Дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт бичигдэж буй Хятад улс одоогоос 15 жилийн дараа тэргүүлэгч орон АНУ-ын байрыг эзэлнэ гэсэн тооцоог “CEBR” судалгааны байгууллага гаргажээ. Өнгөрсөн 2012 оны байдлаар Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 8.3 их наяд ам.долларт хүрч, 16 их наяд ам.долларын ДНБ-тэй АНУ-ын дараа бичигдэж эхэлсэн юм.
Хятадын тухайд энэ жил өсөлтийн хурдац нь саарсан гэж буй ч хувийн хэвшлийн чадамж нь багагүй нэмэгджээ. Тодруулбал энэ жил Хятадын уул уурхайн компаниудын гадаадын төслүүд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн 2012 оныхтой харьцуулахад 45 хувиар буурч, 4.91 тэрбум ам.долларт хүрсэн ч, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоос нэмэгджээ. Харин төрийн өмчийн компаниудын үзүүлэлт буурсан дүн гарчээ. Хөрөнгө оруулалтын төслүүд дунд зэс, нүүрс, алт, төмрийн хүдрийн ордууд багтсан тухай Хятадын уул уурхайн холбоо мэдээлсэн байна.
Өнгөрч буй 2013 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац буурч 7.6 хувьд хүрэхээр байгаа ч цаашид тус улсын эрдэс түүхий эдийн эрэлт үлэмж хэмжээгээр өссөөр байх тооцоог судалгааны байгууллагууд гаргаад буй юм. Шинжээчид ч энэ том улсын өсөлт 7 хувь байна гэдэг хангалттай өсөлт юм гэсэн өнцгөөс тайлбарлах нь бий. Дэлхийн төмрийн хүдрийн худалдааны эрэлтийн 70 орчим хувийг дангаараа эзэлж буй тус улсын гангийн үйлдвэрүүд энэ онд төдийлөн ашигтай ажиллаж чадаагүй ч, үйлдвэрлэлийн хүчин чадал нь 2015 он гэхэд 2010 оны үзүүлэлтээс 155 сая тонноор нэмэгдэх тооцоог CRU гаргажээ.
Өнгөрсөн даваа гаригийн байдлаар төмрийн хүдрийн гэрээт үнэ Хятадын зах зээлд нэлээд доошилж тонн тутам нь 885 юань болоод байсан ч, тус улсын Төв банк 29 тэрбум юань буюу 4.78 тэрбум долларыг өнгөрсөн мягмар гаригт зах зээлд нийлүүлснээр уг түүхий эдийн үнэ ялимгүй өсч 903 юань/тонн болоход нөлөөлжээ.
Энэхүү мөнгөний нийлүүлэлтийн дараа Лондоны металын бирж
дээр зэс, цайрын үнэ ч ялимгүй өсчээ.
Б.Төгс