Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Нинжаг 61 мянган монгол хүнээ ажилтай болгоё гэж харъя

Сурвалжилсан Н.Ариунтуяа

Бичил уурхайчид ажилгүй бол Шарын голын амьдрал тэр чигтээ зогсоно

“Сонин байгаа бол доошоо буугаад үз л дээ. Юунаас айдаг юм”. Баахан асуултаар ээрэхээр залхав уу. Шөрмөслөг бор залуу ийн зоригжуулаад, юу юугүй өнөө нүх рүүгээ оруулах нь ээ. Сониуч зангаар олсны гогцоонд хөлөө углаж үзсэн ч гялс татав. Өө, би чинь ганцаар явж байгаа. Зураглаач маань тээр тэнд намайг анзаарахтай манатай. Таль хэмээх олс татагч дөрвөн хөлтэй төмөр төхөөрөмжийн хэмжээгээр тэгш өнцөг гарган ухсан нүх зөндөө гүнзгий. Олсоо явуул. Шороогоо аваарай гэх дуу тээр тэнд сонстоно. Нүхний гүн ойролцоогоор 8 метр орчим гэнэ. Дороо 3-4 салаалсан хонгилтой.

Дархан-Уул аймгийн  Шарын гол сумын төвөөс баруун урагш 10-аад км-ийн зайтай энэ газрыг Буянтын хөндий гэнэ. Энд шороон орд дээр бичил уурхайчид гар аргаар алт олборлож байна. Хэд хэдээрээ нэгдэн нөхөрлөл болсон тэд “Буянтын хөндий Шарын гол” ТББ-ын гишүүд. 40-өөд нөхөрлөлийн 600 гаруй хүнтэй. Голдуу гэр бүл, ахан дүүсээрээ нөхөрлөл болно. Өнөөдрийн хувьд ажиллаж байгаа нь цөөхөн. Хадлангийн цаг эхлээд эцэг эхдээ туслалцахаар нэлээд нь явчихсан. Бас оюутнууд хичээлдээ орчихсон болохоор цөөрчихөөд байгаа нь энэ.

Олборлолт явуулж сэндийлсэн газрын хойхно хоёр гэр байна. Нэг нь төрийн бус байгууллагын гэр. Нөгөө нь хоол хийж зарна. Гэрийн хажуугаар “Д.Амарсанаа огцор”, “Бичил уурхайчдад төрийн бодлого хэрэгтэй” зэрэг үгс бичсэн явган самбарууд эгнүүлжээ. Гарбөмбөг тоглох залуусын дуу үе үе чангаар нирхийнэ. Эл газрыг Шарын голын уурхайн тусгай зөвшөөрөлтэй талбай гэх бөгөөд бичил уурхайчдад сумын Засаг даргаас газар чөлөөлөх шаардлага иржээ. Өнөөдөр цагдаа ирж хөөнө гэсэн сургаар ажлын талбараа манах гэж цугларч. Энд тэнд хэд гурваараа бөөгнөрөн дэл сул зогсоцгооно. Гэхдээ нүхэнд орчихоод харагдахгүй байгаагаас биш ухаж байгаа хүмүүс нэлээд байх шиг. Нүх бүрийн дэргэд шахам нэг портер. Түүгээр газар дор хэдэн хүн байгааг багцаалж болох ажгуу.

Овоолсон шорооны хажууд портероо тулган зогсоогоод олсоор бэхэлсэн шуудайтай шороог зөөх 50-иад насны эртэй хэсэгхэн зуур яриа өрнүүлэв. Ажилгүй болчихоод хоёр хүүтэйгээ зунаас энд иржээ. Намайг нүх рүү ороод үз гэсэн залуу хүү нь. “Сумаас холгүй учраас өглөөдөө ирээд оройдоо буцчихна. Гайгүй бол өдөр шөнөгүй ч ажиллах нь бий. Юм олдох эсэхээс шалтгаална. Хоосонгүй, өдрийн хоол ундны мөнгөө хийчихээд л байна. Гайгүй өдрөө нэг машинаас 6-7 грамм алт гарчихна. 1 грамм алтыг 60 мянгаар өгдөг. Алт авдаг хүмүүс Шарын голд бий. Энүүхэн усан буу дээр ч авдаг хүмүүс байдаг” хэмээн хуучлав.




Нэг нөхөрлөл портер  машин, олс татдаг төхөөрөмж, молдаак (орос хэлний молоток гэсэн үгний сунжирсан дуудлага болтой) гэх бутлагч алх, түүнийгээ залгаж 220-ийн хүчдэл гаргадаг жижиг мотороор зэвсэглэжээ.

