Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар /цаашид “Талууд” гэх/ хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, батлан хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагаа тогтвортой өргөжиж, иргэдийн солилцоо өдөр ирэх тутам идэвхжин, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт уялдаатай хамтран ажиллаж байгааг сэтгэл ханамжтай тэмдэглэв.
2011 онд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг тогтоосоннь хоёр улсын харилцааны түүхэн дэх онцгой үйл явдал болсон гэж Талууд санал нэгтэй үзэв. Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь хоёр улсын стратегийн түншлэлийг тасралтгүй бэхжүүлэн гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг төлөвлөгөөтэй, үе шаттайгаар урагшлуулан хөгжүүлэх, Монгол, Хятадын хамтын хөгжил, ард түмний сайн сайхныг цогцлоох, бүс нутаг улмаар дэлхий дахины энх тайвныг сахин хамгаалах, тогтвортой байдал, хөгжлийг урагшлуулахад тус дѳхѳмтэй гэж үзэв.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл болон хоёр талын хооронд байгуулсан улс төрийн бусад баримт бичгийн үзэл санааны хүрээнд харилцан хүндэтгэх, харилцан дэмжих, харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримтлан Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг улс хоорондын харилцааны үлгэр дууриал болгоно. Үүний тулд Талууд дараах чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгтэй тохиролцов. Үүнд:
НЭГ. УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА
1. Талууд нөгөө талтай харилцан ашигтай харилцаа хөгжүүлэхийг өөрийн улсын гадаад бодлогын тэргүүлэх, стратегийн чиглэлүүдийн нэг болохыг онцлон тэмдэглэж, хоёр улсын харилцааг урт хугацаанд, тогтвортой, эрүүл саруулаар хөгжүүлэхийн төлөө хамтын хүч чармайлт гаргахаар тохиролцов.
2. Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, сонгон авсан хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, язгуур эрх ашиг хийгээд анхаарал хандуулдаг гол асуудлуудыг чухалчлан үзнэ. Аль нэг талын эсрэг чиглэсэн аливаа цэрэг, улс төрийн эвсэлд нэгдэхгүй, нөгөө улсын бүрэн эрх, аюулгүй байдалд хохирол учруулах аливаа гэрээг байгуулахгүй бөгөөд нөгөө улсын бүрэн эрх, аюулгүй байдлыг хохироохоор өөрийн нутаг дэвсгэрийг аливаа нэг хүчинд ашиглуулахгүй.
3. Монголын тал БНХАУ-ын Засгийн газар нь нийт Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ёсны Засгийн газар гэж үздэгээ нотлов. Монголын тал Тайвань, Төвд, Шинжааны асуудлаарх хятадын талын байр суурийг тууштай дэмжинэ. Хятадын тал Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дэмждэгээ нотлов.
4. Талууд хоёр улсын удирдагчдын харилцан айлчлалын давтамжийг хадгалж, олон улсын олон талт арга хэмжээний үеэр хоёр улсын удирдагчдын уулзалтыг идэвхтэй зохион байгуулан, хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож байхаар санал нэгтэй тохиролцов.
5. Талууд хоёр улсын парламентын удирдлага, тусгай хороод, найрамдлын бүлэг, тамгын газруудын хооронд гэх зэрэг бүх чиглэлийн, олон түвшин, хэлбэрийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг дэмжинэ. Хоёр улсын парламент Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг идэвхтэй хэрэгжүүлэхийг дэмжиж ажиллана.
6. Талууд хоёр улсын Гадаад харилцааны яамдын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлнэ. Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар харилцан айлчлах, олон улсын олон талт арга хэмжээний үеэр уулзалт хийх чиглэлээр идэвхтэй ажиллана. Гадаад харилцааны дэд сайдын түвшний болон ГХЯ-дын холбогдох газрын захирлуудын түвшний зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлнэ.
7. Талууд хоёр улсын улс төрийн нам, олон нийтийн байгууллагын хэлхээ холбоог бэхжүүлэх, хоёр улсын орон нутгийн захиргааны байгууллага хооронд найрсаг харилцаа тогтоон хөгжүүлэх, тэдгээрийн олон хэлбэрийн солилцоо, хамтын ажиллагааг дэмжинэ.
