Даваа гаригийн өглөө халуун орны хар салхи Баруун Австралийг дайран гарсан байна. Баруун Австралийн Цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр Кристин хэмээх гуравдугаар зэргийн 200 км цагийн хурдтай хар салхи Port Hedland болон Өмнөд Hedland хотыг дайран өнгөрсөн байна. Баруун Австрали нь дэлхийн төмрийн хүдрийн хамгийн том экспортлогч бүс бөгөөд уг хоёр хот нь төмрийн хүдрийн хамгийн их нөөцтэй Пилбарагийн бүсэд байрладаг байна.
Австралийн хамгийн том экспортлогч BHP Billiton, Rio Tinto болон Fortescue Metals Group далайн тээвэрлэлт болон төмөр замын үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа аж.
BHP боомт, төмөр замын дэд бүтцийг хамгаалах бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна.
Энэхүү хар шуурга өчигдөр шөнө дунд Karratha хот болон Пилбарагийн хооронд буюу хүн бага суурьшсан эргийн хэсгийг дайран өнгөрсөн байна.
Баруун Австралид тохиож буй энэхүү үзэгдэл нь тус бүс нутгийнхны хувьд төдийлөн цочирдом зүйл биш юм. Тус улсын Цаг уурын хүрээлэнгийн мэдээлж буйгаар ийм хар салхи жилдээ хоёр удаа Баруун Австралийг дайрдаг байна. Үүнд ч төмрийн хүдрийн компаниуд бэлтгэлтэй байдаг ажээ.
С.Болд-Эрдэнэ