Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Монгол улс анх удаа гаргах гэж байна. Энэхүү баримт бичиг нь манай улсын эдийн засгийн тулгуур салбарын цаашдын урт хугацааны хөгжлийн чигийг тодорхойлохын хувьд нэн ач холбогдолтой юм.
Бодлогын баримт бичгийн төсөлтэй УИХ-ын гишүүд бүр Наадмын өмнө танилцсан боловч одоог хүртэл Намын бүлгүүд байр сууриа нэгтгэн зангидаж чадахгүй байгаа юм. Төрийн бодлогодоо “Стратегийн орд” гэсэн нэр томъёог оруулах уу, хасах уу, эсвэл “Стртегийн ашигт малтмал” гэсэн шинэ томъёоллоор тусгах ёстой юу гэхчлэн цөөн асуудлаар гишүүд дотроо байр суурь зөрж байна.
Шалтгаан нь Стратегийн орд хэмээн төрийн мэдэлд ашигтай ордуудыг авч, төрийн бизнесийг цэцэглүүлэх гол “эх үүсвэр” нь болдог учраас уг нэр томъёог халахаас эмээж буй билээ. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэдэг байсан бол өнгөрсөн цөөхөн жилд уг тоо багассаар одоо ДНБ-ийн 60 орчим хувийг бизнесийнхэн хийж, харин үлдэх том орон зай дээр төрийн бизнес цэцэглэх болсон юм. Энэхүү шинэ бөгөөд аюултай статистик нь манай улсын эдийн засаг улам бүр социалист чиг баримжаатай болж, төрийн нэрээр ашиг олж амь зуудаг нийгмийн бүхэл бүтэн давхрага бий болсныг илтгэдэг.
Төр бизнесээсээ салах тун дургүй байгааг “Стратегийн орд” гэсэн нэр томъёотой зууралдаж байгаагаас харж болно. Эрдэс баялгийн салбарын бодлогын баримт бичгийн төсөл дээр УИХ-ын Ажлын хэсгийг С. Одонтуяа тэргүүлэн ажиллаж байна. Харин Дэд ажлын хэсэгтээ эрдэс баялгийн салбараас хоёрхон төлөөлөл багтаажээ. Ажлын хэсгийн хуралдаанд Намын бүлгүүдээс саналаа өгөхдөө тун хойрго хандаж байгааг гишүүд нь өгүүлсэн юм. Харин УИХ-ын бие даагч гишүүд, “Шударга ёс” эвслийнхэн нэн идэвхтэй саналаа өгдөг, тэдний олонхи нь ордыг нийгэмчилбэл шударга ёсонд нийцнэ гэсэн байр суурьтай байдаг аж.
Манай улсын эдийн засгийн суурь салбарын хувь заяаг тодорхойлох бодлогын баримт бичиг хэрэв зэ хазгай муруй “цутгагдвал” түүнийг дагалдан гарах Хөтөлбөрүүд, түүнчлэн Ашигт малтмалын хуульд оруулах өөрчлөлт мөн л хагас дутуу зүйл болно гэдгийг салбарын мэргэжилтнүүд сануулсаар байгаа билээ.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт мөн зарим зөв хандлага туссаныг салбарынхан өгүүлж байна. Тухайлбал, Эрдэс баялгийн зөвлөлийн ажлын чиг үүргийг төрөөс салгаж, мэргэжлийн холбоодод нь өгөх, нөөцийг олон улсын Жорк стандартаар тогтоож байх зэрэг тулгамдсан асуудлыг нааштайгаар тусгажээ.