8. Талууд консулын хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулж, хоёр улсын иргэд харилцан зорчиход таатай нөхцөл бүрдүүлж, нөгөө улсын иргэд, хуулийн этгээдийн өөрийн улс дахь хууль ёсны эрх ашиг, аюулгүй байдлыг сахин хамгаална.
ХОЁР. БАТЛАН ХАМГААЛАХ, ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬ САХИУЛАХ БОЛОН УЛАМЖЛАЛТ БУС АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЛБАР
1. Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамжийг хадгалж, Монгол, Хятадын батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын механизмыг сайжруулан бэхжүүлж, хоёр талын харилцан итгэлцлийг нэмэгдүүлнэ.
2. Талууд цэрэг-техникийн хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулж, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлнэ.
3. Хоёр улсын зэвсэгт хүчний бүх түвшний солилцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлж, хамтарсан цэргийн сургууль, дадлагыг үргэлжлүүлэн зохион байгуулна. Хоёр улсын зэвсэгт хүчний албан хаагчдын солилцоо, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээрх бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
4. Талууд хил хамгаалах, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, холбогдох хамтын ажиллагааны механизмыг бэхжүүлнэ. Гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг идэвхтэй хэрэгжүүлж, мансууруулах бодис, хууль бус худалдаа, хүний наймаа, зохион байгуулалттай хууль бус цагаачлал зэрэг хил дамнасан гэмт хэргийн үйлдлүүдтэй хамтран тэмцэнэ.
5. Талууд хоёр улсын шүүх, прокурор, цагдаа, авлигатай тэмцэх зэрэг байгууллагын солилцоо, хамтын ажиллагааг дэмжиж, мэдээлэл солилцох, хэрэг мөрдөж нотлох баримт цуглуулах, гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг буцаах чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
6. Талууд иргэний ба эрүүгийн хэрэгт эрхзүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
7. Талууд гамшгийн аюул эрсдлийг бууруулах, хор уршгийг арилгах салбарын солилцоо, хамтын ажиллагааг ѳргѳжүүлнэ. Газар хѳдлѳлт, ой, хээрийн түймэртэй тэмцэх зэрэг байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлнэ.
ГУРАВ. ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАР
Нэг. Хамтын ажиллагааны зарчим, зорилт, механизм
1. Талууд уул уурхайн баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагаа зэргийг уялдуулан цогц байдлаархөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий үзэл санааны дагуу эрх тэгш зөвлөлдөх, харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримтлан Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэхээр санал нэгтэй тохиролцов.
2. Талууд хоёр орны худалдааны бүтцийг сайжруулах, тэргүүлэх салбар болон томоохон тѳслүүдийн хамтын ажиллагааг дэмжих, илүү таатай нөхцөл бүрдүүлэх замаар хоёр улсын худалдааны хэмжээг хурдацтай, тогтвортой нэмэгдүүлнэ.
3. Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хѳтѳлбѳрийг аль болох эрт шинэчлэн байгуулж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чиглүүлэн, цэгцтэй урагшлуулан хөгжүүлнэ.
4. Талууд хоёр улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комисс, Эрдэс баялаг, эрчим хүчний хамтын ажиллагааны зөвлөл зэрэг хамтын ажиллагааны механизмыг сайтар ашиглах, хамтын ажиллагааны механизмуудыг тасралтгүй бэхжүүлэхээр тохиролцов. Шаардлагатай тохиолдолд тодорхой салбаруудад хамтын ажиллагааны механизм шинээр байгуулна.
5. Талууд Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороо зэрэг эдийн засгийн асуудлыг голлон хариуцдаг яамд хоорондын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
Хоёр. Хѳрѳнгѳ оруулалтын хамтын ажиллагаа
1. Талууд хѳрѳнгѳ оруулалтын бодлого, түүнтэй холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгож, түүний залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалан, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн харилцаа, солилцоог бэхжүүлэхийг дэмжиж, хамтын ажиллагааны олон арга, хэлбэрийг эрэлхийлж, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг идэвхтэй хэрэгжүүлэхийг хөхиүлэн дэмжинэ. Талууд байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэх хөрөнгө оруулалтыг тууштай дэмжинэ.
