Mongolian Mining Journal чухал индэр мөнГадаад харилцааны сайд асан, Ахмад дипломатч Ц.ГомбосүрэнMongolian Mining Journal сэтгүүлийн таван жилийн ойг тохиолдуулан сэтгүүлийн хамт олонд баяр хүргэж, улам их амжилт олохыг хүсье. Уул уурхайн салбар манай орны хөгжлийн нэн чухал эх сурвалж болохын хэрээр эерэг сөрөг асуудал улам бүр олшрон тодорч байгаа билээ. Ийм нөхцөлд асуудлын мөн чанарыг олон нийтэд зөв ойлгуулах шаардлага чухамдаа нийгмийн захиалга болоод байна. Би MMJ сэтгүүлийн ач тусыг энэ үүднээс өндөр үнэлдэг нэгэн уншигч нь юм. Сэтгүүл аливаа хурц асуудлаас тойрдоггүй нь нэг олзуурхууштай сайн тал нь гэж бодож байна. Гол материалаа хоёр хэлээр нийтэлж байгаа нь бас нэг сайн тал нь. Ер нь MMJ сэтгүүл цаг үеийн шаардлагатай хөл нийлүүлж яваа гэж бодно. Товчдоо MMJ чухал индэр мөн. Шинийг эрэлхийлж ажиллана гэдэгт итгэж байна.
Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Юуны өмнө таван жилийн ойгоо тэмдэглэж буй Mongolian Mining Journal-ын хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Аливаа сэтгүүл өөрийн гэсэн өнгө төрх, орон зайтайгаар янз бүрийн цаг хугацаанд амьдардаг. Миний хувьд Mongolian Mining Journal-ыг Монголын шинэ сэтгүүл зүйд шинэ өнгө төрх авчирсан, цоо шинэ, мэргэжлийн стандартыг бий болгосон сэтгүүл гэж хардаг. Нэрнээс нь болоод мөнгөтэй холбох зэргээр манайхан янз бүрээр ойлгодог юм шиг байна лээ. Би тэгж хардаггүй. Яагаад гэхээр сэтгүүл зүй өөрөө бизнес. Энэ бизнесийг яг орчин үеийн шаардлагынх нь дагуу хийх ёстой. Түүнээс биш мөнгө өгвөл магтана гэдэг тэр үе өнгөрсөн байна. Өнөөдөр бизнес утгаар нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг байгуулан, жинхэнэ мэргэжлийн түвшний сэтгүүл гаргаж, хамгийн гол нь асуудлыг мэргэжлийн түвшинд гаргаж тавьдаг цөөхөн сэтгүүлийн нэг нь Mongolian Mining Journal.
Манай шинэ сэтгүүл зүйд, ялангуяа сэтгүүлийн төрөлд ирээдүйн чиг хандлага ийм л байна шүү гэдэг тэр стандартыг тодорхойлсон сэтгүүл бол Mongolian Mining Journal гэж хэлмээр байна. Монголын сэтгүүл зүй сүүлийн жилүүдэд технологийн хувьд, стандартын хувьд урагшаа том алхаж байгааг хэлэх хэрэгтэй. Жишээ нь, телевизийн салбарт маш олон дэвшил гарч байна. Сэтгүүлийн салбарт бас том дэвшлүүд бий болж байна. Гадаадын нэр хүндтэй брэнд болсон сэтгүүлүүд орж ирж байна. Үүнтэй зэрэгцээд Монголын сэтгүүлчид өөрсдөө яг тэр түвшний, салбарын мэргэшсэн сэтгүүлийг гаргаж байгаад МСЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд баяртай байдаг. Танай сэтгүүл асуудлыг тавьж чаддаг, мэргэжлийн түвшинд хөндөж чаддаг, мөн асуудлыг олж харж чаддаг. Мэргэжлийн ийм сайн хамт олонд таван жилийн ойгоо тэмдэглэж байгаад нь баяр хүргэе.
Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах:Mongolian Mining Journal бол Монголын эдийн засгийн маш чухал салбарын тулгамдаж байгаа асуудлуудад төвлөрч, тодорхой мэргэжилтнүүдийн мэдээлэл, байр суурь, тоймыг өгч байдаг маш чухал мэдээллийн эх сурвалж. Ялангуяа уул уурхайн салбарт бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүс, хууль тогтоогчид, эдийн засагчид, хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэнд мэдээллийн маш чухал эх сурвалж юм болов уу гэж боддог.
Өнөөдөр Монголын зах зээл дээр сэтгүүлүүд хөгжин цэцэглэж байгаа. Хэвлэл мэдээллийн бусад байгууллагууд зах зээл нь хумигдаад тоо нь багасч буй энэ үед сэтгүүлүүдийн тоо ч нэмэгдэж, борлуулалт нь ч өсч байна. Үүн дотор өөрийн гэсэн баттай байр суурь эзэлсэн, байнгын хэрэглэгч уншигчтай сэтгүүл бол Mongolian Mining Journal. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэглэгчид юуг хүсч байна гэхээр найдвартай мэдээлэл, тайлбар хүсч байна. Зүгээр нэг болоод өнгөрсөн үйл явдлыг боллоо гэж мэдээлэхээс илүү уг мэдээлэл ямар ач холбогдолтой, юуг өөрчлөх гэж байгаа, урьд нь юу болж байсан, цаашид юу болох вэ гэсэн тайлбарыг мэргэжлийн өндөр түвшинд хүргэдэг сэтгүүл бол Mongolian Mining Journal гэж хардаг. Зах зээлийн хэрэгцээгээ маш зөв мэдэрсэн, өөрийн байр сууриа баттай эзэлж чадсан сэтгүүл болохоор танай сэтгүүлд таван жилийн ойн баяр хүргэж, цаашдын ажилд тань амжилт хүсье.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт:Зах зээлд шилжсэнээс хойш бидэнд дутагдаж байсан гол зүйл бол иргэдтэй харилцах, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр дамжуулж төр, засгийн бодлого шийдвэрүүдийг хүргэх тал дээр маш их учир дутагдалтай ажиллаж ирсэн. Нэгэнт бид хэвлэлийн эрх чөлөө гэдгийг туйлын утгаар нь ойлгоод бүгдэд нь адилхан боломж олгосон. Гэтэл хэвлэлийн чиг хандлага маань бизнесийн тал руу, эсвэл улстөрчдийн хараа хяналтад орж, хязгаарлагдмал, зорилтот мэдээлэл хүргэдэг, эсвэл худал мэдээлэл тараадаг чиглэл рүү явсан. Тоо хэмжээгээрээ нэмэгдээд байдаг. Танин мэдүүлэх, боловсруулах, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах сэтгүүл, сэтгүүлч, сонин хэвлэл, радио телевизийн тоо багассан. Бодитоор улс нийгэмдээ тус нэмэр болсон, зөв зүйтэй мэдээллээр хангаж, чиглүүлж байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ховордсон үед Mongolian Mining Journal үнэхээр Монгол улсын хөгжил дэвшлийн бодлогыг намаас хараат байдлаар олон нийтэд бодитойгоор хүргэж чадсан анхдагч сэтгүүлийн нэг. Танай сэтгүүлийн явуулж байгаа үйл ажиллагааг нь харахад үнэхээр мэргэжлийн өндөр түвшинд гардаг. Ийм л анализ хийх чадвартай, бодлогын алдаа оноонд мэргэжлийн үүднээс ханддаг, түүнийгээ зөвөөр хүргэдэг, улс төрөөс хараат бус байж чаддаг сэтгүүлийн орон зай бий болгож байгаад тань талархаж байна. Зөвхөн монголчууд биш гадаадын нэр хүндтэй хөрөнгө оруулагчид бизнес, эдийн засгийн байдлын мэдээлэл олж авах эх сурвалж болгож ашигладаг сэтгүүл болж чадсанд танай сэтгүүлд баяр хүргэх нь зөв байх.
