Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Засгийн газар болон банкуудын зэрэглэлийг бууруулав

Олон улсын “Fitch агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулжээ. Тус агентлаг Монгол улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В+” гэж үнэлсэн бөгөөд харин цаашдын төлөвийг тогтвортойгоос сөрөг болгосноо өнгөрсөн баасан гаригт зарлажээ. Богино хугацааны зээлжих зэрэглэл нь “В” байгаа юм.

Fitch агентлаг зэрэглэл бууруулахдаа хэд хэдэн хүчин зүйлийг тооцоолжээ. Юун түрүүнд Монгол улсын төсвийн алдагдал, төсвийн гадуурх хөрөнгө оруулалтыг оролцуулаад ДНБ-ний 12 хувьд хүрч байгаа нь Төсвийн тогтвортой байдлын хуулийг зөрчиж байгаа аж. Мөн  эхний 10 сарын байдлаар зээл олголтын хэмжээ 53 хувь, инфляци 10 хувиар өссөн гэжээ. Монгол улсын Засгийн газрын нийт өр 2013 оны эцсээр гэхэд ДНБ-ний 50 хувьд хүрэхээр байгааг тус агентлаг онцолсон байна.

Мөн тус агентлагаас өнөөдөр Монголын хоёр банкны зэрэглэлийг бууруулсан байна. “Хаан” банк болон “Хас” банкны зээлжих урт хугацааны зээлжих зэрэглэлийн төлөвийг тогтвортойгоос сөрөг болгожээ. Тус хоёр банкны богино хугацааны зээлжих зэрэглэл нь “В” гэсэн үзүүлэлттэй байна. “Хаан”, “Хас” банкны зэрэглэлийг сөрөг болгосон үндсэн шалтгаан нь Монгол улсын зээлжих зэрэглэл буурсантай шууд холбоотой юм байна. Энэ оны эцсээр Монгол улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 119 хувьтай тэнцэх буюу 13.5 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Үүний 10.2 тэрбум ам.доллар нь хувийн хэвшлийн компаниудын өр юм байна.



С.Болд