“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийх байсан ч намын бүлгүүд байр сууриа эцэслэн шийдээгүй гэсэн шалтгаанаар хойшилсон.
МАН-ын гишүүд АН-ын бүлгээс орж ирэх Бодлогын баримт бичгийн төсөлтэй холбоотой саналуудтай танилцахаас наана ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлэхийг төдийлөн хүсэхгүй байгаа бололтой. Ардчилсан намын бүлгээс ч Бодлогын төсөлд ямар асуудлууд хэрхэн тусгагдах, зарчмын ямар өөрчлөлтүүд орох талаар тодорхой мэдээлэл өгөхөөс зайлсхийж байна.
Намын бүлгүүдийн зарчмын гол маргаан нь бодлогын баримт бичгийн төсөлд “стратегийн ач холбогдол бүхий орд” тусгах эсэхээс шалтгаалж, саналын зөрүүтэй олон асуудал гарч байгаа хэмээн УИХ-ын зарим гишүүн ярьж байна. Юутай ч эрдэс баялгийн салбартай холбоотой цаашид гарах бүхий л хууль тогтоомж Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигтэй уялдаж гарах тул Ажлын хэсгийнхэнд нягтлах зүйл олон бий хэмээн Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа тодотгосон юм. Ингээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын байр суурийг сонирхсон юм.
С.Ганбаатар: Бодлогын баримт бичигт Стратегийн орд гэж зайлшгүй тусгах ёстой
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ. Бодлогын төслийн талаар Та ямар байр суурьтай байна вэ?
Нэгдүгээрт Бодлогын төслийн Ажлын хэсгийг ахлаж байгаа С.Одонтуяа гишүүн сайн ажиллаж байгаа. Маш олон хүний санаа бодол, тэр тусмаа эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлтүүдийг төсөлд тусгаж байна.Би тэдгээр олон холбоодтой хамтран ажиллаж байгаа. Үүн дээр нэмж хэлэхэд Нээлттэй нийгэм форумын судлаач Н.Дорждарь маш чухал санаанууд хэлж байна лээ. Бодлогын төслийн талаар судалгаа хийсэн олон улсын мэргэжилтнүүдээс ч би зөвлөгөө авч байгаа. Энэ бүхнийг үндэслэн миний зүгээс зүтгүүлж байгаа гол гурван байр суурь бий.
Нэгдүгээрт, Геологийн салбар. Энэ салбар бол цэвэр мэргэжлийн, шинжлэх ухаан юм. Геологийн чиглэлийн Үндэсний зөвлөл буюу албыг хараат бус, бие даасан байдлаар байгуулах, уг зөвлөлд багтах хүмүүсийг мэргэжлийн холбоод санал болгодог байх хэрэгтэй. Геологийн Үндэсний зөвлөл нь зөвлөмж гаргадаг, тэрхүү зөвлөмжийн хүрээнд УИХ, Засгийн газар, улстөрчид шийдвэрээ гаргадаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, эрдэмтэн судлаачид бидний өмнөөс шийдвэр гаргахгүй, харин шийдвэр яаж гаргах хязгаарыг тогтоож өгөх нь чухал юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд эрдэмтдийн за ингэнэ шүү, тэгнэ шүү гэсэн хүрээнд улс төрчид яриа хэлэлцээгээ хийе гэсэн санаа. Тэрнээс биш улстөрчид уул уурхай мэддэг, түүнийг шийддэг хүмүүс байх албагүй. Геологийн салбар улстөржилтгүйгээр тогтвортой хөгжих бололцоо ингэж л бүрдэнэ.
Хоёрдугаарт, уул уурхайн салбар. Геологи, уул уурхай хоёр бол өөр зүйл. Геологийн салбар олон жил хаягдсан. Уул уурхай бол англиар “mining”. Ерөнхийдөө бол ухаад, гаргаж ирснийг нь боловсруулах гэсэн санаа. Уулыг ухаж эхлэхэд маш олон харилцаа үүснэ. Уулаа ухуулж, ухаж байгаа хүмүүс, тэндээс ашиг олж ажлын байр бий болгож байгаа иргэд, малчид, иргэний нийгэм, үйлдвэрчний эвлэлийнхэн, улстөрчид, байгаль орчны хөдөлгөөнийхөн бүгдээрээ хоорондоо зөвлөлдөн ярилцдаг Үндэсний зөвлөлийг байгуулъя. Өнөөдөр Монголд компаниуд нь улстөрчдийг лоббидож байгаад хүчээр ухдаг, үүнээс болж ард иргэд нь бухимдаж, буу шийдэмдээ тулж байна.
Гуравдугаарт, орон нутаг. Орон нутагт уул уурхай гэхлээр байгаль орчноо л ярьдаг. Одоо бид хүнээ анхаармаар байна. Хүний хөгжил маш чухал. Тиймээс орон нутгийн хөгжлийн гэрээг компани болгон тухайн нутагт нь тал бүрийн төлөөллүүдтэй байгуулах ёстой. Би иргэдээ төлөөлж Бодлогын баримт бичиг дээрээ оролцож байгаа.
Бодлогын баримт бичгийн төсөлд Стратегийн ач холбогдолтой ордын талаар тун бүрхэг тусгагдсан гэсэн шүүмжлэл байна?
Бодлогын төсөлд Стратегийн ач холбогдолтой орд гэж тусгах ёстой. Ийм том газар нутагтай, маш олон гүрнүүдийн нөлөөнд байдаг улсын хувьд стратегийн орд гэж байхгүй бол маш аюултай байдал руу орно.
Г.Идэр