Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Холбооны нөөц санхүүгийн дэмжлэгээ танав

АНУ-ын төв банк “Холбооны нөөц” эдийн засгийг идэвхижүүлэх гуравдугаар хөтөлбөрийн хүрээнд хийж буй санхүүгийн дэмжлэгээ 10 тэрбум доллараар танах болсноо өчигдөр мэдэгдэв. Уг шийдвэрийг “Холбооны нээлттэй зах зээлийн хороо” (FOMC) гаргасан бөгөөд уг шийдвэр ирэх нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм байна. Энэхүү шийдвэрийн хүрээнд бонд худалдан авах хөтөлбөрийн хүрээнд сар бүр 85 тэрбум ам.долларын бонд худалдан авч буй хэмжээгээ 75 тэрбум доллар болгож бууруулах ажээ. Ийм шийдвэр гаргахад АНУ-ын ажил эрхлэлтийн байдал сайжрахын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлийн орчин ч дээшилж буй нь голлон нөлөөлжээ. Холбооны нөөц цаашид дэмжлэгийн бодлогоо илүү сулруулж магадгүй байна. Гэхдээ энэ нь инфляци болон хөдөлмөрийн зах зээлийн байдлаас шалтгаалах юм байна.

Холбооны нөөц сар бүр моргэйжээр баталгаажсан 40 тэрбум долларын бонд болон Сангийн яамны 45 тэрбум долларын бондыг одоо худалдан авч байгаа юм. Харин уг шийдвэр хэрэгжиж эхэлснээр ирэх онд моргэйжээр баталгаажсан бондын худалдан авалтын хэмжээ 35 тэрбум доллар, нөгөө нь 40 тэрбум доллар болж багасахаар байна.

Гэхдээ Холбооны нөөц зээлийн хүүгийн хэмжээг нэмэлгүйгээр хэвээр хадгалж, 0-0.25 хувь байлгахаар шийджээ.

FOMC нь АНУ-ын зээлийн хүү, мөнгөний нийлүүлэлтийн талаар гол шийдвэр гаргадаг байгууллага юм. Гэхдээ Холбооны нөөцийн Тэргүүн Бен Бернанке уг шийдвэрийг эртэдсэн хэрэг гэж үзжээ. Түүний тайлбарлаж буйгаар АНУ-ын эдийн засгийн сэргэлт хараахан гүйцэд боловсроогүй байгаа ажээ.

Холбооны нөөцийн уг мэдэгдэл гарсны дараагаар дэлхийн зах зээлд алт, мөнгө, зэс, газрын тосны үнэ бага зэрэг буураад байна.




Б.Төгс