2. Талууд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаална. Талууд Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм болон хоёр талын хооронд байгуулсан бусад хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж, хоёр талын аж ахуйн нэгжүүд нөгөө улсад хөрөнгө оруулалт хийхэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулагчдад тулгарах асуудал, хүндрэлүүдийг нааштайгаар шийдвэрлэнэ.
3. Талууд ажиллах хүч болон нийгмийн хамгааллын салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.
Гурав. Эрдэс баялаг, эрчим хүчний хамтын ажиллагаа
1. Талууд Монгол, Хятадын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Төмөртэйн овооны цайрын орд зэрэг одоо хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, дараа дараачийн том, дунд хэмжээний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг идэвхтэй эрэлхийлнэ.
2. Талууд хоёр улсын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу нүүрсний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хооронд нүүрсний худалдааны хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэхийг дэмжих бөгөөд технологи, эдийн засгийн боломжтой нөхцөлд нүүрс химийн үйлдвэрлэлийн салбарт идэвхтэй хамтран ажиллана. Дээрх чиглэлүүдэд төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдэд эрхзүйн таатай нөхцөл бүрдүүлж, санхүүжилтын дэмжлэг үзүүлнэ.
3. Талууд холбогдох аж ахуйн нэгжүүд Тавантолгой, Оюутолгой зэрэг том төсөлд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй явуулахыг үргэлжлүүлэн дэмжинэ.
4. Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнийг нутагтаа гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг хятадын тал дэмжинэ. Талууд хоёр талын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу Монгол Улсын Сайншандын аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалт, менежмент, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт зэрэг чиглэлд идэвхтэй хамтран ажиллахыг дэмжинэ.
5. Талууд газрын тосны салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлнэ. Тамсаг, Зүүнбаянгийн газрын тосны төслийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Монголын тал холбогдох төслүүдийг тогтвортой хэрэгжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ. Хятадын тал өөрийн улсын аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барихад туслахыг дэмжиж, мөн Хятад, Монголын хоёр талын аж ахуйн нэгжүүд харилцан ашигтай байх, хамтдаа хожих үндсэн дээр зах зээлийн зарчмын дагуу газрын тосны бэлэн бүтээгдэхүүний худалдаа хийхийг дэмжинэ. Монголын талын хэрэгцээ шаардлагын дагуу хятадын тал Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бэлэн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх боломжийг нааштайгаар судална.
6. Талууд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлнэ. Холбогдох аж ахуйн нэгжүүд харилцан ашигтай хамтдаа хожих зарчмаар холбогдох гэрээний дагуу Оюутолгойн зэсийн орд зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтад цахилгаан эрчим хүч үргэлжлүүлэн нийлүүлэхийг хятадын тал дэмжинэ. Талууд өөрсдийн бодит хэрэгцээ шаардлагатай уялдуулан Монголд нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц хамтран байгуулах, түүнчлэн Хятадад эрчим хүч экспортлох асуудлыг идэвхтэй судлана. Талууд Монгол Улсад одоо үйл ажиллагаа явуулж буй цахилгаан станцуудыг шинэчлэх болон шинээр цахилгаан станц байгуулахад Хятадын компаниуд оролцохыг дэмжинэ. Талууд хоёр талын аж ахуйн нэгжүүд салхины эрчим хүч, нарны эрчим хүч зэрэг цэвэр эрчим хүчний салбарт хамтран ажиллахыг дэмжинэ. Монголын талын санал болгосон “Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийг хятадын тал идэвхтэй судална.
7. Талууд цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтран ажиллана. Монголын тал Хятадын аж ахуйн нэгжүүдийг Гурванбулагийн ураны ордын төсөлд оролцоход дэмжлэг үзүүлнэ.
