Орос улс газрын ховор элементийн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, тус улсын ИСТ групп болон төрийн өмчит “Ростех” компани хамтран Сахагийн Бүгд найрамдах улс /Якут/ дахь газрын ховор элементийн Томтор ордод олборлолт явуулах юм.
ИСТ группын Ерөнхийлөгч Александр Несисийн мэдэгдэж буйгаар дээрх төсөлд ойрын 5-6 жилд 30 тэрбум рубль буюу 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа аж. Газрын ховор элементийн Томтор орд нь 154 сая тоннын нөөцтэй хэмээн үнэлэгддэг байна. Өмнө нь ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамнаас мэдэгдэж байснаар тус орд газарт 2014 оноос эхлэх техникийн судалгааны ажилд хоёр тэрбум рубль зарцуулах бөгөөд олборлолтын үйл ажиллагаа 2015 оноос эхлэх гэнэ. Төрийн өмчит “Ростех” компанийн хувьд төсвөөс санхүүжих ажээ.
Томтор ордын геологи хайгуулын ажил ЗХУ-ын үед хийгджээ. Газрын ховор элементийн олон улсын зах зээлд ноёлогч Хятадын компаниуд эл ордод олборлолт явуулж, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байсан юм. Газрын ховор элемент нь стратегийн чухал эрдэс учир ОХУ-ын Засгийн газар энэхүү ордын ашиглалтын лицензийг гадаадын компаниудад олгоогүй аж.
Э.Од