Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Өндөр өсөлтийн дараах үед

Л. Болормаа

Австралийн Ерөнхий сайд Жулиа Гилард төсвийн дутагдлаа нөхөхөөр 2012 оны долдугаар сард супер шийдвэр гаргасан юм. Нүүрс, төмрийн хүдрийн орлогоос 30 хувиар тооцсон өндөр татвар авах тухай түүний “алдарт” шийдвэр сонин цаг үед гарсан. Тус улсын эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын урсгал 2012 оны долдугаар сараас хойш 75 тэрбум доллараар багассан билээ. Эдийн засаг илэрхий хумигдаж эхэлсэн үед компаниудын татварыг супер хэмжээгээр нэмэгдүүлсэн шийдвэр гаргасан гэсэн үг. Жилийн ашиг нь 75 сая ам. доллараас давах 320 компанийн орлогоос 30 хувиар татвар авахаар төлөвлөжээ. Мэдээж мөрөөдөл болсон. Гол нь тус улсын төсөв оны эхний хагас жилд их хэмжээний алдагдалтай гарав. Улмаар Гилардын Хөдөлмөрийн нам энэ зуны Парламентийн сонгуульд навс ялагджээ.

Дараагийн Ерөнхий сайдын хувьд ард олондоо юу гэж ам гарсан нь тодорхой. “Бүх бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжинэ, үүдээ нээлээ, цонхоо онгойлголоо, Гилард шиг байхгүй ээ” хэмээв. Ерөнхийдөө Монголын улс төртэй ижилхэн. Алдаа, дараагийн туйлширсан савлагаа, өмнөхдөө бурууг чихсэн тайлбарууд, өөр хоорондоо хэрэлдсэн өдрүүд.

Харин бизнесийнхэн ямар дүрэмтэй вэ? Дэлхийн уул уурхайн том компаниуд  2012 оны турш зогсолтын ба хэмнэлтийн тооцоо хийв. Зарим төслөө түр зогсоож, нөгөөгийнх нь төсвийг хянаж, хасч эхэлсэн байна. Тэдний ийм үйл хөдлөлийн нөлөөгөөр энэ оны эхний улиралд уул уурхайн салбарын хөрөнгө босголт бирж дээр огцом хумигджээ. Оны нэгдүгээр улиралд төслийн санхүүжилтээ босгодог уламжлал ийнхүү алдагдав. Лондонгийн бирж дээр нэгдүгээр улиралд босгосон хөрөнгө өнгөрсөн оны сүүлийн улирлынхтай харьцуулахад 80 хувиар буурч, Торонто болон Австралийн Хөрөнгийн биржүүд дээр ч хөрөнгө босголт багасчээ. Энэ бүх “чимээгүй хөдөлгөөн” нь эрсдэлтэй мөчлөгт ойртсоныг сануулсаар байлаа. Дохиог бизнесийн салбар хамгийн түрүүнд мэдэрч, угтуулсан арга хэмжээ авсан. Бүр 2011 оны сүүлээс дэлхийн уул уурхайн тэсрэлт өндөрлөж буйг компаниуд таамаглалаа. 2011 оны наймдугаар сарын биржийн хар өдөр эхний дохио өгснийг уншигч эрхэм санаж буй биз ээ. Харин улс орны удирдлагууд эцсийн мөчид энэ сигнаалд хариу өгдөг нь, гэхдээ бүр алдаатай шийдвэр гаргадаг нь Австралийн саяхны жишээ. 

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өндөр өсөлтийн арван жил зугуухан уруудлаа. Ирэх 2014 ба 2015 онд ч огцом сэргэлт гарахгүй гэсэн таамаглал гарчээ. Ялангуяа ирэх жил нүүрс, зэс, алтны үнэ өнөөдрийн ханшаасаа доогуур байх төлөвийг Блүүмберг зарласан юм. Одоо оргилоос ёроол руу гулсах мөчлөгт нисч яваагаа монголчууд мэднэ. Гэхдээ нугасаа таслахгүйн тулд төрийн бодлого гэгч байдаг. “Боотом буюу хүрэх ёроолдоо бид хүрсэн” хэмээн Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн форумын Улаанбаатарын хуралдаан дээр есдүгээр сард хэлсэн. “Боотомд” унах хүртлээ сүүлийн арван жилд бид хэрхэн галзуурч явснаа эргэн санахад бас сайхан юм. Үргэлж ёроолд амьдарсан ядуу давхарга байна, өнгөрсөн арван жилд бизнесээ босгон өндийсөн мянга мянган хүн бий, бүтэн арваны турш эдийн засгаа хорлосон улс төрийн шийдвэрүүд ч байгаа. 