Багадаа 5 метр нүх ухаад тунель гаргачихна. Тэр хонгилууд үргэлжилж явсаар хажуугийн нүхтэй нийлэх нь бий. Тэгвэл агаар ороод сайхан болчихдог гэнэ. Хонгилын урт заримдаа арав, хорин метр ч үргэлжилнэ. Ямар ч бэхэлгээгүй сул шороо пирхийгээд нураад ирэхийг үгүй гэх аргагүй. Гэхдээ олон жил нүхэнд явчихаар дадлага суучихдаг, сурцаараа яваад байдаг гэх. Бас шороогоо хараад алттай эсэхийг ч мэддэг болчихдог гэж байна. Энд юм байж магадгүй гэснээ “контрольдаж” үзнэ. Тэр нь багахан шороог усаар угааж шалгахыг хэлж байгаа хэрэг. Холгүйхэн өмнө алт олборлож байсан өндөр эргийн дэргэд үүссэн хиймэл нуур дээр усан буутай хүмүүс ажиллана. Нэг портер шороог 20,000 төгрөгөөр буудаж угаадаг. 30 минутын л ажил. Гараар угаадаг цагт өдөржингийн  ажил болдог байжээ.

Авсан шороогоо “контрольдож” байгаа хижээл эр “Нэг шуудайд 50-60 кг шороо орчихно. Нэг портероос сайн гарлаа гэхэд 10 грамм гардаг” гэснээ дэргэдэх портерыг заагаад, эндээс 7-8 грамм л гарах байх. Ерөнхийдөө муудчихаад байна. Манай энэ газар сорьц муутай. 90-ээс дээш гардаггүй. Зүүн урагшаа уул руугаа өгсөөд явбал сорьц нэмэгддэг. 999-ийн сорьцтой алтыг Улаанбаатарт граммыг нь 68 мянгаар авч байгаа. Эндээс олох нэг нь л олно. 7 метрийн гүнд алт дэвсчихээгүй шүү дээ. Аз дайрвал бурзайна. Өдөрт нэг портерээр 3-4 хийж байна. 4 буудлаа гэхэд нэгээс нь 6 грамм. 24 граммыг 3 хүн хувааж авна. Сая гаруй төгрөг. Нэг бурзайвал бурзайна л даа. Гэвч үргэлж тийм байхгүй хэмээн ярилаа.

Өөрийгөө хуульч хэмээн танилцуулсан ч нэрээ хэлэхийг хүсээгүй өвгөжөөр эр 10 гаруй жил нинжа хийж байгаа гэнэ. “Өмнө бол хүн толгойтой бүхэн архи ууна. Хог новш дийлдэхгүй. Жорлон хаана байгаа нь мэдэгдэхгүй. Өнөө биеэ үнэлэгчид нь ирнэ. Мөн ч замбараагүй байсан даа. Ирж байсан хүн бол мэднэ. Зохион байгуулалтад орчихоод хамаагүй өөр болчихоод байна. Ямар ч хоггүй байгаа биз дээ. Одоо ийм байгаа юм чинь өшөө боловсронгуй болно. 6 сарын дараа шал өөр болчихсон байна даа”. Тэд нэрээ хэлэх дургүй юм. Харин асуултад бол ний нуугүй шударга хариулна.

Бичил уурхайчид одоо ажиллаж байгаа талбайнхаа өмнөх 2,8 га газарт тухайн үеийн сумын Засаг даргаас зөвшөөрөл авч албан ёсоор ажиллаж байжээ. Түүнийгээ “идэж” дуусаад, энэ талбай руу орсон ч хэдэн сарын өмнө хөөгдсөн байна. Сумын ИТХ-аас бичил уурхайчдын асуудлыг дэмжиж, хуульд нийцүүлэн шийдэхийг сумын Засаг даргад үүрэг болгосон ч газар чөлөөл гэсэн захирамж гаргажээ. 

“Буянтын хөндий Шарын гол” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа, “Эдгээр улс талын нэг тарж, уул уулын аманд очин, хүн хүнд хөөгдөж явсан улс. Орон нутагт байгаа бичил уурхайчдын хууль эрхзүйн орчныг сайжруулж өгөөч. Энэ хүмүүст эрхийг нь өгөөд, чадахгүй бол хариуцлага тооцооч. Бид хариуцлагыг өөрсдөөсөө эхэлье гээд явж байна. Нөхөн сэргээж чадах уу гэвэл чадаж байна. 2,8 га газрыг бид дундын сан үүсгэн 3.200.000 төгрөгөөр сэргээсэн. Төрөөс нэг ч төгрөг аваагүй. Албан ёсоор орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэж өгсөн.

Ер нь бичил уурхайчид сайн дураараа орон нутгийн байгаль хамгаалагч хийдэг. Байгаль орчноо цэвэрлэж, орон нутагт хүлээлгэж өгдөг. Бидэнд өгсөн учраас эзэн нь болж чаддаг. Тэр голд машин угааж байна, энэ ингэж байна гээд явдаг. Эндээс орон нутгийн иргэд орон нутагтаа эзэн нь болж чаддаг юм байна гэдэг нь харагддаг. Явуулын нинжа гэж бий. Тэд сүйтгээд л явдаг. Энэ олон хүмүүсийг ажилгүй болгоод хуучин нинжа байдалд нь оруулах үйл ажиллагаа явуулж байгаа Засаг дарга нарт харамсаж байна. Энэ шийдвэрээ эргэж харах байх” гэж ярив.

