Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын коксжих нүүрсний импорт нэмэгджээ

Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч болох Хятад улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 9 хувиар өсч 6.6 сая тоннд хүрчээ. Өнгөрсөн аравдугаар сард тус улсын импорт  6.05 сая тонн, өмнөх есдүгээр сард 7.25 сая тоннд хүрч байсан юм. Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар тус улс нийтдээ 67.38 сая тонн коксжих нүүрс импортолсон үзүүлэлттэй байна. Монголын нүүрсний экспорт энэ жил төсөөлж байснаас хавьгүй доогуур байсан ч өнгөрсөн есдүгээр сараас эхлэн сэргэж эхэлсэн юм. Харин Австрали улс энэ жил Монголд алдаад байсан Хятадын тэргүүлэх нийлүүлэгчийн байр сууриа эргүүлэн олж аваад байна.

Хятадын коксжих нүүрсний импорт ийнхүү нэмэгдэж байгаа нь нийлүүлэгч улсуудын талд ашигтай ч, Азийн улс орнуудын баяр болох Цагаан сар дөхөхийн хэрээр түүхий эдээ баярын өмнө урьдчилан татаж авч буй нь үүнд нөлөөлж буй талтай. Нөгөөтэйгүүр коксжих нүүрсний үнэ сүүлийн саруудад нэлээд доошилсон үзүүлэлттэй байгаа юм. Энэ сарын байдлаар коксжих нүүрсний үнэ тонн тутам нь 120-136 ам.доллар болтлоо буурчээ. Харин Монголын нүүрсний хилийн боомт дээрх үнэ 65-90 ам.доллар/тонн байна. Хятадын гангийн үйлдвэрүүд ч ашигтай ажиллаж чадахгүй байгаа бөгөөд үнэ хямд үед түүхий эдээ арвин базаах нь тэдний хувьд ашигтай сонголт болж байгаа юм.



Б.Төгс