Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг Хятад улсын аж үйлдвэрийн эрчмийн үзүүлэлт буюу PMIndex өнгөрсөн арванхоёрдугаар сард бууралттай гарчээ. Тодруулбал өнгөрсөн сард уг үзүүлэлт 51 гарсан нь сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн доогуур дүн юм. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард PMIndex 51.4 байжээ. Энэ тухай Хятадын үндэсний статистикийн газар болон Ложистик, худалдааны холбоо өчигдөр албан ёсоор мэдээлсэн байна. Уг мэдээлэл цацагдсаны дараа эрдсийн зах зээл болон хөрөнгийн биржүүдийн гол индексүүдэд төдийлөн их бууралт ажиглагдаагүй байна. Харин Хятадын Ерөнхийлөгч Си Жинпин эдийн засгийн илүү тогтвортой хэвийн өсөлтийг амлахын хэрээр тус улсын цаашдын өсөлт намдуу байх таамгийг шинжээчид онцолж буй юм.
Өнгөрсөн 2013 онд тус улсын эдийн засаг 7.6 хувийн өсөлттэй гарахаар байгаа нь сүүлийн 14 жилийн хугацаан дахь хамгийн бага өсөлт болохыг хэвлэлүүд онцолж байна. Бирж дээр бүртгэлтэй Хятадын компаниудын үнэлгээ ч багагүй хэмжээгээр буурсан нь өнгөрсөн 2013 онд Шанхайн хөрөнгийн биржийн Shanghai Composite индекс 7 хувиар буурснаас харж болно.
Гэхдээ Хятадын эдийн засгийн шинэчлэл илүү өргөн хүрээний өөрчлөлтийг хамрахаар байна. Үүнд иргэд, тэр дундаа тариачдын амьдралыг дээшлүүлэх, ганц хүүхэдтэй байх бодлогыг өөрчлөх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг бодлого багтаж буй ажээ.
Хэдийгээр энэ жил Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн 2013 оныхоос ялимгүй доогуур байхаар байгаа ч дэд бүтцийн хөгжлийг дэлгэрүүлэх, хөдөөг хөгжүүлэх томоохон зорилтын хүрээнд тус улсын үйлдвэрлэл болон түүхий эдийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэх нь тодорхой байгааг шинжээчид тэмдэглэж байна.
Б.Төгс