Хятадын Төрийн зөвлөлд тус улсын нүүрсний нөөцийн татварын тогтолцоог шинэчлэх ажлын төлөвлөгөөг аль хэдийнэ өргөн барьжээ. Шинэ төлөвлөгөө өнөөдрөөс буюу 2014 он гармагц хэрэгжиж эхэлж магадгүй байгааг олон улсын хэвлэлүүд онцлоод байна. Хятадад одоогийн мөрдөж буй тогтолцоогоор тус улс олборлосон нүүрсний тонн тутамд 2-8 юанийн татвар ногдуулдаг. Харин шинэ тогтолцоогоор олборлосон бус борлуулсан бүтээгдэхүүний тонн тутамд худалдааны үнийн 2-10 хувьд нь татвар ногдуулахаар болж байна.
Шиамэн их сургуулийн Эрчим хүчний эдийн засгийн судалгааны төвийн захирал Лин Боцианы мэдээлж буйгаар Хятадын одоогийн эдийн засгийн нөхцөлд татварын хувь хэмжээ 3-5 хувь байвал зохилтой ажээ. Мөн энэ цаг үе нь татварын тогтолцооны шинэчлэл хийхэд тун тохиромжтой мөч бөгөөд учир нь нүүрсний үнэ харьцангуй доогуур байгаа тул улсын эдийн засгийн засагт үзүүлэх нөлөөлөл харьцангуй бага байх тухай тэрбээр ярьжээ.
Хятад улсад эрчим хүчний нүүрсний нөөцийн татварын шинэ тогтолцоо үйлчилж эхэлснээр урт хугацаандаа нүүрсний үнийг өсгөхөөр байна. Улмаар энэ нь цахилгаан станцуудыг нүүрснээс илүү үр ашигтайгаар эрчим хүч гаргах технологийг эрэлхийлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад түлхэц болно гэж тэрбээр ярьжээ.
Харин богино хугацаандаа бол тус улсад дотоодын нүүрсний нийлүүлэлт арвин байгаагийн зэрэгцээ цахилгаан станцуудын нөөц хангалттай байгаа тул үнэ өсөх магадлал бага байгааг Хятадын үндэсний нүүрсний холбоо мэдээлжээ.
Манай улсын хувьд Хятад руу зөвхөн
ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагддаг коксжих болон хагас коксжих нүүрс
экспортолдог. Гэвч цаашдаа зах зээлийн нөхцөл байдал, дэд бүтцийн боломжоос
шалтгаалан эрчим хүчний нүүрс экспортолж магадгүй байгаа юм.
Б.Төгс