Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Гадаадыханд ч, дотоодыхонд ч геологи, уул уурхайн салбараа зөвөөр таниулъя

Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлгийг 2014 оны нэгдүгээр сарын 15-нд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгийн зорилго, ач холбогдлын талаар Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. 

“Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлгийг Уул уурхайн яам санаачлан энэ жил анх удаа зохион байгуулах гэж байна. Ямар үр дүн хүлээж, ийм хурал зохион байгуулах болов?

Хурлыг зохион байгуулах гурван том шалтгаан бидэнд байсан юм. Гадаад, дотоод учир шалтгаан. Гадаадын хөрөнгө оруулалт 30 хувиар буурсан. Түүний учир шалтгааныг ярилцана. Хоёрт, олон түмний геологи, уул уурхайн салбарт хандах хандлага маш сөрөг байгаа. Тухайлбал орон нутагт геологи хайгуулын ажлын явц одоо хөөж туух нь давамгайлчихлаа. Гурав дахь том  шалтгаан бол манай яам мэргэжлийн холбоодтой нээлттэй, ойр дотно ажиллах эхлэлүүдийг тавьж байгаа. Хэд хэдэн мэргэжлийн том холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Мэргэжлийн холбоод, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсъё, зарчмын асуудлууд дээр хамтын шийдвэр гаргая гэдэг үүднээс энэ хурлыг зохион байгуулж байгаа.
 
Тиймээс гадаадынханд ч, дотоодынхонд ч геологи, уул уурхайн салбараа зөвөөр танилцуулъя. Монгол улсын эдийн засгийн байдал тогтвортой болж байна. Хууль эрхзүйн орчноор бүрдүүлж байгаагаа гадны хөрөнгө оруулагчдад танилцуулна. Дотоод талдаа геологи уул уурхайн салбарын үйл ажиллагаа нь дандаа устгаж сүйтгээд байдаггүйг баялаг бүтээгчид ард түмэндээ танин мэдүүлэх хэрэгтэй байна. Эдийн засагт ямар их хөрөнгө оруулалт хийж, яаж нөлөөлдөг, ямар олон хүн ажилладаг, түүнийг дагаад ямар олон компани үйлчилгээ явуулдгийг таниулахгүй бол уул уурхай улс төрийн тоглоом болчихлоо.

Хүлээж буй үр дүн гэвэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдадаа итгэл төрүүлэхийг хүсч байна. Монгол улсад хөрөнгөө оруул, эргээд харилцан ашигтай ажиллана шүү гэдэг итгэлийг төрүүлэх хэрэгтэй байна. Бид итгэл төрүүлээд орхихгүй, ярьснаа хэрэгжүүлэхийн төлөө явна. Гэхдээ хэрэгжүүлэхэд хугацаа хэрэгтэй.

Дээрээс нь Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого УИХ-аар батлагдах гэж байна. Миний хувьд олон яаманд ажиллаж байсан. Хэзээ ч одоогийнх шиг өргөн хүрээтэйгээр мэргэжлийн хүмүүсийг оролцуулан төрийн бодлого бичиж байсныг мэдэхгүй юм. Яам болон агентлагийн түвшний хэдэн хүн яриад л хийчихдэг байсан. Энэ удаад төрийн бодлогоо бичсэний дараа олон нийтийн хэлэлцүүлэгт оруулаад таван сар болж байна. Бодлогын баримт УИХ-аар батлагдах юм бол Монгол улсын эрдэс баялгийн салбар 2025 он хүртэл яаж хөгжих нь тодорхой болно. 

Бодлогын баримтад маш олон асуудлыг тодорхой зааж өгсөн. Стратегийн орд, байгаль орчин, бичил уурхай, геологийн ажил, уул уурхайн салбарын нийгэмд нөлөөлөх байдал гээд бүх л асуудлыг аль болох бүрэн дүүрэн оруулахыг бодсон байгаа. Юутай ч ийм нөхцөл байдалд салбарынхан тулгамдсан асуудлаа хамтарч ярилцья. Дараа нь түүнийг яаж шийдэхээ тодорхой ярья гэсэн зорилгоор хурал зохион байгуулагдаж байгаа юм.  
                                   
Нэгдүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хурлаас өмнө сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд өрнөх юм байна. Сэдэвчилсэн хэлэлцүүлгийг ямар хүрээнд хийх вэ? 

Эрдэс баялгийн салбарыг дотор нь судалгааны буюу геологи хайгуулын, уул уурхайн буюу олборлолтын гэж хоёр том хэсэгт хувааж болно.
 
Геологийн хувьд 13 жил чөлөөт зах зээлийн зарчмаар явлаа. Лицензийг чөлөөтэй олгож байсан. Одоо бол байдал өөр болсон. Улс ч гэсэн хаана юу хийх вэ гэдгээ тогтохын тулд нэг амьсгаа аваад харья гэж байна. Лиценз олголтыг зогсоосны улмаас геологи судалгааны компаниудыйн эдийн засгийн байдал хүнд  байгаа. Энэ асуудлаа ч, геологийн ажлыг цаашид яаж явуулах вэ гэдгээ ч ярилцъя. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулиар хувь хүн геологийн ажил хийхийг зөвшөөрсөн. Түүнээс болоод маш олон лиценз тараасан. Дараа нь аж ахуйн нэгжүүд рүү зааж оруулсантай холбоотойгоор байдал өөрчлөгдөөд байгаа. Одоо бол дуртай газарт нь өгөхөө больё. Улс хаана эрж, хайхаа шийднэ. Ийм, ийм газруудад геологи хайгуулын ажил явуулахыг зөвшөөрнө гэдгээ Яамнаас зарлах концепцийг бодлогын баримт бичигт оруулсан байгаа.
 
Харин уулынхны хувьд салбар салбараараа асуудлаа ярилцахгүй бол нүүрс, зэс, алтны асуудлууд өөр өөр. Тулгамдаж буй асуудал, хүндрэлүүд нь өөр болохоор чиглэл чиглэлээр нь дэд хурлууд хийж байгаа юм. Гэхдээ түгээмэл зүйлс ч бий. Нийтэд нь базвал ойролцоо л юм ярьж байгаа. Жишиг үнэ, татвар, тээвэр, боомтын хүчин чадал, зохион байгуулалтын асуудлуудыг ярьдаг. Ялангуяа жишиг үнэ дээр нүүрс, төмөр, жоншныхон бүгдээрээ гомдолтой явдаг.

Олборлох үйлдвэр дотроо жонш, алт, төмөр, нүүрсний гээд мэргэжлийн холбоодтой. Энэ холбоод ч амьдралын шаардлагаар үүссэн. Эдгээр холбоодтой уулзаж ярилцсан. Холбоод ч асуудлаа ярина, бид асуудлаа ярина. Тиймээс салбар тус бүрээр асуудлаа ярилцаад нэгдүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нэгтгэсэн асуудлаа оруулж ирэх юм.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулахын учир юу вэ?

Яамны бодлого бол нэг уулзалт хурал хийгээд орхихгүй. Өнөөдөр тулгамдсан асуудлаа шийдье гэж уулзсан бол гараад түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллая. Уламжлал болгож байгаагийн учир нь өмнөх жилд юу ярьснаа, ямар үр дүнд хүрснээ дүгнэх хэрэгтэй. Жилийн өмнө ярьж байснаа мартчихаад шал өөр юм яриад байж болохгүй. Нэг ёсондоо дэвшил гэдэг шат шатаар явах ёстой. Хийе гэж төлөвлөснөө хийгээд дараагийн шатанд очих ёстой. Хийх ёстой юмаа хаячихаад шал өөр юм дээр очоод дунд нь ангал гараад байвал юу болох вэ. Тиймээс тогтмолжуулж байгаа. Хэрэгжүүлэх амьд механизм ажиллах ёстой.

