Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Урт нэртээс нөхөн төлбөр нэхэгсдийн дараалал нэмэгдсээр

Урт нэртэй хуульд хамрагдсан хайгуулын нэгэн компани төрөөс 500 орчим сая доллар нэхэмжилж, шүүхэд хандахаар бичиг баримтаа бүрдүүлээд эхэлжээ. Тус компани уг хууль гарахаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 10 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг хайгуулын ажилд зарцуулсан байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулсан ч ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч чадаагүй байгаа аж. Урт нэртэй хуульд хамрагдсан болохоор А лицензийг нь өгөх боломжгүй гэж. Тус компанид урт нэртэй хуульд хамрагдсан шүү гэж төрөөс албан ёсоор мэдэгдээгүйгээр барахгүй хайгуулын ажлын төлөвлөгөөг нь жил бүр баталж өгч байж. Дөрвөн жил ингэж явсаар компани багагүй хэмжээний ашигт малтмалын нөөц илрүүлж, Улсын эрдэс баялгийн санд түүнийгээ бүртгүүлжээ. Хэрэв Урт нэртэй хуульд өөрчлөлт орохгүй бол тус компани хайгуулын ажлын зардлаасаа гадна эрсдэл гарган олон жил ажилласны үр дүнд илрүүлсэн ашигт малтмалын нөөцөө үнэлүүлж, түүнийхээ нөхөн төлбөрийг авахыг зорьжээ.

Яг үүнтэй адил шалтгаантай 100 орчим лиценз эзэмшигч хайгуулын компани бий. Бүгд л их, бага хэмжээгээр ашигт малтмалын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан, батлуулахаар бэлдэж байгаа. Батлуулсан нөөцөө өнөөгийн зах зээлийн ханшаар бодож, олборлох зардлаа хасаад цэвэр ашгаа төрөөс нэхэмжилнэ гэсэн бодолтой. 50 сая, 100 сая, бүр нэг тэрбум доллар нэхэмжлэх компани ч байж магад. Бүгд Урт нэртэй хуульд хамрагдсан. Гэхдээ төрөөс “урт нэртэй” хуулийн хамрах хилийн заагийг тогтоож өгөөгүйгээс болж хайгуулын ажлаа үргэлжлүүлсээр байсан компаниуд. Гэхдээ бусдаасаа ялгаатай нь дээрх компаниуд өнгөрсөн хугацаанд амжилттай ажилласан компаниуд.

УИХ-ын Ээлжит бус чуулганаар “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалыг хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай“ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч Намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр хойшлуулсан. Ээлжит бус чуулганаар хамгийн их маргаан, улс төржилт дагуулсан хуулийн төсөл нь Урт нэртийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болсон.

Нэг талаасаа Монгол орны ус, ой модыг хамгаалсан уг хуулийн төслийг яаран өөрчлөх нь буруу гэсэн хандлага байсан бол нөгөө талаас үүнийг улс төржүүлэх хандлага давамгайлж байсан гэхэд болно. Уул уурхайн яам, БОНХЯ-наас   Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчлөхөөр болсон үндэслэл нь юу байсан юм бэ?

2009 онд батлагдсан уг хуулийг буруу, хэрэггүй хууль болсон гэж үзэж байгаа хүн байхгүй. Хэрэгтэй, заавал мөрдүүлэх ёстой хууль гэдэгтэй улс төрийн намууд, Засгийн газар, компаниуд бүгд санал нийлсэн. Харин яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуултад өнгөрсөн дөрвөн жилийн турш хариулж чадахгүй явсаар өдий хүрсэн хэрэг. Байгаль орчноо, уул ус, ой модоо хамгаалах зайлшгүй шаардлагатай, УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэх ёстой байдаг. Гэтэл үүнийг дагаад уг хууль гарахаас өмнө энд хайгуул, ашиглалт хийж болноо гээд төр өөрөө зөвшөөрчихсөн компаниудын эрх ашиг, нөхөн олговрыг яах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Эсрэгцэн оршиж байгаа энэ хоёр асуудлын балансыг барьж, эцсийн дүндээ Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх гарцыг гаргаж ирсэн нь энэ юм.