Шарын голын бичил уурхайчид ТББ-д хамрагдсандаа ам сайтай байна. Зохион байгуулалтын хувьд Удирдах зөвлөл 9, хяналтын зөвлөл 5, Аврах алба 5 гишүүнтэй гэнэ. Тэд ухсан нүхийг нэр устай нь бичиж аваад нөхөн сэргээлтээ хийж, хүлээлгэж өгөөгүй бол дараагийн шруппыг ухуулдаггүй. Нүхээ таглаад хөрс суулгасны дараа дараагийн нүхээ ухах эрхтэй болно.  
Газар дор 7-8 метрийн гүнд ажиллана гэдэг амаргүй. Өдөржин нүх ухаж, чийгтэй хонгилд мөлхөн, нүхнээс шороо татна гэдэг хялбар хөдөлмөр биш ээ. Нүхэнд залуучууд л голдуу ажилладаг нь анзаарагдав. Залуу хүний л бяр, зоригоор давах ажил юм. Шарын гол сум 8000 гаруй иргэнтэй. Шарын голын уурхай, төсвийн хэдэн байгууллагаас өөр ажлын байр үгүй. Хөдөлмөрийн насныхны дийлэнх нь ажилгүй. Голдуу залуус. Бас группт орчихсон тэтгэврийнхэн нэлээд бололтой.

15 жил нинжа хийж байна хэмээн өөрийгөө танилцуулсан залуу “Алт сайн гарах үед эмнэлэг сургуулийнхан гээд төсвийнхөн хүртэл ирнэ. Захиргааны албан хаагчид ч шороо зөөдөг. Нууцгүй хэлэхэд, цагдаа нар ч ирээд шороо гуйгаад явдаг юм” гэж ярив.   
 
Дэд бүтэц сайтай, энэ том сууринд хамгийн том арми нь бичил уурхайчдын нэгдэл болжээ. 678 хүн ийм аргаар амин зуулгаа залгуулж байна. Зөвхөн гэр бүлээ төдийгүй хувийн хэвшлийнхнийг ч тэжээж байна гээд хэлчихвэл хилсдэхгүй биз. Бичил уурхайчид ажиллаад эхлэхэд ШТС-аас эхлээд дэлгүүр, такси гээд үйлчилгээнийхэн илт хөл хөдөлгөөн орчихно. Дэд бүтэц сайн хөгжсөн болохоор галт тэрэг өдөрт хоёр удаа, нийтийн тээвэр Улаанбаатар руу хоёр, Дархан руу хоёр явна. Тэр бүхэн маш ачаалалтай болчихвол өнөө бичил уурхайчид ажлаа хийж байна гэсэн үг. Харин тэдний үйл ажиллагаа зогсчихоор энэ бүх хөл хөдөлгөөн нам зогсоно. Дэлгүүрийн лангуун дээрх бараа хүртэл борлохоо больдог. Гудамжинд ч хүн харагдахгүй шахам ажин түжин болно. Харин ламбордаар л ээмэг бөгжөө барьсан эмэгтэйчүүдийн хөл тасрахгүй. Шатахуун түгээгч, цайны газрын зөөгч, дэлгүүрийн худалдагчаас шүлэг цээжлүүлчихсэн юм шиг ийм л яриаг сонсов.    





“Алтан Дорнод Монгол” нинжа хоёрын нөхөрлөл

Заамар сумын Хайлааст багийн төв дэх “Алтан дорнод Монгол” компанийн баазаас уурхайн карьерыг чиглэн хөдлөв. Тэнд бичил уурхайчид үүсмэл орд дээр ажиллаж байгаа юм. Түүнийгээ ул гэж ярина. Ойролцоогоор 50-иад метрийн гүнд тод өнгийн хамгаалалтын хантааз, касктай олон хүн тонголзон ажиллаж байна. Багцаагаар 100 гаруй хүн байх шиг. Дундуур нь хоёр ч тууз татаж тусгаарласныг харвал гурван өөр бүлэг ажиллаж байгаа бололтой. Тууз бүрийн дэргэд уурхайн таних тэмдэг бүхий хантааз, каск өмссөн хамгаалалтын ажилтнууд зогсоно. Метал хайгч барьсан чихэвчтэй залуус багажаараа газрын хөрсийг уйгагүй тэмтрэн холхилдоно. Түүнээс нь үе үе чичирхийлсэн дуу жингэнэн сонстох. Тэр нь ямар нэг метал мэдэрснийг илтгэх ажгуу.

Энэ талбайг Заамарын хэсгийн 39 дүгээр блок гэнэ.”Алтан дорнод Монгол”-ын уулын ажил явуулж дуусаад нөхөн сэргээх гэж буй талбай. Нөхөн сэргээхээс өмнө бичил уурхайчдыг оруулдаг ажээ. Ашигт малтмалыг хаягдалгүйгээр ашиглах буюу тэдний хэлснээр алтны үртэс ч үлдээхгүй авахын тулд. Энэ бүхэн уулын ажилтай уялдах бөгөөд олборлолт бүрэн дууссаны дараа аюулгүй ажиллагааг хангасан цагт сая бичил уурхайчид орно. Нөгөө талаар бичил уурхайчид ороод бүгдийг ухаад авчихсан газарт нинжа орж, нөхөн сэргээсэн талбайг нь эвдэж сэндийчдэггүй сайн талтай гэнэ.