Нөгөө талаар хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа ажиллана. Хамтдаа бэрхшээл, саад тотгорыг даван туулах, байдлыг сайжруулахын төлөө явна. Хэн хэндээ шаардлага тавиад хамтарч ажиллах ёстой. Тэгэхгүй бол нэг нь дандаа шаардчихаад, хараад суугаад байж болохгүй.

Уул уурхайн яамнаас хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, иргэний хөдөлгөөн, олон нийт гээд талуудтай ойртох, нээлттэй болох арга зам хайж байгаа нь сүүлийн үеийн ажлуудаас нь харагддаг. Тэр дундаас төрийн байгууллагуудын хоорондын уялдааг сайжруулах хэрэгтэй юм шиг. Ялангуяа Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Сангийн яамны хоорондын ажлын уялдаа маш учир дутагдалтай. Төрийн яамдын хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудал хурлаар хөндөгдөх үү?

Яамд хоорондын харилцаа холбоог сайн болгооч, мэдээллээ солилцож байгаа ч гэсэн асуудлыг мэргэжлийн холбоод, компаниуд маш их ярьдаг, шүүмжилдэг. Танай яам нэг юм ярьж байхад өөр нэг яам өөрийн эрх, үүргийн үүднээс түүнийг чинь эсэргүүцээд байна гэх жишээтэй. Тухайлбал, жишиг үнэ дээр Уул уурхайн яам арай өөр бодолтой байхад Сангийн яам шал өөр бодолтой байх жишээний. Яагаад гэвэл тэд татвар цуглуулах ёстой. Улсын төсөвт орж байгаа юм нь бага болохоор тэднийг буруутгах аргагүй. Байгаль орчны яам дээр ч мөн адил. Тэд хуулиа барьдаг. Иймэрхүү асуудлууд Яамд хоорондын эрх, үүргийн зөрчлөөс болдог. Асуудал гарсан тохиолдолд түүнийг шийдэхээр ажлын хэсэг гарч ажилладаг.

Гэхдээ хүмүүсийн шаардаж байгаа шиг хангалттай түвшинд хүрээгүй байна. Манай яамны  хувьд цаас шидэлцсэн хөндий харилцаагаар биш, аль болох тулж уулзаж ярилцан, асуудлыг шийдэх байдлаар ажиллаж байгаа. Шүүмжилж байгаа зүйл үнэн. Бид түүнийг сайжруулахын төлөө ажиллана.

“Эрдэс баялгийн салбар-2025” хурал нэлээд өргөн хүрээг хамрах нь, сонирхогч бүх талын оролцоотой байх нь гэж ойлголоо?

Бид аль болох нээлттэй хийхийг хичээнэ. Гэхдээ хүссэн хүн бүрийг оролцуулна гэвэл танхимдаа багтахгүй хэрэг болно. Ямар ч байсан орон нутгийн захиргаа, мэргэжлийн холбоод, яамд, компаниуд, иргэний хөдөлгөөнийхөн гээд сонирхогч бүх талын төлөөллийг оролцуулахыг хичээж байна. Мэдээж 360 гаруй сум бүрээс хүн оролцуулж чадахгүй шүү дээ.

Иргэний хөдөлгөөнийхөн хурлын нэг оролцогч тал болох юм байна?
 
Яг жинхэнэдээ уул уурхайн сүйтгэсэн талбай, шороон замууд, хогийн цэгүүд, огтолсон моднуудыг улсын хэмжээнд харьцуулбал өчүүхэн бага. Гэхдээ хүмүүс яагаад Монгол улсын нутаг дэвсгэр бүхэлдээ сүйтгэгдчихсэн юм шиг ойлгоод байна вэ. Яагаад гэвэл уул уурхайд асар их мөнгө явж байдаг учраас хүн бүхэн сонирхдог.

