Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Уурхайчдын гэрэл зургийн үзэсгэлэн Төрийн ордонд нээгдлээ

Уул уурхайн яам гэрэл зургийн мэргэжлийн “Гамма” агентлаг болон Mongolian Mining Journal-тай хамтран “Би уурхайчин” гэрэл зургийн уралдааныг энэ оны долдугаар сараас зарлаж, эдүгээ дүнгээ гаргажээ.

”Би уурхайчин” гэрэл зургийн уралдаанд манай орны том, жижиг 20 орчим уурхайгаас нийт 40 гаруй оролцогч 200 гаруй гэрэл зургийг ирүүлсэн байна. “Би уурхайчин” уралдаан нь Монгол орны эрдсийн салбарт хүчин зүтгэж яваа нийт ажилтан, ажилчдын төлөөллийг илэрхийлж чаджээ хэмээн үзэж болно. Уралдаанд оролцогчдын гэрэл зургуудаас түүвэрлэн өнөөдөр Төрийн ордонд “Би Уурхайчин” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. 

Гэрэл зургийн уралдааныг нээн Уул уурхайн яамны Бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй үг хэлэхдээ ”Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь манай геологич, уурхайчдын өөрсдийнх нь сэтгэлийн толь юм. Эрдсийн салбарт ажиллаж хөдөлмөрлөж яваа мянга мянган геологич, уурхайчдын өөрсдийнх нь авсан гэрэл зургаар анх удаа уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна. “Би уурхайчин” уралдааны онцлог нь сонирхогчдын дунд зохион байгуулагдсан бөгөөд мэргэжлийн гэрэл зурагчид шүүгчээр нь ажиллаж, шилдэг бүтээлийг шалгаруулжээ. Геологи, уул уурхайн салбарынхны ажлын талбар, амьдралын гүн, сэтгэлийн үгийг хамгийн бодитоор нь зөвхөн тэнд хүчин зүтгэж яваа хамт олон хэлж, илэрхийлж чадах билээ. Уг уралдаан цаашид жил тутам үргэлжлэн зохион байгуулагдах нь манай уул уурхайн салбарыг олон нийтэд бодитой ойлгуулахад тустай”гэв.

“Би уурхайчин” уралдаанд “Гүний уурхайн хаагдах үеийн хатаалганы байр” зургаараа Тэргүүн байрт шалгарсан “Рэдпаф Монгол” ХХК-ийн ажилтан Б.Булганд  Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат шагнал гардуулсан юм. Уралдааны хоёрдугаар байрыг “Эрдмин” ХХК-ийн ажилтан П.Ариун-Од “Зэс хураалт. Катоданд зузаан зэс суужээ” зургаар, гуравдугаар байрыг “Монголын Алт” ХХК-ийн ажилтан Б.Мөнгөнжолоо “Цагаансуварга” зургаар тус тус эзлэв.



                         “Гүний уурхайн хаагдах үеийн хатаалганы байр”


Б. Булган нь уралдаанд олон сайн бүтээлээрээ оролцсон. Гүний уурхайн нөхцөлд ажиллах ямар байдаг, тэнд ажилладаг техникүүдийн онцлог гэхчлэн үгээр тайлбарлахаас илүүтэй, байгаагаар нь харуулахад илүү тодорхой агшнуудыг Булган хальсанд буулгажээ. Нэгдүгээр байрын шагнал хүртсэн дээрх бүтээл нь 2013 оны хувьд манай улсын уул уурхайн салбар дахь гол гэж хэлж болох үйл явдал. Өөрөөр хэлбэл Оюутолгой ордын Гүний уурхай түр зогссоны дараа 1800 ажиллагсад нь чөлөөлөгдсөн үйл явдлын тухай юм. Өгүүлэмж нь нэн сонирхолтой уг бүтээл The Mongolian Mining Journal сэтгүүлийн хавтсанд мөн хэвлэгдэх юм.




                                        “Зэс хураалт. Катоданд зузаан зэс суужээ”

Манай улсын эрдсийн салбарын үйл ажиллагаа үйлдвэрлэлийн шатанд дэвшин орж, үндэсний компани “Эрдмин” тэдний дунд онцгой байр суурь эзэлж чадсанд монгол хүн бүр бахархдаг. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь монголчууд бидний олон жилийн мөрөөдөл байсан. Харин “Эрдмин” компани катодын зэс үйлдвэрлэж, энэ салбартаа тэргүүлж яваа билээ. Тус компанийн ажилтан Ариун-Одын буулгасан агшинд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тодхон буусан байна.






                                                                                               “Цагаансуварга”

Геологи, уул уурхайн салбарынхан маань эх орны үзэсгэлэнт байгаль, онгон зэрлэг талын дунд хайгуул судалгаагаа хийж явдаг. Зэс эрднийн эх орныг илтгэсэн энэхүү ховорхон агшинг та шимтэн хараарай. Цагаансуваргын  зэс молибденийн ордод бүтээн байгуулалт ид өрнөж байна. Харин орд газрын жинхэнэ эзэд гэж болох амьтан ургамлыг давхар ариглан хамгаалахын чухлыг Мөнгөнжолоогийн бүтээл харуулжээ.




Уралдаанд  илгээсэн оролцогчдын  бүтээлүүдийг  тус сайтын  “Фото мэдээ”  булангаас  сонирхоно уу.