Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

УБТЗ-ын шинэчлэлийг түргэтгэхийг РЖД санал болгов

“Оросын төмөр зам” /РЖД/ компанийн Дэд ерөнхийлөгч Вадим Морозов өнгөрсөн долоо хоногт Монголд айлчилж, хоёр улсын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ нийгэмлэгийн хуралд оролцсон билээ. Тус хурлын үеэр РЖД компани УБТЗ-ын шинэчлэлийн асуудлыг түргэтгэхийг санал болгосон юм.

Шинэчлэлийн үр дүнд төмөр зам жилд 100 сая тонн транзит тээвэр хийх боломжтой болно хэмээн айлчлалын үр дүнг Оросын хэвлэлд мэдээлжээ. “Транзит тээврийн томоохон урсгалыг нэмэгдүүлэхэд УБТЗ-ын шинэчлэлийг түргэтгэж, хойд логистикийн системийн хүрээнд тээвэрлэлтийг хангах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, Монгол, ОХУ болон БНХАУ-ын тээврийн системүүд холбогдох бөгөөд Улаан-Үд-Наушки-Эрээн-Жининь чиглэлийн төмөр замын коридорыг хөгжүүлэх боломж бүрдэнэ” хэмээн В.Н.Морозов ярьсан байна.

Хятадын мэргэжилтнүүдийн урьдчилсан дүнгээр Хойд логистикийн системийн тээврийн нөөц ойролцоогоор жилд 100 сая тонн байх гэнэ. Хятадын хойд болон төвийн нутгуудад нийлүүлэх нүүрс, төмрийн хүдэр зэрэг РЖД компанийн одоогийн транзит тээвэр 10 сая тонн аж. Төмөр замын гол транзит тээвэрлэгчид нь тус улсын Баруун Сибирь, Алс Дорнодын уул уурхайн томоохон компаниуд болоод баяжуулах үйлдвэрүүд байх юм байна.

Монгол улсын төмөр замын дэд бүтцийг шинэчлэх зорилготойгоор хоёр улсын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” нийгэмлэг байгуулагдсан байгаа. Тус нийгэмлэг нь Тавантолгой-Сайшанд чиглэлийн төмөр замыг барих бөгөөд 2020 он гэхэд тус замын хүчин чадал 44 сая тонн болох аж.

Э.Од