Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) цаашид нүүрстэй холбоотой төслүүдийг санхүүжүүлэхгүй гэдгээ шинэ Эрчим хүчний стратегидээ тусгажээ. Өмнө нь нүүрстэй холбоотой төслийн санхүүжилт тус банкны нийт зээлийн 6 хувийг эзэлж байжээ. Тус банкны Эрчим хүч, байгалийн нөөц баялгийн Ерөнхий захирал Riccardo Puliti-гийн тайлбарлаж буйгаар шинэ чиглэл санхүүжилтийг нь нэгэнт баталсан төслүүдэд хамаарахгүй аж. Мөн тухайн улсын нөхцөл байдал нь чулуужсан түлш буюу нүүрсний эрчим хүчинд түшихээс өөр аргагүй онцлогтой тохиолдолд энэ бодлого бас хамаарахгүй гэнэ.
ЕСБХБ одоогийн байдлаар Монголд баригдах 450 МВт-ын хүчин чадалтай дулааны тавдугаар цахилгааны станцын санхүүжилтийг олгох эсэх талаар хэлэлцэж буй юм. Тус банкны Эрчим хүч, байгалийн нөөц баялгийн Ерөнхий захирал Riccardo Puliti Монголд салхин паркийн цорын ганц төсөл болох 50 МВт-ын “Салхит” станцын төслийг тус банк санхүүжүүлснийг дурджээ. Мөн тэрбээр Монголын нийслэл Улаанбаатар хот одоогоор хэтэрхий хуучирсан нүүрсний цахилгаан станцуудаас эрчим хүчээ авч буйг тэмдэглээд хотыг дулаанаар хангахад нүүрснээс өөр тохиромжтой хувилбар байхгүй юм гэжээ. Монголд хангалттай газрын тосны нөөц үгүйн дээр Хятадтай байгалийн хийн сувгаар холбогдоогүйг мөн дурдсан байна. Тэрбээр Монголд цахилгааны төлбөр маш доогуур учир тавдугаар цахилгааны станцын төслийг дан ганц арилжааны банкнууд санхүүжүүлэх боломжгүй байгааг ч хэлсэн байна. Хэрэв арилжааны банкууд уг төсөлд оролцвол тун их баяртай байх болно гэдгээ ч мэдэгджээ.
Гэхдээ ЕСБХБ-ны эрчим хүчний шинэ стратегид
бусад чулуужмал түлш болох газрын тос, байгалийн хий, занар багтаагүй байна.
Тус банк цаашид Украйн зэрэг занарын нөөц арвинтай орнуудын шинэ төслийг
санхүүжүүлэх төлөвтэй байна.
Б.Төгс