Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Сайныг бодож хууль тогтоомж гаргадаг ч амьдрал дээр саар үр дагавартай тусах нь бий

2013 оны арваннэгдүгээр сарын 15
“Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг хурал дээр “Алтан Дорнод Монгол”
компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболдын  хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.


2013 оны нэгдүгээр сард Монгол улсад алтны үйл ажиллагаа явуулж байгаа, ихэнхдээ “дотоодын” гэсэн тодотголтой компаниуд нэгдэн “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-г байгуулсан юм. Монгол улс сүүлийн 20 жилийн хугацаанд нийтдээ 130 орчим тонн алт олборлосон. Энэхүү алтыг олборлох үйл ажиллагаанд 110 орчим компани оролцсон байдаг юм билээ. Өнгөрсөн 11 сарын хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, төр засгаас гарч байгаа бодлого, шийдвэрүүдэд оролцож, дуу хоолойгоо хүргэн явж байна. Алтны салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичигт ч бид санал бодлуудаа оруулсан.

Алтны нийлүүлэлтийг Монгол улсад урьд өмнө байснаас багагүй, болж өгвөл тэрнээс ч их хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой. Ингэснээр Монгол улсын эрдэнэсийн санг арвижуулах, нөгөө талаас алтны салбартай холбоотой олон нийтэд тархсан муу үзэгдлийг арилгах, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлуудыг эрчимжүүлж, улмаар эдгээр асуудлыг бүрмөсөн шийдвэрлэх гэсэн хэрэг юм.

Энэ таагүй нөхцөл байдлууд дан ганц хувийн хэвшлийн компаниуд гэлтгүйгээр төр засгийн шийдвэр гаргагчдын буруутай үйлдлүүдтэй бас холбоотой. Сайнаар бодоод гаргадаг хууль тогтоомжууд эргээд амьдрал дээр тусахдаа саараар үр дагавараа өгдөг. Та бүхний мэдэх “Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар” ч тэр, байгаль орчноо хамгаалъя гээд гаргасан “Урт нэртэй хууль” ч тэр эсрэгээрээ байгаль орчинд халтай хууль болж хувирсан. “Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар”-ын хууль одоо байхгүй болсон. Урт нэртэй хууль нь УИХ-аар ид хэлэлцэгдэж яваа энэ цаг үед та бүхэн зөв ойлголтоор алтны салбарыг дэмжиж хандаач гэж бидний зүгээс уриалан хүсч байна.

Төр, Засгаас гаргасан тогтоол шийдвэрийн дагуу нөхөн олговор олгоно гэсэн санхүүгийн хүнд дарамтаас салах, эзэнгүй орхигдоод одоо хүртэл хохироод байгаа байгаль орчныг нөхөн сэргээх эзэнтэй, хариуцлагатай болгоё. Нөгөө талаас хувийн хэвшлийнхэн өөрсдөө хөл дээрээ босч, боломж бололцоотой олборлолтын нөөцөө гүйцэд ухан авч, санхүүгийн чадавхаа сайжруулах гэх мэт зүйлүүд бий.

Энэ салбарын гол дайралтад өртдөг байгаль орчны талаар хэдэн үг хэлье. Урьд өмнө нь 1990-ээд оны үед техник технологи, санхүү боломж бололцооны улмаас байгаль орчны асуудлыг орхигдуулж байсан нь үнэн. Гэвч сүүлийн таван жилийн үзүүлэлтээр алт гэлтгүй уул уурхайн салбарт нөхөн сэргээлтийн ажлууд маш эрчимтэй хийгдэж байгаа. Энэ нь нэг талаасаа төрөөс олон жилийн турш хэрэгжүүлсэн бодлогыг нарийн, сайн боловсронгуй болгосон механизм болох хяналт тавих, хэрэгжүүлэх үйл явц эрчимжсэн, нөгөө талаас хувийн хэвшлийнхний нийгмийн ухамсар, хариуцлага, техник технологи, санхүүгийн боломж бололцооноос гадна уул уурхайтай салшгүй холбоотой ажилладаг хүмүүсийн байгаль дэлхийн лус, савдагт гүн итгэл үнэмшлээрээ хандаж байгаа байгаагийн бодит илрэл юм. Энэ оны эцсийн статистик дүн гараагүй боловч бидний хийсэн судалгаагаар 1000 гаруй га газарт алтны компаниуд нөхөн сэргээлт хийсэн байгаа. “Алтан Дорнод Монгол” компанийн хувьд энэ жил 360 га газрыг нөхөн сэргээгээд дуусч байна.

