ОХУ-ын “En+” болон БНХАУ-ын нүүрсний Шинхуа группын хамтарсан “Разрез Уголь” компани Забайкалийн хязгаар нутагт дахь Зашуланскийн нүүрсний орд газарт олборлолт явуулахаар болжээ. Эл ордын талбайд хайгуул, олборлолт хийх лицензийн төлбөрт 246,9 сая рубль буюу 7,4 сая ам.доллар төлсөн байна. Нүүрсийг ил аргаар олборлох бөгөөд жилд 6 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа аж.
Олборлолтыг 2018 оноос эхлүүлэх гэнэ. Зашуланскийн нүүрсний ордоос олборлосон нүүрснийг Забайкалийн хязгаар нутгийн эрчим хүчний хэрэглээнд нийлүүлэхээс гадна БНХАУ-д экспортлох зорилготой. Нүүрсний энэхүү төсөлд Орос, Хятадын хамтрагчид 30 тэрбум рубль буюу 902 сая ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн буйгаа мэдэгджээ. Төслийн хүрээнд ойролцоох төмөр замын станц хүртэл 100 км авто зам барихаар төлөвлөсөн байна. Зашуланскийн нүүрсний орд нь 252 сая тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй бөгөөд Орос-Хятадын хилээс 500 км зайд оршдог.
Албан бус мэдээгээр “En+” болон Шинхуа группын хамтарсан “Разрез Уголь” компани Оросын нүүрсний дахин нэг ордыг ашиглахаар яригдаж, тендер зарлахыг анхааралтай ажиглаж байгаа гэнэ. ОХУ-ын Засгийн газар нүүрсний томоохон ордуудаа ашиглах тендер зарлах болсноо мэдэгдээд байгаа билээ. Нөгөөтэйгүүр “En+”, Шинхуа групп нь энэ оны гуравдугаар сард Хятадын хөгжлийн банктай Орост хэрэгжүүлэх нүүрсний төслүүдэд зориулж 2 тэрбум ам.долларын санхүүжилт авахаар гэрээ байгуулсан билээ.
Э.Од