Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

11.3 сая тонн нүүрс экспортолжээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний есөн сарын статистик мэдээллийг гаргажээ. Гуравдугаар улирлын байдлаар гурван тэрбум 97 сая долларын экспорт хийсэн бол 4,8 тэрбум долларын импорт хийжээ. Гадаад худалдааны тэнцлийн алдагдал 1,7 тэрбум долларт хүрсэн байна. Нийт экспортын 25 хувийг нүүрс эзэлж байна. 11,3 сая тонн нүүрс экспортолж, 783,9 сая долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын хэмжээ 20,4 хувь, үнийн дүн 45,3 хувиар буурсан байна. Зөвхөн есдүгээр сард 1,8 сая орчим тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн саруудтай харьцуулахад бага зэрэг өсөлттэй байгаа юм.

Зэсийн баямжмалын хувьд нийт экспортод 21,9 хувийг эзэлж байгаа бөгөөд 469 мянган тонн баяжмал экспортолж, 679 сая долларын орлого олжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэмжээ болоод үнийн дүн нь 8,4-8,9 хувиар өссөн байна. Төмрийн хүдрийн экспотын хэмжээ 1,4 хувиар нэмэгдэж 4,7 сая орчим тонн болсон ч үнийн дүн нь 25 хувиар өсч, 478 сая доллар болжээ. Есдүгээр сард 360 гаруй мянган тонн төмрийн хүдэр экспортолж, 36 сая долларын орлого олсон нь өмнөх саруудтай харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

Харин алтны хувьд нийт зургаан тонн алт экспортолж, 245 сая доллар болжээ. Алтны экспорт 3,7 дахин, үнийн дүн 3,5 дахин нэмэгдсэн байна. Наймдугаар сард алт экспортлоогүй бол есдүгээр сард 1,3 тонн алт борлуулжээ. Алтны экспорт нийт экспортын 7,9 хувийг бүрдүүлж байна. Экспорт нь хамгийн ихээр нэмэгдэж байгаа түүхий эд бол газрын тос. Эхний есөн сард 3,5 сая баррель түүхий газрын тос экспортолж, 349 сая долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэмжээ, үнийн дүнгийн хувьд 44-48 хувиар өссөн үзүүлэлт юм. Дээрх таван ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 80 гаруй хувийг бүрдүүлж байна.

С.Болд-Эрдэнэ