39 дүгээр блок дээр бичил уурхайчид өнөөдөр л оржээ. Гарц сайтай бол язганаж өгдөг гэнэ. Хүмүүсийн хөдөлгөөн тийм ч хурдан биш байгааг ажвал олигтой гараагүй бололтой. Метал хайгч итгэлтэй жингэнэн дуугарсан газарт голдуу эмэгтэйчүүд очиж, угаах шороогоо ялган шуудайлж байна. Устай карьерт бол түмпэнд шороогоо хийж угаагаад л  алтаа ялгаад авчихна. Илүү ч хурдан гэнэ. Усгүй карьерт “прибор” буюу гар аргаар алт ялгах төхөөрөмжийг жижиг оврын моторт залган ажиллуулж, алтаа ялгадаг ажээ. Нэг ёсондоо ус ашиглахгүйгээр хуурайгаар алтыг ялгаж авах гараар хийсэн төхөөрөмж юм. 120 орчим мянгын өртөгтэй. Алт байгалийн хамгийн хүнд метал учраас сэгсрэх хөдөлгөөнөөр шороо нь шигшигдэн доош унаснаар хүнд метал нь тунаж хоцрох энгийн зарчимтай. Ийм ул дээр ажиллахад гайгүй гарцтай үед нэг ТББ өдөрт 20-50 грамм алт авчих үе бий. Дийлэнхдээ 10 орчим грамм алттай буудаг гэнэ. 

Заамар бол “Алт” хөтөлбөр хамгийн эрт хэрэгжсэн сум. Үр дүнд нь сумын иргэд тэр чигээрээ шахуу хувиараа ашигт малтмал олборлогч болж хувирсан. Монголын өнцөг булан бүрээс нинжа нар цугларсан. Уул уурхайн компани нинжа нарын зөрчил дээд цэгтээ хүрсэн газар. Тухайн үедээ 50 шахам уурхай ажиллаж байснаас өнөөдөр 16 нь  үлджээ. Тэдгээрт ажиллаж байсан хүмүүс ажилгүй болоод нинжагийн зам руу гулссан нь цөөнгүй. Компани асар их хөрөнгө зарж, хөрс хуулаад яг баяжмалтай давхаргадаа хүрэхэд карьер руу нь нинжа нар бүлэглэн дайрч, уулын ажлыг саатуулах явдал түгээмэл. Шөнөөр олуулаа дайрсан нинжа нар амжилтад хүрнэ. Компани харуул хамгаалалтаа чангатгаж, нинжа нартай мөргөлдсөн тохиолдол ч бий. Нинжа нарын дайралтад өртөх зовлонг Заамарын алтны компаниуд бүгдээрээ туулсан. Одоо ч энэ бэрхшээл бүрмөсөн арилаагүй. Нинжа нартай хөөцөлдөж “тоглосон” ийм цаг “Алтан дорнод Монгол”-д ч байсан.

Харин бичил уурхайчидтай хамтарч ажиллаж эхэлснээр бэрхшээл ард үлджээ. Орон нутгийн нинжа нар ТББ-ын зохион байгуулалтад орж, Орон нутаг, Компанитай гурвалсан гэрээ байгуулж ажилласнаар тэдний дунд үүссэн ан цав аньж, орон нутагт сайн жишээ болж байна. Гурвалсан гэрээний үр дүнд техникээр олборлох боломжгүй хаягдал талбай дээр нь хувиараа алт олборлодог ТББ-ын гишүүд ажиллах болсноор лицензтэй талбай руу дайрч, хууль дүрэм зөрчих явдал  цэгцэрчээ. Тэр ч бүү хэл бичил уурхайчид компаниа “хамгаалалтад авч”, дүрэмгүй нинжа нартай тэмцсэн нь ямар ч том харуул хамгаалалтаас илүү үр дүн авчрав. Ажлын байраа авч үлдэхийн тулд төрийн бус байгууллагынхан карьераа хамгаалж хонох үе ч байж. Өөрсдөө нинжа байсан болохоор бүх хүнээ танина. Шөнөөр нинжа нар дайрахад тэрний нөхөр болиоч, энэний ах гараач хэмээн таньдаг нэгэн овог нэрээр нь дуудан хашгирахад өнөөдүүл нь яаж ч чадахгүй гарна. Цагдаа ороод гавласнаас ч илүү үр дүнтэй байж гайхшруулжээ.  

Тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны нөхөн сэргээлтийн албаны дарга Ц.Цэрэннадмид, “Гэрээ байгуулснаар хэн хэндээ хүндэтгэлтэйгээр аюулгүй байдалд ажиллах нөхцөл хангагддаг. Үр дүнд нь харуул хамгаалалтын зардал буурч улмаар түүнийг ажилчдын нийгмийн асуудалд зарцуулах, нөхөн сэргээлтийн зардлаа нэмэгдүүлэх боломж олдож байна” гэв. 

