Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Геологийн салбарыг цогцоор хөгжүүлэх асуудал бүрэн туссан

Монгол улсад геологийн салбар үүсч хөгжсөний 74 жилийн ой энэ жил  тохиож байна.  Уг ойтой холбогдуулан  Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт болон геологийн мэргэжлийн холбоодын тэргүүнүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Саяхан батлагдсан “Хөрөнгө оруулалтын тухай”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулиуд геологийн салбарт тодорхой үр өгөөжөө өгч эхэлж байна хэмээн тэд ярьсан юм. Энэ хууль стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулахдаа хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаараад тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангаж өгчээ.

“УИХ-д өргөн баригдсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-т геологийн салбарыг хөгжүүлэх нэлээд олон асуудал багтсан.Геологийн салбар нь уул уурхайн салбараасаа түрүүлж хөгжих ёстой. Монгол орны геологийн тогтоцыг судлах ажил дор хаяж 10-15 жилээр уул уурхайн салбараасаа түрүүлж хөгжиж байж ашигт малтмалын салбарынхаа нөөц баялгийг урьдчилан бэлтгэх арга механизм руу орох ёстой гэсэн зарчмыг бодлогод баримталж байгаа” хэмээн Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт ярьлаа.


Г.Идэр