсаар авдаг юм байна. Мэдээллийн англи орчуулга нь алдаатай байдгаас болдог уу, Монголын талаар ташаа мэдээлэлтэй байсан. Тийм болохоор гадагшаа цацаж байгаа мэдээллээ мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж цацаж байвал цаашдаа хөрөнгө оруулагчдын дунд үл ойлголцол бага байх боломжтой болов уу.
Ирэх даваа гаригаас ажлын хэсгүүд ажилдаа шуурхай орно. Бидний тавьж байгаа зорилго бол үлдэж байгаа 15 асуудлыг нэгээс хоёр долоо хоногийн дотор шийдэхийг зорьж байна. Төслийн нэмэлт санхүүжилтийн тал дээр арванхоёрдугаар сар гаргаад хамтарсан шийдвэр гаргана. Үүнээс өмнө үлдсэн 15 асуудал дээрээ нэгдсэн ойлголцолд хүрнэ. Төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг бууруулахгүй, хадгалах, улмаар өсгөх талаар хийж байгаа хэлэлцээрүүд маань амжилттай болж дуусна гэсэн итгэлтэй байна.
Далд уурхайн санхүүжилт дээр хоёр талаасаа ажлын хэсэг байгуулна. Нэлээд судлах асуудал бий. Хэлэлцээрт ороод зөвшилцөөд явах болохоор одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Бидний хувьд хүчин төгөлдөр байгаа ТЭЗҮ, санхүүгийн загвартай нийцсэн байхыг шаардаж байгаа. Хөрөнгө оруулагч талын хувьд зэсийн үнэ байнга ийм өндөр байхгүй, 5-6 жилийн дараа зэсийн үнэ их хэмжээгээр унах эрсдэл байна. Афганистанд маш том зэсийн орд нээгдсэн, Мозамбик, Чили гээд том ордууд дээр үйлдвэрүүд олноор баригдаж байна. Зэсийн үнэ унавал аль аль талдаа ашиггүй байдал үүсэх гээд байгаа болохоор бүтээн байгуулалтын ажлаа хурдасгаад экспортоо нэмэгдүүлж, аль аль талын хүртэх үр өгөөжийг наашлуулъя гэсэн байр сууриа илэрхийлсэн. Энэ тал дээр манайх судалгаа хийж байгаа. Үнэхээр аль аль талдаа үр өгөөж нь наашилж байвал, мөн зардлын хэтрэлт нь төслийн бүтээн байгуулалтыг сайжруулж байвал өөр асуудал юм. Тийм болохоор сайн судлах хэрэгтэй.
Ирэх долоо хоногоос хамтарсан ажлын хэсгүүд эрчимтэй ажиллана. Хоёроос гурван долоо хоногийн дараа “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Оюутолгой” компаниас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэлээ.
С.Болд-Эрдэнэ