БНХАУ-ын зүүн эргийн Дандун боомтын хүчин чадлыг 300 мянган тоннд хүргэж, төмрийн хүдэр тээвэрлэх зогсоол шинээр барихаар төлөвлөж байна. Тус боомтод 2015 он гэхэд гүний усны 60 зогсоол шинээр нэмж барих бөгөөд ачаа тээврийн жилийн эргэлтийг 400 мянган тоннд хүргэх гэнэ.
2012 оны байдлаар Дандун боомтын ачаа тээврийн жилийн эргэлт 96,06 сая тонн байсан бол энэ онд 120 сая тоннд хүрсэн байна. “Дандун боомт” корпорацийн дэд Ерөнхийлөгч Чан Хунцяны мэдэгдэж буйгаар Хятадын зүүн эргийн 14 хотын нүүрс, төмрийн хүдэр, гангийн эрэлт хэрэгцээ 2-3 жилийн хугацаанд тус боомтын ачаа эргэлтийг 100 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой хэмээжээ.
Мөн Хятадын зүүн хэсэгт Сюйвэй хэмээх боомт байгуулах томоохон төсөл эхлээд байна. Энэ нь ОХУ-ын нутгаар дамжин Европ-Ази болон Төв Азийн орнуудыг холбох тээврийн шинэ хоолой юм. Нийт 18,4 тэрбум юань буюу 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулагдах энэхүү боомт нь 2020 он гэхэд 200 сая гаруй тонн ачаа тээвэрлэх боломжтой болох аж. Боомтоор газрын тос болон уул уурхайн бүтээгдэхүүнүүд тээвэрлэгдэх юм байна.
Боомтыг барих ажил БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн стратегийн концепцийн хүрээнд хийгдэж байгаа юм. Энэхүү концепцийн дагуу Сюйвей боомт нь Хятадын Сиань, Урумчи хотуудыг дайран Казахстаны Достыка хот, цаашлаад ОХУ, Беларуссийн газар нутгаар дайран Европ тивд хүрэх тив дамнасан тээврийн хоолойн эхлэх цэг нь байх ажээ.
Э.Од