Дөрөв. Зам тээврийн хамтын ажиллагаа
1. БНХАУ-ын санхүүгийн байгууллагууд Монгол Улсын зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, хөнгөлөлттэй зээл олгохыг Монголын тал урив.
2. Хятадын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу хөрөнгө оруулалт хийх, барилгын ажлыг гүйцэтгэх хэлбэрээр Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтанд идэвхтэй оролцохыг талууд дэмжинэ. Хятадын тал “Улаанбаатар төмөр зам”-д шинэчлэл хийх, хос төмөр зам барихад монголын тал болон бусад талтай хоёр болон олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Талууд Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаант зэрэг төмөр замын боомт болон тэдгээрийн хил дамнасан төмөр замын гарцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.
3. Талууд дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, далайд гарцгүй Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч орнуудад экспортлохыг дэмжих бөгөөд 1991 онд байгуулсан “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах чиглэлээр хамтран ажиллана. Талууд 1955 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэх асуудлыг нааштайгаар судалж, урагшлуулна.
4. Хятадын тал БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэг дэх Монголын талын бүтээн байгуулалтын төсөлд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
5. Талууд авто замын салбарт идэвхтэй хамтран ажиллана. Хятадын тал Монгол Улсын автозамын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоход бэлэн байгаагаа илэрхийлэв. “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээр”-ийг идэвхтэй хэрэгжүүлж, олон улсын тээврийн салбар дахь бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
6. Талууд “Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлнэ.
7. Талууд хоёр улсын иргэний нисэхийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, шинээр агаарын хаалга нээх болон шинэ чиглэлүүдэд нислэг үйлдэх боломжийг эрэлхийлж, хоёр улсын агаарын тээврийн салбарын харилцааг идэвхжүүлнэ.
Тав. Санхүүгийн хамтын ажиллагаа
1. Талууд ард түмэнд зориулах, ард түмэнд ашигтай байх зарчмын дагуу холбогдох зээлийн төслүүдийг хэрэгжүүлж, тэдгээрийн үр өгөөж, ашгийг нэмэгдүүлнэ.
2. Талууд санхүүгийн салбарын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, өөрсдийн банкны байгууллагуудыг нөгөө талын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлнэ. Монголын тал Хятадын Банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулах, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг идэвхтэй дэмжинэ.
3. Талууд мөнгөн тэмдэгтээ харилцан солилцох хэлэлцээрийг сайтар хэрэгжүүлж, хоёр талын худалдааны төлбөрийг өөрсдийн мөнгөн тэмдэгтээр тооцох хэмжээг нэмэгдүүлнэ. Арилжааны зээл, төслийн санхүүжилт зэрэг чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Зургаа. Худалдааны хамтын ажиллагаа
1. Талууд худалдааны хэмжээг улам бүр нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулна. Автомашин, машин механизм, хөнгөн үйлдвэрийн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлнэ.
2. Талууд Монгол, Хятадын аж ахуйн нэгж, байгууллагуудыг нөгөө талд зохион байгуулагдаж буй олон улсын тендер шалгаруулалтад тэгш эрхтэй оролцох боломжоор хангана.
3. Талууд хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллагууд нөгөө талынхаа зохион байгуулж буй үзэсгэлэн, яармаг худалдаанд оролцоход нь дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Хятадын тал Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудыг БНХАУ-д зохион байгуулагддаг Евроазийн олон улсын үзэсгэлэн, Зүүн хойд Азийн худалдаа хөрөнгө оруулалтын экспо, Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэн, Бүх Хятадын импорт, экспортын үзэсгэлэн, Монгол, Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт зэрэг арга хэмжээнд цаашид ч идэвхтэй урьж оролцуулна. Монгол, Хятадын эдийн засгийн форумын механизмыг бий болгох монголын талын саналыг хятадын тал идэвхтэй судлан үзэхээ илэрхийлэв.
4. Талууд гааль, чанарын хяналт шалгалт зэрэг байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах болон амьтан, ургамлын хорио цээрийн хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, бэхжүүлнэ.
5. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бизнесийн салбарын гүйцэтгэх үүргийг улам бүр идэвхжүүлэхээр хоёр тал санал нэгдэв. Талууд өөрсдийн аж ахуйн нэгжүүдийг нөгөө талдаа худалдааны нийгэмлэг байгуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг нь дэмжих бөгөөд аливаа бэрхшээл, асуудлыг шийдвэрлэхэд нь туслалцаа үзүүлнэ.
Долоо. Тусламжийн хамтын ажиллагаа
Хятадын тал монголын талд бололцооныхоо хэрээр үргэлжлүүлэн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Монголын төрөл бүрийн салбарын боловсон хүчнийг сургах ажлын цар хүрээг өргөжүүлнэ. Хоёр тал энэ салбарын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, уялдаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлэн, зээл тусламжийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлнэ.
Найм. Байгаль хамгаалах, ус ашиглах чиглэлийн хамтын ажиллагаа
1. Талууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаагаа урагшлуулж, хамтын эрх ашгийг хамгаална.
2. Талууд байгаль хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, экологи, биологийн төрөл зүйлийг хамгаалах асуудлыг эрчимжүүлж, шар шороон шуурга, цөлжилтөөс сэргийлэх, хяналт тавих, байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, хот, тосгодын хүрээлэн буй орчны менежмент, байгаль орчны талаарх иргэдийн боловсрол ба мэдлэг, байгаль орчныг хамгаалах чадавхи зэрэг чиглэлээрх хамтын ажиллагааг идэвхжүүлнэ.
3. Талууд Монгол, Хятадын хил дамнасан байгаль орчны хамтын ажиллагаа болон хилийн усны хамтарсан комиссын механизмыг бэхжүүлэн, боловсронгуй болгож, хилийн усыг зүй зохистой ашиглах, хамгаалах чиглэлээрх нягт хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
4. Талууд байгаль орчны асуудлаарх мэдээллийг харилцан солилцох ажлыг эрчимжүүлж, мэргэжилтэн, судлаач, төлөөлөгчдийн харилцан айлчлалыг нэмэгдүүлж, эрдэм шинжилгээний болон удирдах ажилтан, холбогдох бусад мэргэжилтнийг оролцуулсан семинар, тусгай сэдэвт хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулна.
5. Талууд мазаалай зэрэг зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах чиглэлд хамтран ажиллах асуудлыг идэвхтэй судлана.
Ес. Хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа
1. Талууд мал аж ахуй, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн технологи, тоног төхөөрөмж, мэргэжилтэн солилцох, сургах зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ.
2. Хятадын тал НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд Монгол Улстай хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
3. Талууд хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг сүүн бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах зэрэг салбарт хөрөнгө оруулалт, технологи, худалдааны хамтын ажиллагаа хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжинэ.Талууд идэвхтэй хамтран ажиллаж, харилцан анхаарал хандуулж буй экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн нөхцөлийн талаарх яриа хэлэлцээгээ гүнзгийрүүлнэ.
4. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулсан МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллаж, шаардлагатай тохиолдолд Монгол Улсын хорио цээрийн ажилтан, мэргэжилтний мэргэжлийн түвшинг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулна.
5. Талууд хил дамнасан малын халдварт өвчинтэй тэмцэх салбарт хамтран ажиллаж, холбогдох механизмыг байгуулах боломжийг эрэлхийлнэ.
6. Талууд бордоо, малын тэжээл үйлдвэрлэл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ.
Арав. Хилийн бүсийн хамтын ажиллагаа
1. “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай гэрээ”-нд заасны дагуу Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын холбогдох ажлыг ойрын үед эхлүүлж, энэхүү механизмын хүрээнд хилийн менежмент, хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэхээр тохиролцов.
2. Талууд хоёр улсын хилийн боомтуудын хөгжлийг хамтран, уялдаатай байдлаар төлөвлөж, боомтын асуудлыг голлон хариуцах байгууллагууд хооронд холбоо барих, зохицуулалт хийх механизмыг байгуулан, хилийн боомтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, ажиллах нөхцөлийг сайжруулж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал болон үр ашгийг дээшлүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шинээр боомт нээх асуудлыг судална.
