Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Би уурхайчин” уралдааны дүн гарна



Эрдэс баялгийн салбарын хүнд бэрхийг нуруундаа үүрч яваа хөдөлмөрч хамт олны тухай өгүүлэх “Би уурхайчин” сэдэвт гэрэл зургийн уралдаанд 200 орчим бүтээл ирээд байна. Энэхүү уралдаанд оролцогчид нь геологи, уул уурхайн салбарынхан өөрсдөө юм.

Хайгуулын талбайд, уурхайн гүнд, хүнд машин механизмын бүхээгт, ажлын дараа гэхчлэн янз бүрийн орчин нөхцөлд авсан сонирхолтой гэрэл зургуудаар нэгдсэн үзэсгэлэн гарна. “Би уурхайчин” гэрэл зургийн үзэсгэлэн 2013 оны арваннэгдүгээр сарын 15-нд Төрийн ордонд нээлтээ хийж, тэргүүн байрын шагналуудаа гардуулах гэж байна. Жирийн уурхайч, геологичдын авсан  эдгээр бүтээл нь мэргэжлийн гэрэл зургийнхны хальсандаа буулгадаг агшнуудаас ч илүү сонирхолтой, урт хугацааны ажиглалт, уул геологийн амаргүй нөхцөлийг хальсанд буулгаснаараа үнэ цэнтэй. 

Энэхүү уралдааныг зохион байгуулагч Уул уурхайн яам, Гамма агентлаг, Mongolian Mining Journal-ийн Шалгаруулалтын баг уралдааны дүнг ирэх долоо хоногийн Даваа гаригт эцэслэн тодруулах юм. Манай орны өнцөг булан бүрээс, том, жижиг 20 уурхайгаас бүтээлээ ирүүлсэнд Уралдааны комисс гүнээ талархаж байна. Тэргүүн байрын гэрэл зургийг The Mongolian Mining Journal-ийн хавтсанд хэвлэж, гэрэл зургийн аппарат, дурсгалын зүйлсээр мялаана. Удаах байруудын уран бүтээл мөн урамшуулал хүртэнэ. Шагналыг Уул уурхайн яамны удирдлагууд арваннэгдүгээр сарын 15-ны Баасан гаригт Төрийн ордонд 13.00 цагт гардуулна.