“Алтан дорнод Монгол” 2012 оны наймдугаар сараас бичил уурхайчдын ТББ-тай хамтарч ажиллажээ. Одоо “Өгөөмөр эрдэнийн тал”, “Тосон Заамар ундарга”, Үйлдвэрлэлийн бус аргаар ашигт малтмал олборлогчдын нэгдсэн холбоо гэсэн гурван ТББ-тай гэрээтэй. Тэдний цаана орон нутгийн 140 бичил уурхайчин бий.    
 
“Бэлэн талбай дээр алт олборлох үнэхээр давуу талтай юм. Хөөгдөж туугдахгүй. Эмэгтэй хүн ажиллахад ч хялбар” хэмээн шороо ялган шуудайлж байгаа эмэгтэй хөлсөө шудран  өгүүлэв. “Ашигласан талбай дээр ороход янз бүр л байдаг. Заримдаа олдоно. Заримдаа хоосон. Хамгийн гол нь ажилгүй хүмүүс ажлын байртай болж байна. Сард нэг хүн 300-400 мянган төгрөгийн орлого олдог. Гэхдээ гарцаасаа шалтгаална. Манайхан бүгд Заамарын Хайлааст багийн иргэд. “Алтан Дорнод” дахин ажиллаж эхэлснээс хойш тосгоны иргэд овоо л ажилтай болж байна. Дээр нь бидэнтэй гэрээ байгуулсан. Амьдрал ахуйд нэмэртэй сайхан л байна. Өдөрт 2-4 цагаар ажиллана. Юм гарахгүй үед больчихоод дараагийн ул гартал хүлээнэ. Байнга ажиллахгүй, заримдаа хүлээх үе гардаг юм” гэж хуучлав. 

“Тосон заамар ундарга” ТББ-ын хувьд гэрээний үнийг өөрсдөө санал болгожээ. Граммыг нь 48 мянган төгрөг гэсэн үнийг компани хүлээж авсан байна. Үнэ өссөн ч буурсан ч гэрээний үнэ гэрээний хугацаанд тогтмол хэрэгжинэ.  Гэрээг нэг жилээр хийх бөгөөд сумын ИТХ-д тайлангаа тавьснаар сунгах  эсэхээ шийдээд явдаг. 

Компани бичил уурхайчдын хамтарч ажиллах дүрэм тун энгийн. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг компани хангана. Бичил уурхайчид заасан газарт ажиллаж, олсон алтаа өдөртөө тушаана. Гэрээн дээр үнийг тусгана. Нэг ёсондоо худалдаж авч байна гэсэн үг. Бичил уурхайчид олсон алтаа өөрсдийн томилсон комисст тушаах ба тэд компанийн Нууцын эрхлэгчид алтыг хүлээлгэж өгнө. Компани граммлаж авсан алтаа Монголбанкинд тушаагаад өртгийг нь буцааж олгох байдлаар ажилладаг. ТББ тэр орлогоо дунджаар 40-өөд хүнтэй гэж тооцвол ажлын бүтээмжээр нь хуваарилах бөгөөд ямар ч байсан нэг гишүүн сардаа 300-400 мянган төгрөгийн цалин тогтмол авчихна.

Бидний очсон өдөр энэ блокоос олигтой юм гарсангүй. Бичил уурхайчид сэтгэл дундуур янзтай. Гарц сайтай газар ч урамтай шүү. Шижигнүүлнэ шүү дээ. Аяндаа хүмүүсийн хөдөлгөөнөөс мэдрэгддэг юм. Нийтлэг хөдөлгөөн муутай байна гэж ярьцгааж байлаа.

Карьерээс буцах замдаа Бага Хайлаастын нөхөн сэргээсэн талбайг сонирхлоо. 2012 оны гуравдугаар сард ашиглалт эхлүүлээд энэ оны хоёрдугаар сард ашиглалт нь дууссан талбай гэнэ. Гуравдугаар сараас нөхөн сэргээлт хийсэн энэ газар хэдхэн сарын өмнө уулын ажил явж байсан гэж анзаарагдахгүйгээр сэргэжээ. Харин дараа  нь ажиглавал орчны өнгөөс ялимгүй тод мэт. Хашсан талбайд таньдгаас үхрийн нүд, чацарганын бут, төмсний улаан цэцэг байна. Чамгүй хөөрхөн ургачихжээ. Гэрэлтсэн шар чацарганыг хараад арааны шүлс асгарахгүй байх аргагүй.  Амттай юм аа. Харин газарчилсан ХАБ-ын ажилтан залуу ирсэн хүн бүхэн ингээд түүж идчихээд байх юм гээд харамлангуй янзтай. Тариалсан ургамлыг нь шөнө адуу орж идчихээд, ургуулсан жимсийг нь над шиг зочид түүчих гээд хамгаалах зовлон бас байна аа, түүнд.

Бичил уурхайчдад алтны олборлолтоос гадна биологийн нөхөн сэргээлт хийж, өвс ургамлын үр цацах, цэцэрлэгжилтийн ажилд оролцох гээд боломжийн ажлууд олдоод байдаг янзтай.