Дэлхийн эрдэс баялгийн зах зээлийн хүндрэлтэй ийм цаг үед бусад том улс орон, гүрнүүдийн нэвтрүүлж байгаа бодлого бол алтны салбартаа анхаарч, алтны эрдэнэсийн сангаа арвижуулснаар эдийн засгийн хүндрэлийг эерэгээр давах туулах боломж бололцоог хайдаг. Өөрийн дотоодын валютаас гадна бусад улсад хөрвөдөг өөрсдийн валюттай орнууд алтанд анхаарч, асар их хэмжээний нөөцийг хуримтлуулж чадаж байна. Тийм болохоор бид ч гэсэн алтны нөөцдөө анхаарах үүднээс алтаа өөрсдөө бүгдийг нь авдаг болох тэр боломж бололцоо механизм, хууль эрх зүйн орчныг тааламжтай болгох талаар төр, засаг илүү их анхаараасай гэж бодож байна.

УИХ, Засгийн газрын гишүүд “Монгол улс татварын боломж бололцоотой, их сайхан орчинтой”гэж их ярьдаг. Энэ нь тоон үзүүлэлтээрээ тэгж харагддаг ч яг тооцооллын үзүүлэлтээр харьцуулах юм бол хүн ам багатай, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 1000 хүрэхгүй компанитай, тэдгээр компанийн бүх хөрөнгө нийлээд ч “Форбес”-ийн жагсаалтад байгаа нэгэн тэрбумтны компанийн хөрөнгөд ч хүрэхгүйн хувьд татварын орчин том, хүнд гэдгийг төр засгийн түшээд сонсож  ойлгоосой. Энэ үүднээс татварын ил тод байдлыг хангаж, татварын зөрүүн дээрээс алт маань гадагш урсаад байхгүй, дотооддоо бүгдийг нь үлдээн  барих бодлогоор “Алтны ил тод байдлын тухай” хууль санаачлагдаад явж байгаа. Үүнийг зөв талаас нь ойлгож, дэмжиж хараасай гэж хүсч байна. 

Өнөөдөр алтан дээр нийт дүнгээрээ 10 орчим хувийн роялти төлж байгаа. Үүнийг 2,5 хувь болгох хувилбар яригдаж байгаа ч харамсалтай нь энэ хуулийн төслийг УИХ-ын маш олон гишүүн дэмжихгүй байна. Ердөө 7,5 хувийн зөрүү яриад байдаг. Гэтэл үүний цаана энэ хуулийг хэрэгжүүлж чадсанаар 97,5 хувийн ашигтай нөхцөл байдал эдийн засаг дээр үүсч байгаа юм. Тиймээс тоон баримтаас илүү тооцоололд анхаараасай гэж хэлэхийг хүсч байна.
 
Мөн аливаа Засгийн газар солигдон өөрчлөгдөх бүрийд цаг хугацааны явцаар улс төрийн өрнөл хэрхэн явагдахыг дагаж бизнес хямарч, хүндрэл үүсэх юм. Тиймээс тогтвортой байдлыг хангах талаас дан ганц хөрөнгө оруулалтын хуулиар биш дотооддоо мөрдөгддөг төр засгийн залгамж халаа гэсэн ойлголтуудыг амьдрал дээр бодитоор хэрэгжүүлдэг болмоор байна. Тэгэхгүй бол өмнөх нэг даргын үед хийгдсэн ажлыг дараагийн нэг дарга гарч ирээд шалгах зэргээр өрнөдөг удаашралтай үйл ажиллагаа нь өнөөдрийн минут секундээр хэмжигддэг бизнес болон ханшийн зөрүүн дээр компаниудыг маш их хохиролд унагадаг.

Дээр яригдсан хуулиуд хэрэгжиж чадахгүй бол 2014 оноос дотоодын алт үйлдвэрлэгч компаниуд үндсэндээ “нинжа” хэлбэр руу ороход бэлэн болоод байна. Нэг талдаа “нинжа” гэдэг тааламжтай нөхцөл байдал. Нөгөө талд нь бодитоор татвар төлөөд хахир хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаа копаниудын сонголт ойлгомжтой юм. Бүгд техникжсэн “нинжа” хэлбэр руу орцгоох байдалд хүрээд байна. Түрүүн яамны зүгээс хэлж байсанчлан маш олон компани аль хэдийнэ техникжсэн “нинжа” хэлбэр руу орсон байгаа. 

Энэ бодлогод оруулах гарцаагүй нэг зүйл бол төр засаг нь эхлээд орон нутагтай уялдаа холбоогоо олмоор байгаа юм. Хувийн хэвшлийнхнийг эхлээд орон нутагтайгаа хэл амаа ололц гэдэг. Үүнийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд хэцүү. Бид төр засгаас зохих ёсны зөвшөөрөл, бичиг баримтыг олон шат дараалал дамжиж авчихаад орон нутагт очиход дахиад “мини” Засгийн газар, Ерөнхий сайд болон бусад сайд нар хүлээж байдаг. Дахиад баахан хандив өргөж, амлалт бгч, тэтгэлэг, наадам, элдэв баярыг нь даах болдог. “Тэр төр засаг, яамны даргын гарын үсэг юу юм бэ? Чамайг энд ажиллуулахгүй” гээд орон нутагт гэдийчихдэг. Энэ бол уул уурхайн компаниудад бүгдэд нь тохиолдож байгаа зовлон. Үүнийг “тоглоомын нэг дүрэмтэй” болгохгүй бол маш хэцүү байна. Төр засаг нь өөрөө орон нутагт бодлого, хууль дүрэм журмыг ягштал мөрддөг болгомоор байна.

Гэтэл бид яг бодит амьдрал дээр татвар төлөгчид. Биднийг төр засаг хамгаалах ёстой. УИХ-ын зарим гишүүд хувийн хэвшил, уул уурхайн компаниуд руу хатуу, хахир бодлогоор хандах гээд байдаг. Дотоодын компаниуд улс орныхоо бас л нэг татвар төлөгчид, хөгжил цэцэглэлтийн төлөө явж байгаа. Үүнийг төр засгийнхан анхаарч хандаасай гэж хүсч байна. Гадныханд хандаж байгаа юм шиг битгий хандаач. Дотоодын компаниуд, хувийн хэвшлийнхнээ дэмжиж ажиллаач.

Саяхан хөрөнгө оруулалтын хууль батлагдлаа. Хэдий олон хүмүүс нааштай хандаж байгаа ч учир дутагдалтай зүйл бий. Гадны 200-300 жил, тэр байтугай XIII зуунаас эхэлж мэргэшсэн бизнес руу орсон улс гүрнүүдтэй нэг нөхцөлтэй гараанаас биднийг гаргах тийм л хууль болсон. Энэ нь их харамсалтай байна. Бид бизнес хийгээд дөнгөж 20 жил болж байгаа. 200-300 жилийн туршлагтай бизнесмэнүүдтэй нэг ширээний ард суугаад нэг нөхцөлөөр бизнес хийнэ гэдэг маш утгагүй. Тогтвортой байдлын гэрээ болоод бусад зүйлийг гадны компаниуд дээр ярьж, дотоодын компаниуддаа татварын хөнгөлөлттэй бодлого, эдийн засгийн чөлөөт байдлыг хангах, бүс болгоход нь анхаарвал илүү тохиромжтой юм болов уу.