БНХАУ-ын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци /CNPC/ болон Газрын тосны корпораци /CNOOC/ Бразилийн далайн гүний газрын тосны ордыг олборлоход хамтран ажиллахаар болжээ. Далайн гүн дэх дэлхийн томоохон ордуудын нэгд тооцогддог эл орд газрын 40 хувийг Бразилийн төрийн өмчит “Petrobras” газрын тосны компани эзэмшдэг бол Shell 20, Total 20, CNPC 10, CNOOC 10 хувийг тус тус эзэмшихээр болсон байна. Энэ томоохон орд газарт 35 жилийн хугацаанд олборлолт явуулах аж.
БНХАУ нь 2013 онд газрын тос, байгалийн хийн хайгуулын ажилд нийт 80 тэрбум юань буюу 13,07 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулахаар төсөвлөөд буй. Тус улс нь 2002-2011 онд газрын тос, хийн салбарт нийт 3,1-11 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан байна. 2013 оны хагас жилийн байдлаар 102,8 сая тн газрын тос олборлосон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 4,6 хувиар илүү аж. Хэдийгээр БНХАУ нь газрын тосны салбараа ихээхэн дэмжиж байгаа ч уг түүхий эдийн импортын хараат байдал 58 хувьд хүрээд байгаа юм.
Э.Од