Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр айлчлалын хөтөлбөрийн дагуу Сычуань мужийн Чөндү хотноо болсон “Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэн”-г үзэж сонирхсон юм. Уг үзэсгэлэнтэй танилцаад “Хятадын баруун бүсийн олон улсын форум”-д оролцож, үг хэллээ. Хятадын баруун бүс нутгийг эрчимтэй хөгжүүлэх стратегийн хүрээнд Хятад улс нээлттэй бодлого хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор уг үзэсгэлэн яармагийг 2000 оноос хойш жил бүр зохион байгуулж иржээ. Аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд зохиогдож буй 14 дэх удаагийн үзэсгэлэн яармагт гадаадын хэд хэдэн орны парламентын дарга болон Ерөнхий сайдууд оролцож байгаа юм.
“Хятадын баруун бүсийн олон улсын форум” нь энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд өндөр түвшинд зохион байгуулагддаг бөгөөд 2008 оноос хойш тав дахь удаагаа зохион байгуулагджээ. Уг форумаас 2008 онд “Чөндүгийн зөвшилцөл”, 2009 онд “Нийт Азийн хамтын ажиллагааны үйл ажиллагааны хөтөлбөр”, 2010 онд “Нийт Азийн зам, тээврийн хамтын ажиллагааны хөтөлбөр”, 2011 онд “Нийт Азийн ногоон хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр”, 2012 онд “Нийт Азийн хувийн хэвшлийн хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг баримт бичгийг батлан гаргажээ. Энэ удаагийн форум “Тэнцвэртэй хөгжих, хамтаар хөгжил цэцэглэлтийг цогцлоох нь” сэдвийн хүрээнд болж өнгөрлөө.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийж буй айлчлал тус улсын Ляонин мужийн Шэньян хотод үргэлжиллээ. Тус мужийн дарга Чэнь Жэнгао Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхсан юм. Айлчлалын хөтөлбөр ёсоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Хятадын ажил хэргийн уулзалтад оролцож, Шэньян хотын бага сургуулиар зочлон, “Мэнню” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцлаа. Ляонин муж, Монгол улс давуу талуудаа харилцан нөхсөн байдлаар харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол улсад хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, ялангуяа Монгол улсын төмөр замын бүтээн байгуулалтад оролцох, төмөр замд хөрөнгө оруулах, тус мужийн далайн боомтуудыг ашиглах зэрэг саналыг мужийн удирдлагууд илэрхийлж байлаа.
Тус мужтай Монгол улс төмөр зам болон далайн боомтуудын чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар Зам, тээврийн сайд А.Гансүхээс тодрууллаа.
"Ляонин муж бол Хятадын эдийн засгийн маш том бүс нутаг. Энд аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Нөгөө талаараа сонирхолтой нэг зүйл бол Монгол улсын Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогоор энэ мужтай Рашаант, Бичигт гэсэн хоёр боомтоор холбогддог. Мөн эдгээр боомтоор бид авто зам барихаар төлөвлөсөн. Тэгэхээр УИХ аас баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод заасан чиглэлүүд Ляонин мужийн өөрийнх нь ирээдүйд хөгжүүлэх гэж байгаа дэд бүтцийнх нь бодлого чиглэлтэй уялдаж байна. Хоёр талаасаа төмөр замын талаарх бодлого, сонирхол нийцэж байна гэсэн үг.
Ляонин мужийн удирдлага хоёр боомтыг тодорхой нэр зааж, тухайлбал Зиньжоу, Дандон боомтоор төмөр замаараа холбогдох боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр цаашдаа манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд Ляонин муж, тэр дундаа нэр дурдсан хоёр боомт ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Ер нь бидний хоорондын ажил эхэлсэн гэж хэлж болно. Яагаад гэвэл төмөр замынхаа боомтуудыг тодорхойлчихлоо. Одоо төмөр замын зураг, геодезийн ажлуудыг хийх л үлдлээ. Хятадын талаас Рашаант боомт дээр төмөр зам нь хүрээд ирчихсэн. Бичигтийн боомт руу далан километр төмөр зам дутуу байна. Аж үйлдвэр өндөр хөгжсөн зүүн хойд мужтай Монгол улс эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжсөнөөрөө мэдээж худалдаа эргэлт нэмэгдэнэ, манай орлого өснө. Бид Эрээний боомтоор бүтээгдэхүүнээ гаргадаг байсан бол Тяньжин, Зиньжоу, Дандон гэсэн боомтуудаар дамжин далайд гарах боломжтой болж байна"
Г.Идэрхангай /БНХАУ/