Сангийн сайдаар ажиллаж байхдаа төсвийн тогтвортой байдал, уул уурхайн орлогын хуримтлал гээд олон бодлого дээр танай сэтгүүлтэй хамтран ажиллаж байсандаа баяртай байдаг. Та бүхэнд таван жилийн ойн мэнд хүргэе. Анхныхаа гаргасан үзэл баримтлалдаа үнэнч байж, Монгол орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж яваарай. Цаашдаа эрчтэй хүчтэй байж өөрсдийнхөө тогтоосон хэв маягаа хадгалж, дэлхийн Mining Journal, Economist, Businessweek шиг олон улсад нэр хүндтэй сэтгүүл болоорой гэж хүсэн ерөөе.
МУУҮА-ийн Бодлогын зөвлөлийн дарга, “Рио Тинто” компанийн Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн Ерөнхийлөгч Б.Болд:Юуны түрүүнд Монголын хамгийн хүнд оюуны хөдөлмөр эрхэлж байгаа Mongolian Mining Journal-ын хамт олонд 5 жилийн ойн мэнд хүргэе.
Би Mongolian Mining Journal-ыг 2010 оноос хойш тогтмол уншиж байгаа. Танай сэтгүүл бусдаас ямар онцлогтой вэ гэдэг дээр хэдэн зүйл хэлмээр байна. Юуны түрүүнд хэвлэл мэдээллийн аливаа байгууллага, тэр дундаа сэтгүүл бол танин мэдүүлэх, мэдлэг өгөх болон мэдээлэл өгөх гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Mongolian Mining Journal бол өнгөрсөн хугацаанд танин мэдүүлэх, уншигчдадаа мэдлэг өгөх ажлыг маш сайн хийсэн гэж боддог. Ялангуяа хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн талаар, уул уурхайн компанийн үнэлгээ гэж юу байдаг, хувьцааны нэрлэсэн үнэ гэж юу вэ, уул уурхайн компани хэрхэн хөрөнгө босгодог, ямар техник технологи энэ салбарт нэвтэрч байна гээд маш олон төрлийн мэдлэгийг уншигчидтайгаа хуваалцсан байх. Миний санаж байгаагаар “Эрдэнэс Тавантолгой” компаниийн Олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх тэр үйл явцад танай сэтгүүл ихээхэн ач холбогдол өгч, энэ талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж байсан.
Мөн “Хөгжил” студиэрээ дамжуулж, эдийн засаг, уул уурхай, байгаль орчин, орчин үеийн технологийн талаар танин мэдэхүйн сайн нэвтрүүлгүүд хийж, олон нийтэд хүргэсэн. Энэ бол ард түмэнд зөв, бодитой мэдээлэл хүргэх, уул уурхайн талаарх зөв ойлголттой болж мэдээлэл авах том суваг болж чадсан.
Хоёрдугаарт, уул уурхайн салбарын анхаарал татсан мэдээллүүдээс уншигчдаа хоцроогоогүй байх гэж үнэлдэг. Нэг жишээ хэлэхэд, өнгөрсөн өвөл Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр Mongolian Mining Journal идэвхтэй ажиллаж, энэ хуулийн төслийн талаар маш олон талын байр суурийг шуурхай хүргэж чадсан. Уул уурхайн компаниудад хууль нь яаж өөрчлөгдөх бол гэдэг маш чухал. Хамгийн чухал мэдээллээр хангахын зэрэгцээ түүнийгээ олон нийтэд далайцтай хүргэж байсанд уншигчийн хувьд талархаж явдаг.
Та бүхний хүч хөдөлмөрийг үнэлж, дотроо баярлаж явдаг. Уул уурхайн салбар Монголын хөгжлийн гол тулгуур гэдэг нь тодорхой болохоор энэ салбарын сайн, муу бүх мэдээлэл, үйл явдлыг бодитойгоор олон нийтэд хүргэж байх зайлшгүй шаардлага бий. Энэ үүргийг өнөөдөртөө Mongolian Mining Journal амжилттай гүйцэтгэж байгаа гэж боддог. Цаашдаа ч энэ үүргээ амжилттай биелүүлж яваарай гэж захъя. Та бүхэнд 5 жилийн ойн мэнд хүргэе.