Хөдөө орон нутаг дахь номер нэг асуудал ажлын байр. Уул уурхайтай газар бол амьдрахын төлөө арга буюу хүрзээ бариад мордоход хүрдэг янзтай. Ингээд зохион байгуулалтад орчихвол тогтвортой орлоготой, албан ёсны ажлын байртай, улсад татвар төлдөг, нийгмийн даатгалд хамрагддаг, аюулгүй ажиллагааны горим дүрэмтэй хамт олон болох олон давуу тал харагдаж байна. “Алтан дорнод Монгол”-ын Заамарын уурхай 550 хүнтэй. Тэдний 160 нь Заамар сумын харьяат. ТББ-д 140 гаруй хүнийг нэмээд тооцвол 300 гаруй хүн ажлын байраар хангагдаж байна. Дээрээс нь гэрээгээр ажилладаг хүмүүс ч бий. Мэргэжил сургалтын төвийн оюутнууд зохих хэмжээний цалин аваад нөхөн сэргээлт дээр ажилладаг. Түүнчлэн компанийн ногооны талбайд ургац хураалтын үеэр ТББ-ынхан хамтарч ажилладаг гэнэ.  
 
Резинэн бээлийтэй гараараа шороо чулуу ялгангаа байн байн хөлсөө шударсан, жаахан биетэй эмэгтэй буцах замын турш бодлоос салсангүй. Эмэгтэй хүн ажиллахад хялбар сайхан байна гэж тэр хэлсэн. Тэгээд чин сэтгэлээсээ инээмсэглэсэн. Тийм эмэгтэйчүүд түүгээр зөндөө байсан билээ. Сэтгэл нэг л гунигтай.

“Мондулаан”-ы сайн жишээ

Мондулаан компанийн “Баянгол” төслийн кэмп дээр очиход цоглог хүүхнүүд угтаж авав. Хамгаалалтын малгай, хантааз, ажлын өмд, гутлаар иж бүрэн “гангарчээ”. Төмөр хоншоортой гутлаа харуулан, машин дээгүүр нь гарахад яах ч үгүй гээд гайхуулангуй янзтай.

Заамарын 16 уурхайгаас хамгийн том нь “Алтан дорнод Монгол”, “Мондулаан” хоёр. Энэ хоёр уурхай хоёулаа бичил уурхайчидтай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байгаа. Тэр тусмаа “Мондулаан” нь уул уурхай нинжа хоёрыг мөнхийн дайсан мэт хардаг ойлголтыг сөрөн босч, анхны хамтын ажиллагаа эхлүүлсэн мөр гаргагч юм.     
 
“Энх мөнх эргэх холбоо” ТББ 2006 онд байгуулагджээ. Уул уурхайн компанид хамтарч ажиллах санал тавьсан бичил уурхайчдын санаачилга тухайн үед эвэртэй туулай мэт содон байсан биз. ТББ-ын тэргүүн Б.Баярмаа уйгагүй явж, олон ч компанийн үүд сахьсан гэдэг. “Мондулаан трейд” компанийн ерөнхий захирал Ш.Лхамсүрэн л тэднийг хүлээж авчээ. Гэхдээ үүдийг нь 6 сар сахьсны дараа. Өөрсөд рүү нь дайрдаг дайсантайгаа яаж хамтарч ажиллах вэ гэсэн болгоомжлол байсан биз. Эхний ээлжинд туршилтаар нэг сар ажиллуулж үзээд болох юм байна гэснээр үргэлжлүүлжээ. 2009 онд “Мондулаан” компанитай гурвалсан гэрээ байгуулсан нь хуулийн дагуу зөв зохион байгуулагдсан анхны сайн жишээд тооцогддог. Түүний араас дээр дурдсан “Алтан дорнод Монгол”, Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг “Спейшл майнз” нарын цөөн компани энэ хандлагыг төлөвшүүлэхээр ажиллаж байгаа.

“Энх мөнх эргэх холбоо” 50 гишүүнтэй. Засгийн газрын 308 дугаар тогтоолын бодит амьдрал дээрх үр дүн нь энэ холбоо. Хөөгдөж, гадуурхагдаж явсан нинжа нар зохион байгуулалтад орж, бичил уурхайчид болон төлөвшиж, хуулийн хүрээнд үүрэг хариуцлага хүлээн ажиллаж болдгийг тэд харуулж чаджээ. Тэдний араас маш олон ТББ-ууд байгуулагдсан. Одоо ч байгуулагдаж байгаа.

“Мондулаан” компанийн “Баянгол” төслийн менежментийг Уул уурхайн үндэсний олборлогч /MNO/ хийж байна. Шандын ар хэмээх үзэсгэлэнт уулын аманд кэмп нь байрлана.  Төслийн кэмп хавар нүүж ирсэн бөгөөд цоо шинэхэн орчин үеийн тохилог кэмп угтан авав. Уурхай нь ч бас дизайн сайтай орчин үеийн гоё уурхай юм. Уурхайн гүн 60 метр. Наймдугаар сарын борооноор карьер нь усанд автаж, бүтэн сар шавартай ноцолджээ. Аюулгүй ажиллагааг бүрэн хангах үүднээс бичил уурхайчдыг карьер руу оруулахгүй байгаа аж. Харин тэд нөхөн сэргээлт, кэмпийн тохижилтын ажилд оролцож байна. Сардаа дунджаар 400-500 мянган төгрөгийн тогтмол  орлоготой.

