Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ Лондоны биржид 7400 долларт дөхөв

Энэ сарын дунд үе гэхэд Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 7310 ам.долларт хүрээгүй байсан билээ. Харин он дуусахын алдад буюу өнгөрсөн баасан гаригт зэсийн гурван сарын гэрээт үнэ сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд буюу 7391 ам.долларт хүрээд байна. Мөн Нью-Йоркийн COMEX бирж дээр нэг тонн зэсийн үнэ 7600 ам.доллар давжээ. Энэ нь тус биржийн хувьд сүүлийн найман сарын хугацаан дахь хамгийн өндөр үнэ юм.

Ийнхүү үнэ өссөн нь АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт сайжирч эхэлсэнтэй холбоотой юм байна. Тодруулбал, АНУ-ын Хөдөлмөрийн яамны гаргасан тооцоогоор энэ сарын сүүлийн долоо хоногийн байдлаар тус улсын ажилгүйдлийн хэмжээ 42 мянгаар багасч, 338 мянгад хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойшхи хугацаан дахь хамгийн их бууралт ажээ. Мөн Японы хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал сайжирч, тэр дундаа аж үйлдвэрийн салбар дахь ажил эрхлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар дээшилсэн статистик мэдээ гарчээ. Үүнээс гадна дэлхийн зэсийн эрэлтийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг Хятад улсын эдийн засгийн өсөлт 7.6 хувьтай гарч, тооцоолсноос өндөр байхаар байгааг тус улсын Засгийн газар мэдээлсэн нь ч хүрэн металын үнэ өсөхөд нөлөөлжээ.

Зарим судлаачийн тэмдэглэж буйгаар барилга угсралт, аж үйлдвэрийн салбарт өргөн хэрэглээ бүхий эрдэс түүхий эдийн үнэ цаашид өснө гэж харж байна. Энэ дунд мэдээж зэс орох нь тодорхой юм.

Өнөөдрийн байдлаар зэсийн үнэ биржүүд дээр ялимгүй буугаад байгаа ч цаашид гол гол эдийн засгууд сайн үзүүлэлттэй гарвал хүрэн метал зах зээлд илүү сайн “тоглоно” гэдэгт хөрөнгө оруулагч, шинжээч нар итгэлтэй байна.

 

Б.Төгс