Эх сурвалж: Mongolian Investment Banking Group

Таны харж буй график дээр сүүлийн арван жилд Монголын улс төрд өрнөсөн гол үйл явдлууд байна. Ерөнхийлөгчийн болон Парламентийн сонгуулийн дараа, ердөө маргаашнаас нь бирж дээр хувьцааны үнэ хэрхэн гулсан унаж ирснийг харагтун. 2008 оны долдугаар сарын 1-ний дараа хамгийн чанга унажээ. Түүнчлэн уул уурхайтай холбоотой улс төрийн шийдвэр үзэглэсний маргааш нь л Монгол дахь ордуудын хувьцаа нэвсийтэл буугаад ирснийг Та харлаа. Басхүү тухайн ордын үнэ цэнийг илэрхийлсэн шинэ мэдээ дэлхийн зах зээлд цацагдах мөч бүрт хувьцааны ханш эргэн өндийсөн түүхэн өдрүүдийг Та үзэж байна. Дээшээ доошоо савласан нарийн зураас болгоны завсарт олон мянган хувьцаа эзэмшигчийн хувь заяа хавчуулаастай яваа. Том хувьцаа эзэмшигч Компани, Засгийн газруудын халаасны хэмжээ ч энэ дунд хоорондоо холбоотой савлаж явна гэсэн үг.



Том хувьцаа эзэмшигчдийн зөрчлийн үнэ цэнийг харуулсан дараагийн графикт анхаарлаа хандуулна уу. Монгол улсын Засгийн газар ба “Рио Тинто” компани нь “Оюутолгой“ төслийн далд уурхайн санхүүжилтийг шийдэх арга замыг тохиролцож чадахгүй явсаар, энэ үйл явдал Монголын эдийн засагт хүчтэй цохилт өгснийг Та графикаас харж байна. Төслийн хоёрдугаар үе шатыг түр зогсоосноо “Рио Тинто” долдугаар сарын 29-ний өдөр зарласны дараа валютын орох урсгал бүрэн тасалджээ. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто”-гийн мэдэгдэл болгон Монгол руу чиглэсэн хөрөнгийн урсгалыг зогсоож байлаа. Улмаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2009 оны хямралын оргил үе буюу гуравдугаар сарын хар өдрүүдийнхтэй тэнцүү хэмжээнд очсон юм. Монгол улсын Засгийн газрын бондын хоёрдогч зах зээл дэх үнэ цэн унаж, манай улсын зээлжих зэрэглэлийг Moody’s буурууллаа. Зах зээл Монголоос сайн мэдээ дуулахаа ер болив. Харин энэ оны есдүгээр сард Засгийн газар Самурай бонд гаргах төлөвлөгөөгөө зарласны дараа болгоомжлол харьцангуй багасч, америк долларыг гудсан дороо нуух эрэлт хумигдаж эхэлжээ. Таны графикаас харж байгаачлан, валютын нөөц болоод Монголбанкны бодлогоос үл хамааран улс төрийн үйл явц, хөрөнгө оруулагчийн шууд нөлөөгөөр манай улсын эдийн засаг савласаар байна. Савлагааны завсарт иргэдийн том жижиг бүх бизнес, айл өрхийн амьжиргаа нийтээрээ доргилт авчээ.
Улс төр дэх “савангийн дуурь”-ийн өөр нэг тод жишээг одоо өгүүлье. Тавантолгой хэмээх баян орд байжээ. Баруун, Зүүн Цанхи хэмээн түүнийг хэсэглэн ашиглах гэжээ. Хоёр Цанхи дээр өрнөсөн холбоо үйл явдлуудын тухай товч сануулъя.



Зүүн Цанхийн уурхайг ёслол төгөлдөр нээсэн 2010 оны наймдугаар сараас хойш яг нэг жил болж байж, бүтээгдэхүүнээ 2011 оны наймдугаар сард экспортолсон билээ. Тэгвэл Баруун Цанхийн уурхайн хөрс хуулалтыг энэ оны хоёрдугаар сард эхэлж, ердөө зургаан сарын дараа есдүгээр сар гэхэд  бүтээгдэхүүнээ Винсвэй, Пушин компаниудад зарж эхлэв. Энэ ондоо 3.5 сая тонн нүүрс экспортолж, төсөвт 120 сая ам. долларын орлого өгч чадахаар байна. Гэтэл Зүүн Цанхи нь өдийг хүртэл гаргасан нүүрсээрээ өрөө дараад  яваад байдаг... Баруун, Зүүн Цанхид байдал яагаад ийм өөр байна вэ?

