Оросын уул уурхай, металлургийн “Мечел” компани нь Ванино боомтын эзэмшлийн 28 хувиа 5,04 тэрбум рублиэр худалдлаа. Тус компани нь өнгөрсөн оны 12 дугаар сард Ванино боомтын 73,3 хувийг 492 сая ам.доллараар худалдан авч байсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард 71,4 хувийг Киприйн “Sedmino Investments”, “Opern Trade” болон “Travine Trading” гэсэн офшор гурван компанид худалдсан билээ.
Харин энэхүү худалдан авалтын дараагаар мөн сардаа багтан “En+ групп” компанийн мэдэлд байсан Ванино боомтын 28,12 хувийг 4,84 тэрбум рублиэр худалдан авсан байдаг. Ванино боомтын 28 хувийн худалдан авагчийг зарлахаас “Мечел” компани татгалзсан байна. Одоо тус компанийн мэдэлд Ванино боомтын нийт хувьцааны 1,17 хувь нь үлдээд байгаа юм.
Ванино боомт нь Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, Австрали, АНУ болон Ази-Номхон далайн орнууд руу уул уурхайн бүтээгэдэхүүн нийлүүлэх гол томоохон гарц учир хөрөнгө оруулагчдын сонирхолыг ихээхэн татаж буй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Э.Од