Олон улсын тэргүүлэх судалгааны байгууллага “The Conference Board” дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд 3.1 хувьтай байна гэж үзэж байна. Хэдийгээр Хятадын өсөлт энэ жил 7.5 хувь, ирэх жил 7 хувьд хүрч буурах ч дэлхийн эдийн засгийн өсөлт өөдрөг хэвээр байх төлөвийг тус байгууллага тооцож гаргажээ. Энэ жилийн байдлаар дэлхийн эдийн засгийн өсөлт 2.8 хувьтайгаар харьцангуй доогуур гарах ч ирэх жил илүү өсөлттэй байх таамаг нь үйлдвэрлэлийн эрчим болоод түүхий эдийн зах зээлийн хувьд эерэг мэдээ болж байна.
Хятадаас гадна Энэтхэг, Бразил зэрэг улсын өсөлт илүү тогтуун, жигд хэмнэл рүү шилжиж буйг тус байгууллага тэмдэглэжээ. Энэ нь хөгжиж буй улсуудын эдийн засгийн өсөлтийг ялимгүй бууруулж, ирэх онд дунджаар 4.6 хувьд хүргэх ажээ. Энэ жилийн хувьд хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн өсөлт дунджаар 4.7 хувьтай гарч буй ажээ.
Хятад, Энэтхэг зэрэг өсөлтийг дэмжигч улс орнуудын эдийн
засгийн тэлэлтийн явц илүү тогтуун хэлбэрт шилжсэн ч, Европ, АНУ-ын эдийн
засгийн сэргэлтийн нөлөөгөөр дэлхийн ерөнхий өсөлтийн түвшин нэмэгдэнэ гэдгийг "The Conference Board" онцолжээ. Тодруулбал энэ жил Евро бүсийн эдийн засаг 0.3
хувиар өсч буй бол ирэх онд уг үзүүлэлт 0.8 хувьд хүрэх таамаглалыг дэвшүүлжээ.
Түүнчлэн дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орон АНУ-ын тухайд энэ жил өсөлт нь
1.6 хувь байгаа бол ирэх онд 2.3 хувьд хүрэх ажээ.
Б.Төгс