Асуудал ингэж ужиграх болсон шалтгаан нь Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 5 сарын хугацаанд хуульд хамрагдсан тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, нөхөн олговрыг олгохоор заасан. Гэтэл хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох гэж 5 сар биш бүтэн хоёр жил болов. Нэг юм хил заагийг тогтоолоо гэтэл бөөн маргаан дагуулах нь тэр. Голгүй газар голтой байна, голтой газар голгүй байна гэсэн “мэдээг” сум, багийн дарга нар өгснөөс болж багагүй хэл ам дэгджээ. Аргаа ядаад БОНХЯ-аас энэ жил сансрын зургаар Урт нэртэй хуулийн үйлчлэх хил заагийг тогтоохоор болж. Ингэсэн нь илүү бодитой, үнэн мэдээлэлтэй байх болно. Хилийн заагийг тогтоогоогүй болохоор хэний хэчнээн лиценз хуулинд хамрагдаж, цуцлагдах вэ гэдгийг хэлж мэдэх хүн байсангүй. Ингээд л уг хууль хэрэгжилгүй өнөөг хүрсэн хэрэг. УИХ-ын зарим гишүүн Урт нэртийг маш сайн хэрэгжиж, компаниуд үйл ажиллагаагаа зогсоож байгаа хэмээн ярьсан. Илэрхий голын дэргэд, ой дунд лицензтэй, хайгуулын зардал гэж хэдхэн төгрөг зарцуулсан компаниуд эртхэн лицензээ буцаагаад өгчихсөн хэрэг. 

Доорх хүснэгтэд 2012 оны Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор Урт нэртэй хуулийн үйлчлэх хилийн заагт орсон тусгай зөвшөөрлүүдийн тоог үзүүлэв. Нийт 427 А, 909 Х тусгай зөвшөөрөл багтжээ. Үүнээс Урт нэртэй хууль батлагдсан 2009 оны долдугаар сарын 16-наас өмнө олгогдсон  789 Х, 346 А буюу нийт 1135 лиценз байгаа юм. Дээрх 789 Х лицензээс 100 орчим нь хайгуулын ажил нь дуусч, ашигт малтмалын нөөцөө батлуулчихсан.

Харин хайгуулын ажилд тодорхой мөнгө зарцуулсан, ашигт малтмалын нөөц тогтоосон компаниудад нөхөн төлбөр өгөх ёстой. Гэтэл нөхөн төлбөр гэдэг нь төрийн дааж давах мөнгө биш бололтой. Дараагийн хүснэгтэд Урт нэртэй хуульд хамрагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнийг харуулсан байгаа. Нийт 789 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд оруулсан хөрөнгө оруулалтын зардал 451,8 тэрбум төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт 105 сая доллар, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрт 35,2 сая доллар байгаа аж. Нийтдээ 647,3 тэрбум төгрөг. Энэ бол компаниудын гаргасан зардал бөгөөд заавал нөхөн олговроор буцааж өгөх ёстой мөнгөний дүн.

647,3 тэрбум төгрөг ирэх жилийн төсөвт бүрэн сууж чадах эсэх нь эргэлзээтэй. Эхний 9 сарын байдлаар энэ жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 500 хүрэхгүй тэрбум төгрөг байна. Гэтэл хайгуулын ажлын зардлын 647,3 тэрбум төгрөг дээр батлуулсан нөөцийнхөө нөхөн төлбөрийг авна гэсэн компаниудыг нэмбэл хэдэн их наяд төгрөгийн нөхөн олговрын асуудал босч магадгүй болоод байна. Энэ бол зөвхөн хайгуулын лиценз эзэмшигч компаниудад хамааралтай нөхөн олговрын тоо.

Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлд хайгуулын лицензүүдийг орхиод зөвхөн ашиглалтын 346 зөвшөөрлийг зохицуулахаар оруулсан. Урт нэртэй хуулийг гарахаас өмнө төрөөс авсан ашиглалтын тусгай зөвшөөрлүүд. Тэднийг цуцлах гэхээр хэдэн зуун тэрбумын нөхөн олговор шаардаж байгаа. Төрд ийм боломж байхгүй болохоор А зөвшөөрлүүдийн олборлолтыг хэвийн үргэлжлүүлж, нөөцийг нь дуусгах нь зүйтэй гэж үзэж. Ингэснээр нэхэмжилж байгаа нөхөн олговрыг өгөхгүй байх боломжтой болно.

Үүнийг УИХ хүлээж авсангүй. Эдийн засгийн хүндрэлээр түрий барьж, алтны компаниудын лобби орж ирлээ хэмээн “хардав”. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хэдэн зуун тэрбум, магадгүй их наядаар хэмжигдэх нөхөн төлбөрт Төр унаж байгаа нь улстөрчдөд падлийгүй бололтой.

Уул уурхайн яамнаас анхлан Урт нэртээс өмнө олгогдсон хайгуул, ашиглалтын бүх зөвшөөрлийг үргэлжлүүлье гэсэн саналыг гаргасан байдаг. Хамгийн сүүлийн хайгуулын хугацаа таван жилийн дараа дуусна. Хугацаа нь хуулийн дагуу дуустал хайгуулыг нь явуулчихъя. Ингэхдээ голын урсац бүрэлдэх эх дээр тас хориод ойтой, устай газар бол голын эргээс тийм зайд хайгуул хийхгүй гэдгийг зааж өгөөд явуулж болно. Хайгуулаар үнэхээр орд нээчихвэл ордод нь хатуу шаардлага тавиад явъя. Олсон орд нь эдийн засгийн үр өгөөжгүй, нөхөн сэргээх зардлаа дийлэхээргүй бол бүртгэж аваад баяртай гэж болно. Ингэснээр төрөөс ганц ч төгрөгийн нөхөн төлбөр төлөхгүй. Үгүй бол 50 кг алт илрүүлсэн ч түүнийхээ нөхөн төлбөрийг авах эрхзүйн орчин бүрдчихээд байгааг ажил хариуцсан хүмүүс   учирлаж байна.

