Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ үргэлжлэн өсч байна

Дэлхийн зах зээл дэх боловсруулсан зэсийн шууд худалдааны үнэ өнөөдрийн байдлаар Лондоны металын бирж дээр 7287 ам.доллар/тоннд хүрээд байна. Энэ нь сүүлийн сар хагасын хугацаан дахь хамгийн өндөр үнэ юм. Ер нь энэ оны сүүлийн улиралд зэсийн үнэ 7300 ам.долларт хүрээгүй байгаа билээ.

Ийнхүү зэсийн үнэ оны сүүл сарын хоёр дахь долоо хоногт эрчимтэй өсөхөд хөрөнгө оруулагчдын Хятадын зэсийн эрэлт тогтвортой байна гэсэн таамаглал нөлөөлжээ. Хятадын тухайд өнгөрсөн арваннэгдүгээр сарын цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл нь өнгөрсөн аравдугаар сарынхаас 28 хувиар нэмэгдэж 654 мянган тоннд хүрчээ. Үүнд зэсийн хайлуулах цэвэршүүлэх зардал нэмэгдсэн нь бас нөлөөлсөн байна.

АНУ-ын Холбооны нөөцийн эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрийг ч хөрөнгө оруулагч нар итгэлтэйгээр хүлээж байна. Ийнхүү үйлдвэрлэл, эрэлт нэмэгдэх хүчин зүйл зэсийн үнэ өсөхөд нөлөөлж буй бол нийлүүлэлт хомсдох “чимээ” ч томоохон үйлдвэрлэгч Индонезээс сонсогдож байгаа юм. Зэсийн баяжмалын гол экспортлогч орны нэг Индонез улс боловсруулаагүй бүтээгдэхүүн экспортлохыг хориглох хоригоо ирэх нэгдүгээр сарын 12-ноос авч хэрэгжүүлж эхлэх сургаар үнэ өсөх хандлага ажиглагдаж байна. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг “Freeport McMoran” компани хориг үнэхээр хэрэгжиж эхэлбэл жилд 610 мянган тонн зэс үйлдвэрлэдэг “Grasberg” уурхайн бүтээмж 65 хувиар буурах тухай мэдэгджээ.



Б.Төгс