3. Талууд хоёр улсын хамтын ажиллагааны тодорхой суурь нөхцөл бүрдсэн хил орчмын бүс нутагт хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах боломжийг идэвхтэй эрэлхийлнэ. “Замын-Үүд”-ийн чөлөөт бүс, тээвэр логистикийн төв байгуулахад хятадын талыг оролцохыг Монголын тал урив.
Арван нэг. Ажиллах хүчний хамтын ажиллагаа
1. Талууд өөрийн орны ажиллах хүчний зах зээлийн хэрэгцээг үндэслэн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан хүмүүст хуулийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгож, ажиллах хүчийг илгээх, авах суваг болон хөдөлмөрийн зах зээлийн журмыг цэгцэлж, хууль бусаар хөдөлмөр эрхлэх асуудлыг зохистой шийдвэрлэнэ.
2. Талууд мэргэжилтэй ажиллах хүч сургаж бэлтгэх талаар хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Монгол Улсын холбогдох мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын чадавхийг сайжруулахад хятадын тал дэмжлэг үзүүлнэ.
3. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд орон нутгийн ажилчдад сургалт зохион байгуулах, энэ чиглэлд монголын талын холбогдох байгууллагатай хамтарч ажиллахыг Талууд хөхиүлэн дэмжинэ.
Арван хоёр. Барилгын салбарын хамтын ажиллагаа
1. Монгол Улсын бүтээн байгуулалтад Хятадын аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцохыг монголын тал дэмжинэ.
2. Хятадын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад барилгын түүхий эд, материалын үйлдвэрлэл, хангамж-логистикийн сүлжээг хөгжүүлэхэд оролцохыг монголын тал урив.
3. Талууд барилгын салбарын эрдэм шинжилгээ, судалгааны институт хооронд хамтран ажиллахыг дэмжинэ.
ДӨРӨВ. ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАР
Нэг. Соёлын хамтын ажиллагаа
1. Талууд хоёр улсын Засгийн газар хоорондын соёлын солилцооны төлөвлөгөөг идэвхтэй хэрэгжүүлэн, хоёр улсын аймаг, орон нутаг, олон нийтийн байгууллага хоорондын олон төрөл, хэлбэрийн соёл, урлагийн солилцооны үйл ажиллагааг дэмжинэ. Хоёр талын арилжааны тоглолтыг дэмжиж, хоёр улсын соёл урлагийн солилцоог нэмэгдүүлнэ.
2. Талууд соёлын сар, соёлын долоо хоногийн арга хэмжээг харилцан зохион байгуулахаар тохиролцов. Хоёр улсын орон нутаг хооронд соёлын өдрүүдийн арга хэмжээг харилцан зохион байгуулахыг дэмжинэ. Хоёр улсын соёл, урлагийн хамтлагууд нөгөө улсад зохиогдох олон улсын соёл, урлагийн арга хэмжээнд оролцохыг дэмжинэ.
3. Монголын тал Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Күнзийн сургуулийн үйл ажиллагааг дэмжинэ. Хятадын тал Бээжин хотод Монголын соёлын төв байгуулахыг дэмжинэ.
4. Талууд нөгөө улсын шилдэг бүтээлүүдийг орчуулах, хэвлэхийг дэмжиж, ном болон дуу, дүрс бичлэгийн үзэсгэлэн худалдааг харилцан зохион байгуулах, хоёр талын хэвлэлийн байгууллагууд нөгөө талд зохион байгуулагдаж буй олон улсын номын үзэсгэлэнд оролцохыг дэмжинэ.
5. Талууд хоёр улсын номын сан, музейн хоорондын үзэсгэлэн харилцан зохион байгуулах, ном, судар хадгалах болон мэргэжилтнүүдийг сургах чиглэлийн солилцоо, хамтын ажиллагааг урагшлуулна.