Ашиглалтын зөвшөөрлийн тухайд мөн л ялгаагүй. Эхэлж байгаа, дуусч байгаа гээд ордуудын нөөцийг нь барагдуулаад нөхөн сэргэлтээ маш өндөр түвшинд хий. Ингэхгүй бол ашиглах боломжгүй нөөцийнхөө хэмжээгээр нөхөн төлбөр нэхэх гэсэн мэр сэр үзэгдэл гараад байгаа гэнэ. Ямар ч байсан салбарын яам нь “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх гарцыг УИХ-д тавилаа. Хэрхэн шийдвэрлэж, батлах нь УИХ-ын бүрэн эрх юм.

Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд О.Чулуунбат

“Урт нэртэй” хуулийн анхны санаа нь газар орноо замбараагүй ухахаа болъё, байгаль орчноо хамгаалъя гэдэгт чиглэгдсэн байсан Батлагдахдаа нэлээд өргөн хүрээг хамарчихсан. Монгол  улс жилд 25 тонн алт худалдаалж, дэлхийн зах зээлд нийлүүлж байснаа одоо 2-3 тонн болж буурсан нь энэ хуультай шууд холбоотой. 68 хувийн татварын хууль бас бий. Энэ хуулиуд ганц алт олборлолт гэлтгүй олон сөрөг нөлөө үзүүлж байна. Орлого, татвар багасчихлаа, энэ салбарт ажиллаж байсан олон хүн амьдралаа зогоох аргагүй болчихлоо, байгаль орчныг хамгаалах зорилго нь зарим нэг талаараа байгаль орчныг сүйтгэж, нөхөн сэргээлтгүй орхигдуулдаг боллоо.
“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчлөх шинэ зохицуулалтын гол зорилго нь алт олборлолтыг цаашдаа үргэлжлүүлэх. Гэхдээ хуучин шиг байгаль орчныг сүйтгээд байя гэсэн үг биш. Алтаа олборло, байгаль орчноо хамгаалж, нөхөн сэргээлтээ маш чанга хяналтын дор гүйцэтгэ гэсэн санаа. УИХ яаж батлахыг хэлж мэдэхгүй байна.



УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан



“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Ээлжит бус чуулганаар хэлэлцүүлээд намрын чуулган руу хойшлуулсан. Ингэх тодорхой шалтгаан бий. Ганц “урт нэртэй” хууль ч биш Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хамтад нь хойшлуулсан шүү дээ. Учир нь эдгээр хуулийг батлахаас өмнө эхлээд Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг батлах ёстой. Бодлогоо баталсны дараа дээрх хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Эхлээд уул уурхайн бодлого  ямар байх юм бэ гэдгийг харах хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт Урт нэртэй хууль дээр АН-ын бүлэг тодорхой шийдэлд хүрч чадахгүй байх шиг байна. Өөрсдийнх нь Засгийн газрын оруулж ирсэн хууль шүү дээ.




Тусгай зөвшөөрөл эзэмшигчид

Хөрөнгө оруулалт

Ашиглалтын

Хайгуулын

нийт

Тоогоор

Т/З

ААН

Т/З

ААН

Т/З

+ААН

Гадаадын 100%

91

53

257

122

348

161

Хамтарсан

33

25

73

46

106

67

Дотоодын

303

226

579

410

882

599

Нийт

427

304

909

578

1336

827*

 

 

Гол мөрний урсац бүрэлдэх эх, Ойн сан бүхий газар, усны сан бүхий газарт хамрагдсан хайгужулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын ангиллын жагсаалт

Д/д

Геологи  хайгуулын ажлын зардал/төгрөг/

Дотоодын хөрөнгө оруулалттай Х/т/з

Гадаадын хөрөнгө боруулалттай

Х/т/з

Хамтарсан хөрөнгө оруулалттай

Х/т/з

Нийт

1

0-50 сая төгрөг

216

68

17

301

2

50-100 сая

86

32

9

127

3

100-500 сая

114

84

27

225

4

500-1,0 тэрбум

24

18

5

47

5

1,0 тэрбум төгрөгнөөс дээш

40

40

9

89

Бүгд нийт

480

242

67

789

 

 С.Болд-Эрдэнэ