Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д шийдвэрлэх есөн асуудал үлджээ

“Оюутолгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэр 2013 онд 300 мян.тн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны байдлаар 252.2 мян.тн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Үүнээс БНХАУ-ын Ганц Модны боомтын Хуафанг гаалийн баталгаат агуулахад 70.2 мян.тн зэсийн баяжмал тээвэрлэж хүргэснээс хайлуулах үйлдвэрүүд 16.9 мян.тн зэсийн баяжмалыг татан авсан байна.

 

12 дугаар сард болсон “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийг баталсан. Ирэх онд тус компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын зардлыг  нэг тэрбум 283 сая ам.доллар, борлуулалтын нийт орлогыг хоёр тэрбум 653 сая ам.доллар байхаар тооцжээ. “Оюутолгой” ХХК 2014 онд 692,3 мян.тн зэсийн баяжмал буюу 175,6 мян.тн цэвэр зэс, 23.9 тн алт үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

 

Оюутолгой төслийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх яриа хэлэлцээ өнгөрсөн оны 10 дугаар сараас эхэлсэн билээ. Энэхүү хэлэлцээр ямар шатанд яваа талаар “Хоёр талаас тавигдсан нийт 30 асуудлаас 21 асуудлыг шийдвэрлэсэн буюу нэгдсэн ойлголцолд хүрч хаасан. Үлдсэн есөн асуудалд яриа хэлэлцээр үргэлжилж байна. Эдгээр асуудалд өндөр ач холбогдол бүхий нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудал болон цаг хугацааны хувьд төслийн явцад урт хугацаанд шийдвэрлэгдэх асуудал мөн хамаарч байгаа болно” хэмээн “Эрдэнэс Оюутолгой” компаниас мэдээллээ.

 

Оюутолгой төслийн үйл ажиллагаанд 2013 оны 12 дугаар сарын нэгний байдлаар 2587 монгол ажилчин, 285 гадаадын мэргэжилтэн ажиллаж байгаа  аж. Ажил үйлчилгээ гүйцэтгэж буй гэрээлэгч компаниудын ажилтнуудыг оролцуулвал нийт 7743 ажилтан ажиллаж, 93,3 хувь нь буюу 7222 нь монгол ажилчид байна. Үүнээс гадна Оюутолгой төслийн хүрээнд экспортлох бүтээгдэхүүнийг тээвэрлэх авто замын ажил болох төслийн талбайгаас “Энержи Ресурс”-ын авто зам хүртэл 80 орчим км хатуу хучилттай авто замыг барьж дуусгажээ.

 

Мөн Монгол Улсын Засгийн газар болон "Оюутолгой" ХХК-ийн хооронд байгуулсан "Урьдчилгаа төлбөрийн гэрээ"-ний дагуу Хөрөнгө оруулалтын дараах мөнгөн урсгалын тайланд 2014 болон 2015 оны байдлаар татварын урьдчилгаа төлбөрийн ашиглалтад улирал бүр 15 сая ам.доллар буюу жилд 60 сая ам.доллар төсөвлөсөн байна.

 

Ирэх жил “Оюутолгой” ХХК Монгол улсын эдийн засагт ямар байр суурьтай байх, Оюутолгой болон Эрдэнэс үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөжийн харьцуулалтыг доорх слайдаас үзнэ үү.

 

С.Болд-Эрдэнэ