Тавантолгой ордын Зүүн Цанхийн уурхай улс төрийн тоглоомын золиос болсон. Уг нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ түүхэн дээд цэгтээ хүрч, “азаар” Австралид үер буун, Монголын коксжих нүүрс Хятадын зах зээл дээр нэгдүгээр нийлүүлэгч болсон өдрүүдэд Зүүн Цанхийн хөрс хуулалтыг хийн, тууз хайчилж билээ. Хэрвээ тус компани зах зээлийн зарчмаараа үргэлжлүүлэн ажиллаад явсан бол 2011 он буюу бирж дээр уул уурхайн хөрөнгө босгох хамгийн таатай мөчлөгт IPO хийж амжих байлаа. Хэрэв Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл уул уурхайн технологийн төмөр зам тавих ажил эрүүл саруул ухаанаар үргэлжилсэн бол өдийд Монгол улс нүүрсний зах зээл дэх том тоглогч болж чадах байв. Харин Монголын улс төр эдийн засгаараа бүрэн тоглож, өнөөдөр нүүрс өрсөлдөөнөөс хасагдаад байна.

Иргэн бүрт 1 сая 500.000 мянган төгрөг өгөх Ерөнхий сайд асан С.Баярын сонгуулийн шоу, Оросын сонирхлоор Монголын экспортын замыг хаасан сайд Х.Баттулгын шахалтын үр дүнд өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа дампуураад байна. Өнөөдөртөө зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н тухай ярьж буй мэт боловч алс хэтдээ улс төрийн дээрх хоёр тоглолт нь өмнийн говийн баялгийг худалдан авагчаас нь холдуулсан, Хятад, Орос, Киргизийн эрдсийн наймааны гурвалжингийн гадна үлдээсэн холын үр ургахтай юм. Цаг хугацаа улирах тусам Монголын улс төрийн дээрх хоёр алдааны уршиг хойч үеийнхэнд маань тод мэдрэгдсээр байх биз ээ.

Өнөөдөр Зүүн Цанхийн уурхай “Чалко” компанид тавьсан өрөө төлж буй бөгөөд он дуустал нүүрсээ тонн тутмыг нь 60 ам.доллараар тус компанид тогтмол нийлүүлэх Нэмэлт гэрээг энэ зун хийжээ. Энэ оны гуравдугаар улиралд бүр доогуур үнээр, 47 ам. доллараар нүүрсээ “Чалко”-д нийлүүлсэн юм. Хятадын “Чалко” компанийн Ерөнхийлөгч Монгол улсад есдүгээр сард ирээд буцсан ба урьдчилгаагаа хурдан төлүүлэх шахалтыг мэдээж хийсэн. Ингэхдээ авах нүүрснийхээ үнийг өсгөөгүй нь лав. Анх Гэрээгээр тохиролцсон тонн тутамд 70 ам. доллараар борлуулах заалт ч хэрэгжсэнгүй. Гол нь Зүүн Цанхиас Хятадын Ганц модны боомт руу нүүрсийг шуурхай тээвэрлэх Гүний гаалийн асуудлыг шийдээд буцсан хэмээн албаны эх сурвалжууд өгүүлсэн юм. Зөвхөн Зүүн Цанхийн “улс төрийн” нүүрсэнд зориулсан ногоон гэрэлтэй коридор бий болж байна гэсэн үг. Монголын бусад компанийн олборлосон нүүрс Цагаан хадны гүний гаальд ахин дахин ачиж, буулгах тонн тутмын 3 ам. долларын нэмэлт зардалтай хэвээрээ байгаа.

Энэ мэтээр Монголын улс төрийн алдаатай бодлогууд эдийн засгийг нэрвээд үр дагавар нь зогссонгүй, хоёр хөршийн улс төрийн дарамтад Монгол улс өөрөө яваад орчих хэмжээнд хүнд нөхцөл бий болгоод байна. Ерөнхий сайдын Хятад улсад хийх айлчлалын үеэр манай талаас эрх тэгш ярихад амаргүй, эвийг нь олсон ая зассан яриа хэлэлцээ болох болов уу гэсэн таамаглал бий.

“Чалко” компани “Эрдэнэс Тавантолгой”-той гэрээ байгуулахдаа авч буй нүүрснийхээ 30 хувийг Япон, Солонгосын зах зээлд нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэрээний энэ заалт өдгөө хэрэгжээгүй. Монголын Засгийн газар Гэрээний заалтаа биелүүлээгүй учир бид мөн хангах албагүй гэсэн байр суурийг “Чалко” энэ байдлаараа харуулдаг. “Чалко”-той тохиролцохгүйгээр, өөрөөр хэлбэл манай тал зарим буулт хийхгүйгээр Зүүн Цанхийг хөдөлгөх боломжгүй. Тиймээс есдүгээр сард тус компанийн Ерөнхийлөгчийг морилон саатах үед Монголын тал цөөнгүй буулт хийв. Үр дүнд нь Ерөнхий сайд маань Хятад улсад айлчлах, төмөр замын асуудлаа ам нээн ярих “нүүртэй” болж байна.