6. Талууд хоёр орны дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг нөгөө талын зах зээлд гаргахад дэмжлэг, туслалцаа үзүүлж, хоёр талын телевизүүд кино, хөтөлбөр харилцан солилцох хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжинэ.
7. Талууд хоёр улсын соёлын биет бус өвийг хамгаалах хамтын ажиллагааны механизмыг бэхжүүлж, биет бус соёлын өвийг хамтран хамгаалах, бүртгүүлэх зэрэг чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.
8. Талууд түүхийн дурсгал, соёлын өвийг хамгаалах ба сэргээн засварлах, холбогдох боловсон хүчинг бэлтгэх хамтын ажиллагааг эрчимжүүлж, “Соёлын өвийг хууль бусаар хил давуулах, соёлын дурсгалт газар хууль бусаар малтлага хийх, түүх соёлын дурсгалт зүйлсийг хулгайд алдагдахаас сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг сайтар хэрэгжүүлнэ.
Хоёр. Боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа
1. Ирэх 5 жилд хятадын тал олон төрлийн сувгаар жил бүр Монголын 1000-аас доошгүй оюутанд Хятадын Засгийн газрын тэтгэлэг олгох бөгөөд түүний дотор бакалаврын зэрэг горилох оюутны тоог 200-аас доошгүй байлгана.
2. Хятадын тал Монгол дахь хятад хэлний сургалтыг дэмжиж, Монголд илгээдэг хятад хэлний сайн дурын багш нарын тоог нэмэгдүүлэх, монголын талтай хамтран Монголын их, дээд, тусгай мэргэжлийн сургуулиудад хятад хэлний багш бэлтгэх анги эсвэл хятад хэлний бэлтгэл анги нээх, сурах бичиг, сургалтын материал нийлүүлэх, зохиох чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
3. Монгол, Хятадын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хамтарсан хорооны хүрээнд хоёр талын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг урагшлуулна. Хятадын туршлагыг ашиглан Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тогтолцоог өөрчлөх, шинжлэх ухаан, технологи, инновацийн шинэ тогтолцоо бий болгоход санал, зөвлөгөө өгнө. Монгол Улсын анхны шинжлэх ухааны паркыг байгуулахад стратегийн төлөвлөлт, бодлогын зөвлөгөө өгч, Хятадын өндөр технологийн аж ахуйн нэгж болон шинжлэх ухааны үйлчилгээний салбар Монгол Улсад үйл ажиллагаа явуулахыг чиглүүлнэ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чухал шаардлагыг үндэслэн хамтран хөрөнгө оруулалт хийж хамтарсан лаборатори, эсвэл хамтарсан судалгааны төв байгуулна.
4. Шинжлэх ухааны төлөөлөгчдийг богино хугацаагаар харилцан айлчлуулах, солилцоо явуулах замаар Монгол Улсын залуу эрдэмтдийг Хятадад ирж ажиллахад санхүүгийн туслалцаа үзүүлнэ. Хамтран санхүүжүүлэх хамтарсан судалгааны хөтөлбөрийг тохиромжтой цагт нь эхлүүлнэ.
Гурав. Залуучуудын солилцоо
1. Талууд залуучуудын солилцоог эрчимжүүлж, хоёр улсын залуучуудын төлөөлөгчдийг жил бүр ээлжлэн харилцан айлчилдаг байнгын солилцооны механизм бий болгож, цар хүрээг нь байнга өргөжүүлж байхаар санал нэгтэй тохиролцов. Улс төрийн нам, орон нутаг, олон нийтийн байгууллагууд зэрэг янз бүрийн шугамаар залуучуудын солилцооны арга хэлбэрийг баяжуулна.
2. Талууд бага, дунд сургуулийн сурагчдыг хүүхдийн зусланд амраах арга хэмжээг харилцан зохион байгуулна.
Дөрөв. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоо
1. Талууд хоёр улсын ГХЯ-дын хэвлэл мэдээллийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулна.
2. Талууд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форумыг жил бүр ээлжлэн зохион байгуулна.