Уурхайн хяагдал дээр ажиллах зарчим нь ерөнхийдөө “Алтан Дорнод”-ынхтой адил. Гэхдээ хугацааны хувьд өдрийн гэрэлтэй цагт 2 цагаас хэтрэхгүй ажиллах гэрээтэй.

MNO Баянгол төслийн талбайдаа нөхөн сэргээлтээ зэрэгцүүлээд хийж байна. Гараар хийх боломжтой ажлуудыг байгаль орчны ажилтнуудын зааварчилгааны дагуу бичил уурхайчид хийчихнэ. Энэ жил 37 га нөхөн сэргээсэн гэнэ. Арвай, царгас тарьсан нь сайхан ургажээ. Өөрсдийн гараар ургуулсан болохоор бахархаж байна гэж жигтэйхэн. “Алтан Дорнодын” чацаргана гоё ургасан байна лээ гэсэн чинь үнэхээр ургасан байна гэж үү гээд л. Бас өрсөлдөөн байна шүү. 
 
ТББ-ынхан ажиллах үедээ уурхайн кэмп дээр ирээд хооллочихно. Унаа унашгүй үед нь  уурхайнхан очоод авчихна. Хоорондоо их найрсаг, халуун дулаан харилцаатай юм. “Манай Лхамсүрэн захирал гоё юм хийж чадсан хүн шүү. Энэ хүмүүсийг хөгжүүлнэ, өшөө ажлын байртай болгочих юмсан гээд явдаг. Бид ёстой азтай хүмүүс. Алт л гэж явж байснаас өөрийгөө алтнаас ч илүү үнэ цэнтэй хүн гэдгээ энд ажиллаад л ухаарсан” гэсэн эмэгтэйн үг үнэн сэтгэлийнх байсан. Тийм ээ. Амь насаа дээсэн дөрөөн дээр тавин, нүх малтаж яваа хүмүүстэй харьцуулахад үнэхээр азтай юм.  
 
Тэд амьдралын чиглэлээ ч өөрчлөх хандлага руу оржээ. Хүнсний ногооны хүлэмж байгуулах, хөнгөлөлттэй зээл аваад сүүний чиглэлээр үнээний ферм байгуулах гээд санаж сэдсэн зүйл бичил уурхайчдад зөндөө байна. Лхамсүрэн захирал ч дэмжихээ амлажээ.

Гурван уурхай дагасан гурван өөр газрын бичил уурхайчдын амьдрал бас гурван өөр өнгөтэй байна. Нинжа нар уул уурхайн компани түшин зохион байгуулалтад орж эхэлснээр тэдний хандлага, соёлыг аван төлөвшиж байгаа нь илт. Цаг хугацааны дарааллаар түрүүлж зохион байгуулалтад орсон нь түрүүлж өөр амьдралын хэвшил, өөр ажилд шилжих шилжилтийн аяс ч “Энх мөнх эргэх холбоо”-ныхноос харагдав.        

Тас хорих биш шийдэл хэрэгтэй

“Манай яам бичил уурхай эрхлэгчдийг дэмжих бодлого явуулахгүй. Нөхөн сэргээлт хийгдээгүй талбайн 30 гаруй хувийг нинжа нар сүйтгэсэн байдаг.” Есдүгээр сарын эхээр Хөрөнгө оруулагчдын чуулга дээр С.Оюун сайд ингэж мэдэгдсэн юм. Яг тэр үед нинжа нарын бодит амьдралыг нүдээрээ харж явсан билээ.

Байгаль орчин ногоон хөгжлийн яамны байр суурь буруу биш. Нинжатай тэмцэнэ гэдгийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ тэмцэх арга муйхар байгаа юм биш биз. Асуудлыг зохицуулаагүй байж тас хорих нь илүү уршигтай нөхцөлд хүргэж болзошгүй. Үүнийг “Нинжа” нартай эрс хатуу тэмцсэн түүх бүр харуулдаг. Тэмцэх бүрт тэд илүү далд, илүү аюултай нөхцөлд харгис үйл ажиллагаа явуулдаг өнгөрсөн цаг хугацааны  сургамж бий. Одоо ч байгаа.  Байгаа юмыг байхгүй болгож харьцсанаар өнөөх нь улам л далд нууц систем рүү ордог уршигтай. 

Ганцхан жишээ хэлье. 2007 онд айл бүр гэртээ мөнгөн ус хэрэглэж байна гэсэн дуулиан шуугианы дараа мөнгөн усны төвлөрсөн тээрмүүдийг хураасныг санаж байгаа байх. Дараа нь Засгийн газрын 28 дугаар тогтоолын хүрээнд мөнгөн усгүй баяжуулах цех байгуулах шийдвэр гарсан. Өдөрт 10 тоннын хүчин чадалтай үйлдвэр Борнуур суманд байгуулагдаад 5 жил болсон ч байгаль орчны үнэлгээ нь одоо болтол гараагүй тул цехийн үйл ажиллагааг зогсоочихоод байна. Гэвч энэ бүсэд хүдэр олборлож байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр алтыг ялгах ажил цаасан дээр хориотой гэж бичсэн ч хийгдэж байгаа нь тодорхой. Хаа нэгтэй мөнгөн усанд бариулсан алтыг Улаанбаатар руу оруулаад гэрийн чинь хажууд хайлуулж байгааг бид мэдэхгүй. Мэдээд хордож байгаа нь нэг өөр хэрэг. Мэдээгүй хордож байгаа хөршүүд, хавь ойрынхон байгаа. Энэ бүхэн байгаль орчин, мэргэжлийн хяналтынхны нүдэн дээр харагдахаа больчихно. Гэтэл цаана нь улам далд байдалд орж байна. Үүнийг олж харах ёстой.

