Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Орос, Өмнөд Солонгос төмөр зам барихад хамтарч магадгүй

Оросын Алс Дорнодын Хасан хотоос Хойд Солонгосын зүүн хойд нутгийн Ражин боомт хүртэлх төмөр замыг барих ажилд Өмнөд Солонгосыг оролцохыг санал болгож магадгүй тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгджээ. Уг асуудал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд Солонгост хийж буй өнөөдрийн айлчлалын үеэр яригдахаар төлөвлөгдөж байна.

“Оросын төмөр зам” /РЖД/ компани Транссибирийн замыг Транссолонгосын төмөр замтай холбох төслийг хэрэгжүүлэхээр эхлээд байгаа аж. РЖД болон Ражин боомтын хамтарсан “РасонКонТранс” компани нь Хасан-Ражин төслийн хүрээнд 54 км төмөр замын өргөтгөлийн ажлыг өнгөрсөн есдүгээр сард гүйцэтгэж дуусгасан байна. Нийт 8,3 тэрбум рублийн хөрөнгө оруулалттай энэхүү төслийн хүрээнд мөн нүүрсний терминал байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Энэхүү шинэ төмөр зам нь жилд 4 сая тоннын хүчин чадалтай. 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөгдөж байгаа уг зам Азийн орнууд руу Оросын нүүрсний экспортыг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ гэж тус улсын мэргэжилтнүүд үзэж байна.  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд Солонгост хийх айлчлалын үеэр РЖД болон POSCO компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төлөвлөж байгаагаас гадна ОХУ-аас Өмнөд Солонгос руу эрчим хүч, байгалийн хий  нийлүүлэх асуудал ч яригдах төлөвтэй байгаа тухай Юрий Ушаков мэдэгдсэн байна.
 
Э.Од