3. Талууд хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдийн харилцан айлчлалыг зохион байгуулж, нөгөө талын хэвлэл мэдээллийн ажилтнууд өөрийн улсад зочлон сурвалжлага хийхэд шаардлагатай хөнгөлөлтийг үзүүлнэ.
Тав. Эрүүл мэнд, биеийн тамир спорт, аялал жуулчлалын хамтын ажиллагаа
1. Талууд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлж, онц аюултай халдварт өвчнөөс хамтран урьдчилан сэргийлж, хамтран тэмцэх механизм байгуулах асуудлыг судлан хэрэгжүүлж, уламжлалт бус аюулгүй байдлын сорилтуудын эсрэг хамтран тэмцэнэ.
2. Талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр талын холбогдох эмнэлгүүдийн шууд солилцооны хамтын ажиллагааг дэмжин, дорно дахины эм, эмнэлгийн судалгаа, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ.
3. Талууд биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлж, тамирчин, дасгалжуулагчдын солилцоог өргөжүүлж, хоёр улсын спортын тодорхой төрлийн тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилтыг зохион байгуулна.
4.Талууд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хоёр улсын ард түмэн аялал жуулчлалаар дамжуулан бие биенийхээ эдийн засаг, соёл, байгалийн үзэмж, түүхийн дурсгалт газрууд болон үндэсний уламжлалыг харилцан таньж мэдэх явдлыг хөхиүлэн дэмжиж, хоёр улсын аялал жуулчлалын салбар, байгууллага хооронд хамтын ажиллагаа тогтоох явдлыг дэмжин, нөгөө талдаа зохиогдох аялал жуулчлалыг сурталчилсан арга хэмжээнд шаардлагатай туслалцаа үзүүлэн хоёр улсын иргэд харилцан зорчих явдлыг урагшлуулна.
5. Талууд аялал жуулчлалын салбарт харилцан хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлж, хоёр улсын хооронд аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг, шаардлагатай хөнгөлөлтийг үзүүлнэ.
ТАВ. ОЛОН УЛС, БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
1. Талууд олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн талаарх зохицуулалт, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаална.
2. Талууд НҮБ-ын хүрээн дэх ойр дотно зохицуулалт, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлнэ.
3. Талууд ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Хятадын тал монголын талыг ШХАБ-ын арга хэмжээнд идэвхтэй оролцох, Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай бүх салбарын бодит хамтын ажиллагаа өрнүүлэхийг дэмжинэ.
4. Талууд Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн үйл хэргийн асуудлаарх хэлхээ холбоо, зохицуулалтаа гүнзгийрүүлнэ. Зургаан талт яриа хэлэлцээг аль болох эрт сэргээхийг монголын тал дэмжинэ. Хятадын тал монголын талыг бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, монголын талаас дэвшүүлсэн Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний санаачлагыг нухацтай судлахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
5. Талууд Монгол Хятад, Оросын гурван талын зөвлөлдөх уулзалтын механизмыг үргэлжлүүлэн бэхжүүлэх, дэд сайдын түвшний зөвлөлдөх уулзалтын механизмыг байгуулах асуудлыг урагшлуулахаар санал нэгтэй тохиролцов. Шаардлагатай тохиолдолд гурван талын өндөр түвшний уулзалт зохион байгуулж, Монгол, Хятад, Орос гурван улсын хамтын ажиллагааг улам бүр урагшлуулна.
6. Хятадын тал Монгол Улсыг Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг дэмжихийн хамт Зүүн Азийн дээд түвшний чуулга уулзалт болон БНХАУ, Япон, БНСУ-ын хамтын ажиллагаанд зохистой хэлбэрээр оролцохыг дэмжинэ.
7. Монголын талыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д элсэхийг Хятадын тал дэмжинэ.
8. Талууд Их түмэн санаачлага хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө хүч чармайлт гаргана.
9. Талууд төмөр зам, авто зам, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг салбарт олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг судална .
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ:
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НОРОВЫН АЛТАНХУЯГ
БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ:
БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ КӨЦЯН
2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, Бээжин хот