Энэ онд Хятадын гангийн хэрэглээ 693 сая тоннд хүрнэ гэсэн тооцоог тус улсын Металлургийн аж үйлдвэр төлөвлөлт, судалгааны хүрээлэнгийн холбоо мэдэгджээ. Тус хүрээлэнгийн тооцоолж буйгаар ирэх жил Хятадын гангийн хэрэглээ 3.2 хувиар өсч, 715 сая тонн болох ажээ. Гэхдээ одоогоор Хятадын гангийн үйлдвэрлэл эрэлтээсээ давчихаад буйг тус хүрээлэнгийн захирал Ли Шинчуан мэдэгдсэн байна.
Нөгөөтэйгүүр ирэх жил Хятадын гангийн салбарын эрэлт тийм ч муугүй байх төлөвтэй. 2014 онд тус улсын автомашин болон төмөр замын салбарын үйлдвэрлэл дэх гангийн хэрэглээ 8-8.3 хувиар өсөх урьдчилсан төлөв гарчээ. Мөн машин механизм, гэр ахуйн цахилгаан хэрэглэлийн гангийн эрэлт 5-5.3 хувиар өсөх төлөвтэй байгаа бол эрчим хүч, барилга байгууламж, контейнерийн үйлдвэрлэлийн гангийн эрэлт ялимгүй өсөх хандлагатай байгаа аж. Харин ачаа тээврийн хөлөг онгоцны үйлдвэрлэл тааруу байгаагийн улмаас энэ чиглэлийн үйлдвэрлэл дэх эрэлт төдийлөн өсөхгүй гэж тооцжээ.
Тус хүрээлэнгийн тооцоогоор ирэх жил төмрийн хүдрийн үнэ өндөр хэвээр байх ажээ. Хятадын төмрийн хүдрийн хэрэглээ ирэх жил 1172 сая тоннд хүрэх бөгөөд үүний 70 хувийг буюу 850 сая тонн төмрийн хүдрийг гаднаас импортлох төлөвтэй байна. Энэ жилийн байдлаар тус улс 800 сая тонн төмрийн хүдэр импортлох дүр зураг гарчээ. Энэ оны эхний арван сарын байдлаар Хятад улс 669 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна.
Гэхдээ ирэх жилүүдэд Хятадын төмрийн хүдрийн эрэлт аажмаар буурна гэсэн таамгийг mysteel.com-ын судлаач Шу Шианчун дэвшүүлж байна. Үүнийгээ тэрбээр Хятад улс хөрөнгө оруулалтад төвлөрсөн эдийн засгаас хэрэглээнд чиглэсэн хувилбар руу шилжиж буйтай холбон тайлбарлажээ. Өөрчлөгдөж буй энэхүү эдийн засгийн бүтэц нь гангийн хэрэглээг хумих ажээ. Үүний илрэл нь Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байсан бол ирэх жилүүдэд 7 хувь руу буух шинжтэй болсноор тэрбээр жишээлэн тайлбарлажээ.
2011 оноос хойш тус улсын гангийн эрэлтийн өсөлт 5 хувиас доогуур байх болсон. Энэ өсөлтийн хэмжээ цаашид нэмэгдэхгүй хэвээр хадгалагдсанаар төмрийн хүдрийн эрэлт ч доогуур байх тухай тэрбээр тэмдэглэжээ. Одоогийн байдлаар олон улсын зах зээлд нэг тонн төмрийн хүдрийн үнэ 130 гаруй ам.доллар байна.
Б.Төгс