Монголын улс төр ээлж дараалан эдийн засагтаа хохиролтой шийдвэрүүд гаргаж, түүнээ залруулахаар араас нь цаг алдаж байх зуурт дэлхий ертөнц өөрчлөгдөн хувирсаар байна. Ийм өөрчлөлтийн салхины аясыг тандъя гэвэл том компаниудын “чимээгүй хөдөлгөөнийг” анхаарна уу.

BHP Billiton Австралийн Күинслэнд дэх коксжих нүүрсний олборлолтоо яагаад 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байна вэ. Тус компани уул уурхайн супер цикл өндөрлөсний дараа маш олон төслөө зогсоосон, ихээхэн хэмнэлтийн горимд шилжсэн. Гэхдээ зарим төслөө идэвхжүүлсэн. Тэдний нэг Күинслэндийн нүүрсний төсөл, мөн Пилбарагийн төмрийн хүдрийн үйлдвэрлэлээ нэмэх тооцоо хийж байна. Бас нэг анзаарууштай зүйл нь шатдаг занарын үйлдвэрлэлд жил бүр 3 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ. Эдгээр төлөвлөгөө юуг харуулна вэ. Америкийн шатдаг занарын үйлдвэрлэл оргилдоо хүрч, Азийн зах зээлд хийн түлшний асар их нийлүүлэлтээр дайрах цаг ирэх юм биш биз? Яг үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс BHP шатдаг занарын үйлдвэрлэлд мөнгө хайрлахгүй, цаашдаа хамгийн том төслөө болгох стратеги боловсруулав бололтой. Тэгвэл нийлүүлэлтийн энэ мэт шинэ орчноос урьтаж Монгол улс нүүрс шингэрүүлэх төслүүдээ яаравчлан хэрэгжүүлэх бодлого гаргаж болноо доо.

Мэдээж манай компаниуд зах зээлийн хөдөлгөөн, өөрчлөлт бүрийг судлан харж байгаа. Хийх алхмуудаа бэлтгэж, хөрөнгөө тэргүүлэх төслүүддээ төвлөрүүлж байгаа. Дэлхийн уул уурхайн компаниуд 2011 оны биржийн хар өдрөөс хойш “үйлдвэрлэлээ тэлэх бус, харин бүтээмжээ нэмэгдүүлж, тэргүүлэх төслүүдээ авч үлдэнэ” гэсэн тактикт шилжжээ. Монголд үйл ажиллагаа явуулж буй Рио Тинто ч мөн адил ашигтай төслүүдээ авч үлдэж, заримыг нь 2015 он буюу санхүүгийн ачаалал харьцангуй  багасах хүртэл царцаасан. Рио ойрын хоёр жилд 5 тэрбум ам. долларын зардал хэмнэх стратегитай байгаа. Үндэсний компаниуд маань ч бүсээ аль эрт чангалж, хэмнэлтийн горимд шилжсэн. Харин манай улс төрийн бодлого хаана явна вэ? Дэлхийн зах зээлийн супер цикл дууссаныг хамгийн сүүлд мэдэрсэн газар бол манай Саарал ордон бөгөөд одоохондоо тэд маань өнгөрсөн жилүүдийн алдаагаа засах айлчлалд дараалан мордож явна. Зах зээлийн хэлбэлзэлд хамгийн их өртөмтгий уул уурхайн бүтээгдэхүүний экспортод суурилсан эдийн засагтайгаа өглөө бүр улстөрчиддөө сануулж баймаар.




Сүүлийн 30 жилийн буюу урт хугацааны судалгаагаар хамгийн их хэлбэлзсэн бүтээгдэхүүн бол зэс. Сард дунджаар 6.52 хувиар хэлбэлздэг аж. (Хүснэгтээс харна уу). Мах, улаан буудай гэх мэт бусад бүх бүтээгдэхүүнээс илүүтэй уул уурхайн, тэр дундаа хүнд үйлдвэрлэлийн металлуудын үнэ ханш хамгийн их хэлбэлзэлтэй, өөрөөр хэлбэл эрсдэлтэй. Ийм эрсдэлтэй эдийн засгийг удирдах улс төрийн шийдвэр хамгийн мэдрэмтгий, туйлын алсын хараатай байх ёстой бус уу.

Өндөр өсөлтийн дараах гулсалт хаана хүрээд тогтворжих вэ гэсэн асуулт гарч байна. “Нугасаа тасалчихалгүй” мэнд үлдэх бодлого гараасай гэж монголчууд хүлээж байгаа. Ээлжит бус Чуулганыг харлаа, энэ Намрын Чуулганаас хүлээлээ...Ёроолын ёроол гэж байхгүй шүү дээ.