Хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээнд нийт 250 орчим агентлаг үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагаа, арга барил, үр ашгийн хувьд олон улсын шилдэг туршлагын түвшинд хүртэл бэхжүүлэх, хөгжүүлэх шаардлагатай байгаа. Иймд Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг байгуулахаар тогтсон юм. Тус газар нь хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчийн хууль ѐсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцлийг хөрөнгө оруулагчдад сурталчлах, шалгуур хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох зэрэг Хөрөнгө оруулалтын тухай хуулинд заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтын газар нь Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын суурин дээр байгуулагдаж байгаа бөгөөд Хөрөнгө оруулалтын хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн бүртгэлийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын мэдээлэл, статистик гаргах зэрэг зарим чиг үүргээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, зарим чиг үүргийг шинээр хэрэгжүүлэх юм.
Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож, сайжруулах нь зүйтэй хэмээн үзэж 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон 2012 оны Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг олон улсын туршлагын дагуу нэгдсэн нэг хуулиар зохицуулдаг жишгээр Хөрөнгө оруулалтын тухай нэгдсэн хуулийг 2013 оны 10 дугаар сарын 3-нд УИХ-аар хэлэлцэн баталж, 2013 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ.