Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой, Монголын уурхайчдын өдрийг тохиолдуулан энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, уурхайчдын дунд “Шилжин явах цом-2013” спортын олон төрөлт уламжлалт тэмцээн дөрөв дэх жилдээ болж байна.
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, “Эрдэнэс МГЛ” ХХК, “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-ийн хамтран зохион байгуулж байгаа уг тэмцээний нээлт 2013 оны арванхоёрдугаар сарын 02-ны Даваа гарагийн 13.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. Нээлтэд “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян, тус компанийн дэд захирал, Тэмцээнийг зохион байгуулах комиссын дарга Б.Ариунболд, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан, Ашигт малтмалын газрын мэргэжилтэн н.Билэгбаяр, “Шивээ-Овоо” компанийн Гүйцэтгэх захирал О.Отгонбаатар, “Багануур” хувьцаат компанийн Тэргүүн дэд захирал Б.Базарсүрэн нар оролцлоо.
Жил бүр уламжлал болон явагдаж ирсэн энэ жилийн тэмцээнийг “Эрдэнэс МГЛ” ХХК өөрийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа бөгөөд нийт 26 байгууллага, аж ахуйн нэгжийн 700 орчим тамирчид гурван өдрийн турш сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж буй нь цар хүрээний хувьд өмнөх жилүүдээс илүү өргөжсөнийг харуулсан хэрэг боллоо. Тэмцээний хаалтын ажиллагаа өнөөдөр 15.00 цагаас “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох юм.