Иргэний 800 орчим хөдөлгөөн байдаг. Хараад байхад ихэнх нь гоё лоозон барьдаг ч жинхэнэдээ шал өөр сонирхол яваад байдаг. Жишээ хэлье л дээ. “Оюутолгойн хяналт” гэж төрийн бус байгууллага, Оюутолгойн баяжмалыг зөөснөөр тоос шороо босоод, нутгийн иргэд амьдрахад хэцүү боллоо гээд шүүмжлээд эхэлснийг санаж байгаа байх. Бид үнэхээр тийм их шороо тоос босоод, малчид амьдарч болохооргүй болоод байна уу гэдгийг газар дээр нь судлахаар очсон. Сумын удирдлагууд, замын дагуу амьдарч байгаа малчидтай уулзахад хоёр л юм ажиглагдаж байна лээ. Орон нутгийн засаг захиргааныхан болохоор, тэр хүмүүс бидэнтэй огт яриагүй байж бидний өмнөөс шал өөр юм яриад байх юм. Оюутолгойн экспортыг зогсоох бодол бидэнд огт байхгүй. Харин ч ажиллуулах хэрэгтэй гэж ярьж байх юм.

Замын дагуу нутаглаж байгаа хэд хэдэн малчныхаар орж уулзлаа. Тэд өөдөөс, зам барьж байгаа хүнд механизмын машин хэдэн арваараа явж байгаа. Өдөртөө баяжмал ачсан хориод машин л явдаг. Бидэнд түвэг учруулсан тийм их тоос босоод байдаггүй. Харин нүүрсний зам дээр бол тоос босдог байсан гэж ярилаа. Хөдөлгөөний хүмүүс та нартай уулзсан уу гэхэд мэдэхгүй, хэн ч бидэн дээр ирээгүй, бидэнтэй хэн ч яриагүй, радиогоор л бидний эрх ашгийг хамгаалж байгаа гэсэн улс яриад байх юм. Ядахдаа бидэн дээр ирээд уулздаггүй юм байх даа гэж ярьж байсан. Нутаг орныхонтой уулзаж, ярилцаагүй л юм билээ. Энэ мэтээр орон нутгийнхны нэрийг барьсан хөдөлгөөнүүд гарч ирээд байна.

Өнгөрсөн аравдугаар сард буу шийдэм барьж дайрсан хэсэг хүмүүс бас л иргэний  хөдөлгөөнийхөн. Ийм юм руу орвол бид яаж дэмжих вэ. Уулзахад ч хэцүү болж байгаа биз дээ. Манай яамны гадаа тэсрэх бөмбөг тавьсан байсан. Тэр нь ажилчдын гадаа тамхи татаад суудаг газар. Дэлбэрсэн бол хэчнээн хүн хохирох вэ? Хэн түүний хариуцлагыг үүрэх вэ? Бидэнд тийм хөдөлгөөн хэрэгтэй байна уу? Манайх чинь ардчилсан орон. Нэг нь, миний шаардлагыг хүлээж авахгүй бол чамайг дэлбэлнэ, буудна гээд байвал яах вэ?

Тиймээс бид хөдөлгөөнүүдийн талаар нэлээд сайн ярилцах хэрэгтэй байгаа юм. Хөдөлгөөнүүд ч өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Хариуцлагатай уул уурхай, хариуцлагатай төр гэж ярьж байна. Нэг газар очиж баахан бужигнуулж, хачин хачин юм ярьчихаад алга болчихдог. Дараа нь түүний учрыг олох гээд орон нутгийнхан, компани, төрийн байгууллагынхан яваад байна шүү дээ.

Мэдээж, зөв зүйтэй шаардлага тавьж, зөв ажиллаж  байгаа хөдөлгөөнүүд байгаа. Тэднийг үгүйсгэхгүй.                                             

Ярилцсан Н.Ариунтуяа