Нинжа, бичил уурхайчин гэдгийг ялгаатай гэж харж байгаагүй ч сурвалжлагын явцад хөгжлийн үе шатыг харуулсан өөр өөр ойлголт яваад байгааг ойлгосон билээ.  Зохион байгуулалтад орчихсон нь бичил уурхайчид гэж өөрийгөө нэрлэнэ. Хууль журмын дагуу ажиллаж байгаа учраас. Харин хууль дүрэмгүй явж байгаа нь нинжа. ХАМО гэдэг нь энэ хоёрын дунд яваа хүмүүсийг эерүүлж нэрлэсэн нэршил мэт. Судлаач И.Бямбабаатар, “Нинжа байгаад ХАМО /хувиараа ашигт малтмал олборлогч/ болсон, одоо бичил уурхайчин болох гэж үзээд байгаа явц. Гэтэл тэр дунд нинжагаар үлдэх нь ч байгаа. Төр засаг тэдэн рүү арай өөр бодлого явуулах ёстой байх. Гэтэл төр засгаас гарч байгаа бодлого шийдвэрийг харахад зохион байгуулалтад орсонд нь илүү дарамт үүсэх гээд байх шиг. Эсрэгээрээ нинжагаараа үлдээд уул хадаар явж байгаа нь хүлээсэн үүрэггүй, илүү давуу талтай болчих вий. Зохион байгуулалтад орсонд нь давуу тал үүсгэх  хөшүүрэг байх ёстой” гэж хэлсэн.

Шарын голд бичил уурхайчидтай уулзахдаа, эндээс хөөгдвөл яах вэ гэж асуусан юм. “Монгол баян, өөр газар руу л явна даа”. Насаараа хуульч хийсэн жар гарсан өвгөжөөр эрийн бодож санах юмгүй хэлсэн хариулт түс тас. Тэгвэл хорь гучаад насны омголон залуус хаана алт гарч гэнэв, тийш хуйлрах нь тодорхой. Өөрсдийнх ярьснаар явуулын хэмээх ийм “нинжа” нар хүний нутгийг хэзээ ч хайрладаггүй. 

Харин Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын төсөлд хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг хууль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг төр, засгаас бодлогоор дэмжиж, холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно гэсэн өгүүлбэр орсон байсан. Энэ бол том алхам. Бичил уурхайчдыг бүртгэлжүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавиад явах бололцоо бүрэн дүүрэн бий. Эдийн засаг сайжраагүй, ажлын байр хангалттай биш нөхцөлд хориг биш, хууль ёсны зөв хоршил бий болгож ажиллах нь өнөөдрийн амьдралд хамгийн зөв гарц байж мэдэх нь “Мондулаан”, “Алтан Дорнод”-оос харагдсан. Тэр ажилсаг, зоримог, гүжирмэг “армийг” зөв зохион байгуулалтад оруулж чадвал “нинжа” хэмээх муу нэртээс үүдэлтэй олон асуудал, сөрөг үр дагаврыг арилгаж болох мэт. Нинжа ч аяндаа жам ёсоороо байхгүй болно. 

Харин зохицуулалтгүйгээр үл тоож хаях тусам асуудлыг шийдэхгүй. Бүхэл бүтэн сум, суурингийн амьдрал ийм хөдөлмөрөөс хамааралтай болчихсоныг хараад үнэхээр цочирдсон билээ. Бидний л адил монгол хүмүүс үр хүүхэд, амьдралынхаа төлөө энэрэлгүй хатуу хөдөлмөр эрхэлж явна. Тэдний дунд өрх гэрийнхээ амьдралыг нуруун дээрээ үүрч яваа дунд болон түүнээс дээш насны ээжүүд асар олон. Бас ямар ч мэргэжил эзэмшээгүй идэр залуус, зах зээлийн давлагаанаар ажилгүй болсон дунд эргэм насныхан. Дандаа хөдөлмөрлөх насныхан. Харамсалтай биш гэж үү.

Улсын хэмжээнд 61 мянган хүнтэй том арми байна. Аагаа багтааж ядсандаа биш амьдрахын эрхээр дайрч байгаа. Нинжагийн амьдрал бол амь зуухын төлөөх тэмцэл. Амь нас, эрүүл мэндээ дэнчигнэсэн хүнд хөдөлмөр. Шуудай шорооноос ч үнэ цэнгүй монгол хүн. Нинжаг хүн гэж харах бодлого үгүйлэгдэж байна. Нинжаг үзэн ядахаасаа өмнө 61000 хүнээ ажилтай болгоё гэж харъя.