Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Умард коридор”-ыг хөгжүүлэх хамтын тохиролцоонд хүрнэ

Монголын Засгийн газраас санаачлан зохион байгуулж буй “Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын умард коридор” сэдэвт гурван талт олон улсын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр “Их тэнгэр” цогцолборт эхэллээ.

Монгол улсын Засгийн газраас зохион байгуулж буй уг зөвлөгөөнд  Зам, тээврийн сайд А.Гансүх болон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн  удирдлага, ОХУ-ыг төлөөлөн Тээврийн яамны Төмөр замын тээврийн салбар дахь Төрийн бодлогын газрын дарга В.А.Петренко, Холбооны төмөр замын агентлагийн орлогч дарга И.В.Мицук, БНХАУ-ыг төлөөлөн Төрийн төмөр замын ерөнхий газрын дэд захирал Цэнь Ланьхуа нарын холбогдох албаны хүмүүс, гурван улсын төмөр замын компаниудын төлөөлөл оролцож байна.

Зөвлөгөөн үндсэн гурван хэлэлцүүлгийн хүрээнд өрнөх бөгөөд эхний илтгэлийг Зам тээврийн яамны Төмөр зам, далайн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Төмөр замын дамжин өнгөрүүлэх тээврийг хөгжүүлэх зорилт, Улаанбаатар төмөр замыг хүчжүүлэхэд хөршүүдтэйгээ хамтарч ажиллах нь” сэдвээр тавьсан юм.

“Гурван улсыг дамнасан бүс нутаг, тив хоорондын логистикийн сүлжээг цогцоор хөгжүүлэх”  нь хэлэлцүүлэгт  “БНХАУ-ОХУ, БНХАУ-Европ хоорондын худалдааны бараа, эргэлтийн төлөв, түүнд Монгол руу чиглэсэн төмөр замууд, Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх төмөр замын тээврийн  замналын гүйцэтгэх үүрэг, Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлд гурван улс хамтарч ажиллах нь, Эрээн-Жинин хэсгийн төмөр замыг хүчитгэх төлөвлөгөө” илтгэлийг ОХУ-ын  төлөөлөгч тавих бол “Хятад-Орос, Ази-Европыг холбосон Монголын нутгаар дайран өнгөрөх бодитой, хүчирхэг тээвэр, логистикийн замналыг хөгжүүлэх, Наушки-Улаан Үд хэсгийг хүчитгэх төлөвлөгөө, Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлд гурван улс хамтран ажиллах нь“ сэдвээр ОХУ-ын төлөөлөгч илтгэл тавьж  хэлэлцүүлэх ажээ.

Зөвлөгөөний төгсгөлд талууд протоколд гарын үсэг зурж, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Орос, Хятад хоёр талын төлөөлөгчдийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, зөвлөгөөний үр дүнгийн талаар ярилцах юм байна.

Зам, тээврийн сайд А.Гансүх:

Монголын талаас уг зөвлөгөөнд ямар асуудлыг чухалчлан тавих вэ?

Монгол, Орос, Хятад  улсыг дамнасан төмөр замыг шинэчлэх асуудлыг ярилцаж, энэ чиглэлээр   гурван тал хэрхэн хамтарч ажиллах, санхүүжилтээ  яаж хийх зэргээр зарчмын шийдэлд хүрэх нь зөвлөгөөний гол зорилго.

Бид энэ зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулах сонирхолтой байна. Талуудтай хамтран ажиллах, сонирхлыг нь нэгтгэх чиг зорилго барьж байгаа. Төмөр замын салбар их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг.

Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн эхний шатыг хийхэд 400 сая доллар шаардлагатай.  Цаашдаа хос төмөр зам тавихад нэг тэрбум гаруй доллар хэрэгтэй болно. Энэ хөрөнгийг хоёр талтай хамтарч босгох, төмөр замынхаа коридорыг шинэчлэх талаар ярилцах ёстой.

Манай төмөр замын шинэчлэлийг “Умард коридор” гэж нэрлэсэн. Тиймээс “Умард коридорыг хөгжүүлэх  хамтын ажиллагааны тохиролцоонд хүрэх нь зөвлөгөөний  нэг ач холбогдол. Зөвлөгөөнөөр талууд Засгийн газрын түвшинд хамтан ажиллах зарчмаа тодорхойлсон тунхаглал гаргана. Компаниудын хооронд санамж бичиг зурна.



Г.Идэр